Ж.Чинбүрэн: Хуурамч эмийг хянадаг эмийн агентлагтай болох зайлшгүй шаардлагатай

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

- Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлтүүд орж байгаа талаар ярилцлагаа эхэлье. Үүнтэй холбогдон Ардын эрүүл мэндийг дэмжих лобби бүлэг байгуулагдсан болов уу?
-Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх зорилгоор дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Манай эрүүл мэндийн даатгалын тогтолцооны сул тал нь байгууллага дагадаг санхүүжилт явдаг байсан. Тэгвэл одоо эсрэгээрээ хүнээ дагасан санхүүжилт хийх гэж байна. Энэ бол том дэвшил. Нэг ёсондоо иргэн өөрөө эмнэлгээ сонгон үзүүлээд эмчлүүллээ гэхэд тэр эмнэлгийн байгууллагад даатгалаас санхүүжилтийг нь өгнө гэсэн үг. Үүнийг иргэнээ дагасан санхүүжилт гэж байгаа юм. Сүрьеэ, хүүхдийн тусламж, яаралтай тусламж, хавдар зэрэг төрөөс санхүүжилтийг даадаг тусламжууд байдаг. Ийм тусламж үзүүлдэг байгууллагууд руу нь татаас хэлбэрээр төсөвт тусгачихаад бусад газруудад өгдөггүй учраас өөр газар тусламж үйлчилгээ авч чаддаггүй. Зөвхөн татаас авсан эмнэлгүүд үйлчлэх ёстойгоос нэг газар ачаалал их үүсдэг. Жишээ нь, гараа зүсүүлсэн хүн заавал гэмтлийн эмнэлэгт очих шаардлагагүй. Баянзүрх дүүргийн эмнэлэгт оёдол тавиуллаа гэхэд яаралтай тусламж үзүүлсэн энэ эмнэлэгт даатгалын байгууллагаас санхүүжилтийг нь өгнө. Хүүхэд ч мөн адил. ЭХЭМҮТ-т очилгүй даатгалын байгууллагатай магадлан итгэмжлэгдсэн хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлээд эмчлүүллээ гэхэд тэр байгууллагад мөн эмчилгээний мөнгийг нь өгнө. Хуучин татаас маягаар төсөвт тусгачихсан байдаг учраас байгууллага дагасан санхүүжилт болчихдог байсан. Энэ одоо байхгүй болж байна. Эрүүл мэндийн даатгалаараа хэн бүхэн аль ч эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг авах эрхтэй болж байгаа. Тусламж үйлчилгээг улс, хувийн эмнэлэг гэж ялгалгүй даатгалын сангаас ижил үнэ тарифаар санхүүжүүлнэ. Ингэснээр улсын эмнэлгүүдийн ачаалал, дараалал, хүлээгдэл буурах боломжтой.
-Хөнгөлөлттэй үнээр эм худалдан авах нөхцөл байдал хялбар болсон уу. Сар бүрийн эхний өдөр хөнгөлөлттэй эмэнд хамрагдах гэж нэлээд урт дараалал үүсдэг. Үүнээс гадна хөнгөлөлттэй эмийн төсөв дуусчихдаг зэргээс шалтгаалж олон хүмүүс хөнгөлөлттэй эмэнд хамрагдаж чаддаггүй шүү дээ. Энэ тухайд?
-Хөнгөлөлттэй эм олгох ажлыг хөнгөлөх хоёр том арга хэмжээ авна. Архаг хууч өвчтэй, байнга даралт нь ихэсдэг, сахартай хүмүүс тогтмол эм уудаг. Эдгээр хүмүүс эмчид үзүүлэх бүртээ хөнгөлөлт эдлэх боломжтой.
Мөн хөнгөлөлттэй эмээ авахын тулд заавал өрх, сумын эмчээрээ эмийн жороо бичүүлээд даатгалын байгууллагаас итгэмжлэгдсэн эмийн санд оочерлож эмээ авдаг байсан. Дахин даатгалын байгууллагаас сонгогдсон аптек дээрээ очоод дахиад оочерлодог. Эмийн сан гурван сая төгрөг дотор л хөнгөлөлттэй эм зарах нөхцөлтэй, даатгалын байгууллага эмийн санд хязгаар тогтоочихсон байсан. Одоо хоёр, гуравдугаар шатлалын эмч эм бичээд өгсөн л бол тэр хүчинтэйд тооцогдоно. Заавал өрх, сумын эмчээр давхар бичүүлэх шаардлагагүй. Дурын эмийн сангаасаа, сар бүрийн эхэн гэлтгүй хэзээ ч хөнгөлөлттэй эмээ авч болно. Аптект төсвийн тааз байхгүй. Эмийн сангуудад төсөв хуваарилахгүй. 1000 хүнд ч хөнгөлөлттэй эм худалдаж болно. Тэр мөнгийг даатгалаас өгнө гэсэн үг. Энэ хуулийн хэрэгжилт энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. НӨАТ-ын баримт бичдэг бүх аптек үүнд хамрагдана. Сайн менежмэнт хийдэг эмийн сан хэдийг ч зарж болохоор байгаа юм. Ингэснээр хөнгөлөлттэй эмийг оочер дараалалгүй, хүртээмжтэй хүртэх боломж нээгдэж байна.
-Бүх рашаан сувиллын хөнгөлөлтийг хасч байгаа юм уу?
-Хүмүүс амрах гэж очдог сувиллын үйлчилгээг хасч байгаа юм. рашаан сувилал эмчилгээний газрыг хасаагүй. Байгалийн чанар, нөөц, эмчилгээний бодит үр дүнтэй гэдэг нь батлагдаж тогтоогдсон бол даатгал үйлчилдэг хэвээрээ үлдэнэ. Жишээ нь, Шаргалжуут, Аварга тосон, Бигэрийн халуун элс зэрэг рашаан сувилалд даатгалаараа үйлчлүүлнэ. Харин сувилал нэртэй боловч амралт зугаалгаар үйлчилдэг газруудад даатгал үйлчлэхгүй. Нийгмийн халамжийн сангаас итгэмжлэгдсэн амралтын газрууддаа санхүүжилт өгдөг шүү дээ. Сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг газруудыг хасаагүй гэдгийг дахин хэлье.
Түүнчлэн тусламж үйлчилгээний өртгийг босгож өгсөн. Өндөр өртөгт гэж өмнө нь яригддаг байсан даа. Улсын эмнэлэгт хүн ходоодоо тайрууллаа гэж бодъё. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төв дээр хагалгаа хийлгээд даатгалаас ор хоног гэж тусдаа, мөн хагалгаа хийлгэж байгаа учраас нэг удаа ашигладаг үнэтэй багаж хэрэглэдэг. Түүнийг нь мөн даатгалаас гаргадаг. Хоёр тусдаа санхүүжилт өгөөд иргэн эмчилгээ хийлгэдэг байсан. Одоо бүгдийг нь нэгтгээд нэг үнэ гаргасан. Ходоод тайрахад есөн сая төгрөг. Хавдар судлалын үндэсний төв дээр ч, хувийн эмнэлэг дээр ч ходоод тайрвал есөн сая төгрөгийг даатгалаас олгоно. Хуучин Улсын эмнэлгүүд өндөр өртөгт гэдэгтэй холбоотой тендер зарлаад хэдэн багаж зардаг, хэдэн компаниуд хоорондоо маргалдаад багажаа авч чаддаггүй байлаа. Заримдаа бүр хэрүүл маргаан нь жилийн турш үргэлжилж худалдан авалтаа хийж чаддаггүй байсан. Одоо нэг өртгөөр эмчилдэг болж байна. Чанартай сайн эмчтэй газрууд хагалгаагаа хийгээд төсөв мөнгөө авна. Өндөр өртөгтийн өртөг нэг дороо орчихож байгаа юм.
-Хил гаалиар орж ирж байгаа эмийн үнийн зохицуулалт зах замбараагүй болсон талаар чуулганы хуралдаан дээр яригдсан. Энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт хийгдэх үү?
-Гаалиар оруулж ирсэн эмийн үнэ иргэнд хүрэхдээ 68 хувиар нэмэгддэг. Жишээ нь, 10 мянган төгрөгийн өртөгтэй эм гаалиар бүртгэгдэж орж ирээд 16800 төгрөг болж иргэнд очиж байгаа юм. Энэ бүгдийг зохицуулахаар 2021 онд эмийн агентлаг байгуулахаар хуульд тусгагдлаа. Ингэснээр үнийн бодлого, чанарт нөлөөлнө. Манай улсад жилийн аспириний хэрэглээ нэг сая гэж бодоход үүнийг оруулж ирэхийн тулд эмийн бөөний худалдаа хийдэг компаниуд энд тэндээс баахан олон янзын аспирин авчирдаг. Энэ нь үнийн хөөрөгдлийг бий болгодог. Манай улс жижигхэн зах зээлтэй. Эмийн чанартай бүтээгдэхүүн зардаг компаниуд цөөхөн тоогоор зарахдаа мэдээж үнэтэй зарна. Ихээр нь худалдан авалт хийхэд хямд зарна. Тиймээс чанартай сайн эмийг бага үнээр авах бодлогыг эмийн агентлаг хийнэ. Нэг сая аспиринийг өндөр чанартай хийдэг компаниас бага үнээр Монголд авах үнийн хэлэлцээр хийнэ гэсэн үг.
-Манай улсад гурван эм тутмын нэг нь хуурамч эм орж ирдэг гэдгийг ээлжит бус чуулганаар гишүүд хөндөж байсан. Үндэсний аюулгүй байдлын хүрээнд яригдахаар болсныг энэ тоон мэдээ харуулж байна. Хуурамч эмийг зах зээлээс яаралтай шахах шаардлагатай болжээ?
-Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал гэдэгтэй санал нэг байна. Гурван эм тутмын нэг нь хуурамч гэдгийг хувьчилж үзвэл 33 хувь байна гэсэн үг. Монголын эмийн зах зээл дээр зарагдаж байгаа эмийн 16 хувь нь бүртгэлгүй, нууцаар оруулж ирж зарж байгаа юм. Үлдсэн 10 гаруй хувь нь чанарын шаардлага хангаагүй. Манай хоёр хөршид хуурамч эмийн маш том зах зээл байдаг. Эм доторх найрлага, тун нь хангалттай хүрээгүй эмийг хямдаар оруулж ирж зарж байгаа юм. Эмнэлгийн агентлаг байгуулагдсанаар хуурамч эмийг зах зээлээс шахагдан гаргах нөхцөл бий болно. Монголчууд гадаадад зарж байгаа эмийг уухаар толгойны өвчин намддаг, харин Монголд зарж байгаа эм намдаахгүй байна гэдэг. Хуурамч эмийг онцгой анхаарсан эмийн тусдаа агентлагтай болж хянахгүй бол эмийн бодлого алдагдах нь ээ.
Мөн нэг талдаа эмийн зах зээл ашиг сонирхлын зөрчилтэй. Эмийн монополь нөлөөлөл байдаг. Тиймээс энэ нөлөөллөөс хамаарахгүй бүтэц бий болгох гэж байна. Ингэж байж эмийн асуудлаа шийднэ. Маш их мөнгө эргэлддэг зах зээлд зохицуулалт хийхгүй бол болохгүй гэдгийг харуулж байгаа юм.
-Эмч сувилагчдын цалин нэмэгдэхээр болж байгаа юм билээ. Цалингийн тааз тогтоосон уу?
-Эрүүл мэндийн даат-галын шинэчлэлээр эмч сувилагчдын цалингийн хязгаарыг байхгүй болгож байна. Жишээ авч үзэхэд дээд хязгаар нь төсвийн хуулиараа 850 мянган төгрөг. Түүнээс дээш өгье гэхээр төсөв дэх фонд нь хүрдэггүй. Одоо доод хязгаарыг нь тогтоож өгнө. Эмнэлгүүд хамгийн их орлого олж байгаа эмчдээ илүү цалин өгөх боломж бүрдэж байгаа юм. Тиймээс төсвийн хуулиасаа эмнэлгийн ажилчдын цалинг хассан. Хавдар судлалын үндэсний төвд 600 ходоод тайрдаг. Нэг удаагийн мэс засал есөн сая төгрөг гэхэд 5.4 тэрбум төгрөг зөвхөн нэг хагалгаанаас олж байгаа юм. Нийт төсөв нь 32 тэрбум төгрөг. Нэг хагалгаагаар үүний 1/6 хувийг олж байна. Үүнээс гадна маш олон хагалгаа байгаа шүү дээ. Тиймээс мэс ажилбарт оролцож байгаа ажилчдын цалин буурна гэж харагдахгүй байгаа. Нэмэгдэх л боломжтой. Яг хэрэгцээтэй эмч ажилчдадаа илүү цалин өгөх боломж бүрдэж байгаагаараа давуу талтай. Харин ажил хийдэггүй, шахаасаар ажилладаг хүмүүс халагдах магадлал үүсч байна.
-Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд түлхүү анхаарч ажиллах юм байна гэж ойлгосон. Энэ чиглэл рүү төсөв нэлээд чиглэгдэж таарах байх?
-Даатгалын сан гэдэг эрсдэлийн сан. Нэг ёсондоо хэн нэгэн өвдөхөд эрсдэлийг хааж санхүүгийн дарамтад оруулахгүйгээр өвчнийг эмчилж байгаа юм. Өвдөж байгаа иргэдийг эрт үед нь оношлуулбал даатгалын сан бага мөнгө зарцуулна. Харин хүнд өвдчихсөн үед нь асар их мөнгө зарцуулна. Даатгалын байгууллагын гол зорилго иргэдээ аль болох эрт үед нь оношлоод хямд зардлаар эмчлээд явах нь эрсдэлийн сандаа ашигтай. Тиймээс даатгалын сан урьдчилан сэргийлэх үйлчилгээг санхүүжүүлэх гэж байгаа юм. Манай улсад элбэг тохиолддог өвчлөлүүдийг эрт илрүүлэх шаардлагатай. Хавдрыг эрт илрүүлснээр өртөг бага, иргэнд аюулгүй, хөдөлмөрийн чадвараа алдахгүй зэрэг давуу талтай. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрт илрүүлэх үндэсний том хөтөлбөр хэрэгжүүлнэ. Даатгал эрт илрүүлэх чиглэл рүү санхүүжилтээ хийж иргэдээ дуудаж үзэх тогтолцоотой болох гэж байна.
-Хавдар судлалын үндэсний төвийн төсөв хаанаа ч хүрдэггүй. Хавдарт зориулсан төсөв хөрөнгө нэмэгдсэн үү?
-Монгол Улсыг хөгжүүлэх таван чиглэлийн үндсэн чиглэл гэдэгт шалгуур үзүүлэлт дотор нийт хорт хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 70 хувь нь хожуу оношлогддог. Тэгвэл бид энэ таван жилийн хугацаанд 70 хувийг нь эрт оношилдог болох зорилт тавьж байна. Энэ бол маш том зорилт. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд жил бүр давхардсан тоогоор нэг сая 300 иргэнээ эрт үзүүлэх оношилгоонд хамруулна. Энэ тогтолцоог хийх ажил эхлээд явж байгаа. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгт орж байгаа томоохон үзүүлэлт. Одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг буцаан сэргээж орон нутаг даяар аймаг дүүргүүдэд эрт илрүүлэх төвүүд байгуулж, тэр төвүүд нь эрүүл хүмүүсийг дуудаж үздэг тогтолцоо бүрдүүлэх гэж байна. Үүнийг хийж чадах юм бол аливаа өвчний 70 хувь нь эрт оношлогддог болно. Эргэн дуудах тогтолцоо гэж нэрлээд байгаа. Нэг дуудахад ирэхгүй бол улирал өнгөрөөд дахиад дуудна. Тухайн иргэн бүрт захиа очно, утсаар ярина. Ирж үзүүлээгүй бол хариуцлагын тогтолцоо гэх зүйл ярина. Үнэгүй үзэх гээд байхад ирэхгүй бол хариуцлага тооцно гэсэн үг. Хавдрын эмчилгээний хамгийн их төсөв "ууж" байгаа зүйл нь хими эмчилгээ болон хавдрын байн эмчилгээ. Хавдрын эмчилгээнд нэг тэрбум төгрөгийн төсөв нэмж байгаа. Цар тахлаас шалтгаалсан эдийн засаг хүнд байгаа учраас байгаа боломжоо ашиглаад нэг тэрбумаар нэмж байна. Ер нь ойрын хугацаанд дөрвөн тэрбум төгрөг эмийн төсөв дээр нэмчихэд хавдрын бай болон хими эмчилгээ нэлээд урагшаа явчихна. Дээрээс нь хавдрын байр сав хүрэлцдэггүй. Тэгвэл шинэ ХӨСҮТ-ийн салбар байгуулахаар ирэх онд зураг төсөв хийх мөнгө нь тусгагдсан.
-Хавдрын эмнэлгийн хүртээмж гэснээс УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн эзэмшлийн эмнэлгийн байрыг ХӨСҮТ түрээслэх ажил хууль шүүхийн шатанд өнөөдөр яригдах боллоо. Гэрээ хийгдэж урьдчилгаа төлбөр таны дүүгийн компанид олгогдсон гэж байсан. Үүнд тайлбар өгөх үү?
-Нэгдүгээрт, энэ гэрээ хийгдээгүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Энэрмед эмнэлэгтэй холбоотой асуудлаар Арбитрийн шүүхэд маргаан явж байгаа. Энэ маргаан шийдэгдсэний дараа дэлгэрэнгүй тайлбар өгье. Энэ асуудал хууль журмаараа шийдэгдэх байх.
Dorgio.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан