Эрүүл мэндийн яам, Сангийн яам хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журмыг танилцуулах уулзалт”-ыг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уг уулзалтад Монгол улсын нийт 219 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөл оролцлоо.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байж орлогыг нь нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж байна. Энэ ажил зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хязгаарлагдахгүй 2020 онд Сангийн яам, Эрүүл мэндийн яамны хамтран хэрэгжүүлэх нэг томоохон ажил гэвэл хувийн хэвшлийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, санхүүжилтыг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа.
Тухайлбал хэвтэн эмчлүүлэхэд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол өнөөдөр төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ялгаваргүйгээр ижил санхүүжилттэй боллоо. Өөрөөр хэлбэл хэвтэн эмчилгээний чиглэлд 400 мянган төгрөг болгож санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Ингэснээр ард иргэд маань төрийн өмчийн эмнэлэг рүү гүйгээд байхгүй хувийн өмчийн эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авах бол эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг гаргах юм. Ингэснээр иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хүртэх боломж бүрдэж байна гэсэн үг" гэдгийг онцоллоо.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” буюу хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломж бий болгохыг улс орнуудын засгийн газарт уриалсан.
Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, хүн амд тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авлаа.
Нэг. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт өслөө.
Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдэж, 2017 онд 694,7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 964,6 тэрбум болж, 38 хувиар өссөн байна.
Хоёр. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 2 дахин нэмэгдлээ.
Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт , нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15,000 төгрөг байсныг 2020 онд 30,000 төгрөг болгон нэмэгдүүллээ. Уг арга хэмжээнд нийт 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах болсноор өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75,8 хувиар нэмэгдсэн. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэнэ.
Уг санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох аргачлал, санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд хамтран 2019 оны сүүлээр баталсан нь улсын төсвөөс олгох санхүүжилтийг үр дүн, чанартай уялдуулах, өрх сумын эрүүл мэндийн төвүүдийн хийж буй ажлын үр дүнг бодитой шударга үнэлэх, урамшуулах тогтолцоог бий болгоход чиглэгдсэн байна.
Гурав. Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг боллоо.
Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг 2018 оноос өмнө улсын төсвөөс бүрэн хариуцдаг байсныг өөрчилж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарим тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг болсон.
Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлэн, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн. Тухайлбал: сэргээн засах тусламж, үйлчилгээ 20000 байсныг 45000, өдрийн эмчилгээ 30000 байсныг 70000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25000 байсныг 50000-70000 төгрөг болгож тус тус өсгөсөн.
Ийнхүү өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр анхан шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилнэ.