Ч.Чимэдбат: Харшлын эм уугаад хол замд автомашин жолоодох нь осол гарахад нөлөөлж байна

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбаттай ярилцлаа.
-Зуны улиралд автомашины осол их гарч байна. Он гарснаас хойш зам тээврийн осол хэд бүртгэгдэж, хэчнээн хүн амь насааараа хохирсон бэ?
-Хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 219 хүн зам тээврийн ослоор нас барлаа. Нийслэлд 50 , орон нутагт 130 хүн нас барсан байна. Үүнээс 39 нь бага насны хүүхэд гэсэн тоон мэдээлэл байгаа юм. Улсын хэмжээнд жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоор амь насаараа хохирдог. Энэ тоон үзүүлэлтүүд нь манай орны хувьд харьцангуй өндөр тоо юм.
-Цагдаагийн байгууллагаас олон аян, арга хэмжээг зохион байгуулсан. Үүний үр дүн хэр гарч байна вэ?
-Жилд 500 гаруй хүн зам тээврийн ослоор нас бардаг. Үүний 60 хувь нь амралт зугаалгын сарууд буюу 6-9 дүгээр саруудад тохиолдож байна. Зуны улиралд, баяр наадмын үеэр орон нутгийн замд амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх  зорилгоор “Яараад яах вэ дээ” аяныг зохион байгуулсан. Энэ жил дахин зохион байгуулж байна. Өнгөрсөн онд энэ арга хэмжээний үеэр хүний амь нас эрсэдсэн, гэмтсэн зам тээврийн ослын  хэрэг  45 гаруй хувиар буурсан.
Ч.Чимэдбат: Харшлын эм уугаад хол замд автомашин жолоодох нь осол гарахад нөлөөлж байна
-Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад осол аваарын тоо буурсан уу?
-Буурсан үзүүлэлттэй байна. Гэвч урин дулааны улирал дуусаагүй байгаа болохоор тодорхой судалгаа байхгүй. Автомашины осолд өртсөн хүүхдийн тоо өндөр байна. Өнгөрсөн жил 45 байсан бол одоогийн байдлаар 39 байгаа. Энэ үзүүлэлт тодорхой хэмжээнд буурсан ч хангалттай хэмжээнд биш байгаа юм. Гадаадад нэг иргэн тээврийн ослоор амиа алдахад нийтээрээ гашуудаж жагсаал хийж, тугаа бөхийлгөдөг. Гэтэл манай улсад авто осол хэтэрхий их гарч байгаа учраас хүмүүс ч цочирдохоо байсан. Байдаг л зүйл мэтээр ханддаг болсон байна.
-Зам тээврийн ослын голлох шалтгаан нөхцөл нь юу байна вэ?
-Ахуйн тээврийн осол сүүлийн үед ихэссэн. Хашаандаа өөрийнхөө хүүхдийг дайрсан тохиолдол хүртэл саяхан гарсан. Энэ төрлийн төрлийн осол нэг аймагт зургаа, долоо бүртгэгдсэн байна. Жишээ нь, өчигдөр л гэхэд Сонгинохайрхан дүүргийн Тахилтад эрэгтэй П хашаа руугаа орохдоо бага насны хүүхдээ дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Хашаа руу орохдоо замын хөдөлгөөнд оролцож байна гэж боддоггүй, замбараагүй шууд ордог үүнээс болж ийм осол гаргаж байна. Тиймээс жолооч нар ямар ч үед анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй.
Нэг тээврийн хэрэгсэл осолдоход дотор байсан 5-6 хүн газар дээрээ амь насаа алдах тохиолдол их бий. Нэг талаараа жолоочийн хөдөлмөр хамгаалалтын хэм алдагдаж, олон цагаар автомашин барьснаас болж осол гаргаж байна. Жолооч ядарсан үедээ автомашин жолоодож байгаа нь зам тээврийн осол аваарт өртөхөд хүргэдэг том шалтгааны нэг юм. Нойрыг бол хэн ч дийлэхгүй гэж хэлээд л байна. Үүнээс гадна харшлын улирал их нөлөөлж байна.  
-Яагаад?
-Манай улсад харшилтай иргэн маш их бий. Тэд эмийн нөлөөгөө сайн мэдэхгүй харшлын эм уугаад л автомашин жолоодож, хол замд явж байна. Харшлын эмийн найрлагад хүнийг тайвшруулж унтуулах үйлчилгээтэй бодис байдаг. Үүнийг иргэд сайн мэддэггүй.
Манай албанаас бүх л боломжтой хувилбарыг ашиглаж байгаа. Арга барахдаа буулгаад заримдаа гимнастик хийлгэж байна. Холын замд кофе, цайгаар дайлж ,олны танил эрхмүүдийг гудамжинд байлгаж зураг даруулж  байна. Энэ бүхнийг иргэд мэддэг хэрнээ зөрчөөд байгаад л асуудал байгаа юм.
-Зам тээврийн осол нь жолооч гэлтгүй авто замын эвдрэлтэй холбоотой байх?
-Авто замын эвдрэлээс болсон осол маш цөөн байдаг. Өнгөрсөн онд л гэхэд замын эвдрэлээс шалтгаалсан осол нийт ослын 0.1 хувийг эзэлсэн. Замын эвдрэл үүссэн үед тээврийн хэрэгслийн хурд багасна. Хурд багасахаар зам тээврийн осолд бага өртөнө. Тээврийн хэрэгслийн ихэнх нь 15-20 жил ашигласан, жолооч нь автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүй зорчиж байдаг. Нэг үгээр хэлбэл, гадаадын улс оронд ашиглах боломжгүй, хөдөлгөөнд оролцохыг хориглосон автомашинуудыг манайд сая шинээр орж ирсэн машин гэж их худалдаалдаг. Дарханы зам дээр гарсан осол өмнөх үеэ бодвол 20 гаруй хувиар буурсан байгаа.
-Орон нутагт мотоциклийн осол их гарч байгааг мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас ослыг бууруулахаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Орон нутагт он гарсаар 66 хүн мотоцикльтой явж байгаад амь насаа алдсан тоон мэдээлэл байна. Мотоциклийн ослын ихэнх шалтгаан нь согтуугаар жолоодох, хамгаалалтын хэрэгсэл зүүгээгүй гэсэн дийлэнх зөрчил бүртгэгддэг. Мотоцикль худалдаалдаг газруудад мэргэжлийн бус хүн угсарсан, бүрэн бүтэн бус мотоцикль худалдаалдаг гэх мэт шалтгаанаас болж осол гарч байна. Манай улсад мотоциклийн стандарт одоогийн байдлаар байдаггүй. Стандарттай болох талаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан