Н.Сувд: Эмийн зохисгүй хэрэглээ эмчилгээг үр дүнгүй болгодог

Улсын хэмжээнд “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх,  эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх” аян өрнөж байна. Энэ аяны хүрээнд УНТЭ-ийн Бөөрний төвийн их эмч Н.Сувд дараах зөвлөмжийг өглөө. 

-Жил бүр эмч мэргэжилтнүүд антибиотикийг зохистой хэрэглэхийг иргэд, олон нийтэд анхааруулж байна. Үр дүн нь ямар байна вэ?
-Эмийн зохисгүй хэрэглээ нь дэлхий дахинд томоохон асуудал болоод байна. Тиймээс “Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх,  эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх” аяныг манай эмнэлэг эхлүүлээд байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад антибиотикийн хэрэглээ бага зэрэг буурсан. Гэвч иргэд ханиад, томуу туссан үед дур мэдэн хэрэглэх их байна. 
- Антибиотикийн зохисгүй хэрэглээний хор уршиг нь ямар байдаг вэ?
-Антибиотикийн зохисгүй хэрэглээ нь эмчилгээг үр дүнгүй болгохын зэрэгцээ таны эрүүл мэндийг эрсдэлд оруулах аюултай . Эм гэдэг  аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмагаас антибиотикийг өөрийн дураар хэрэглэх улмаар эмийн гаж нөлөө илрэх, эмэнд хордох, дасал болох явдал элбэгшиж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгаа.  Тиймээс ч жил бүр аян өрнүүлдэг.
- Антибиотикийг иргэд дур мэдэн эмийн сангаас авч байна. Энэ үед тухайн эмийн санч олгохгүй байх ёстой. Гэвч яагаад хэрэгжихгүй байна вэ?
-Гадны улс оронд эмчийн жоргүй бол эмийн сангаас эм авч уух боломжгүй байдаг. Дээр нь антибиотик бол зөвхөн жороор олгодог. Тун хэтэрвэл  аюултай. Гэтэл зарим эмийн сан ашиг орлогоо бодоод жороор олгохгүй байгаа. Энэ асуудалд хяналт шалгалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэд ямар тунгаар уух эсэхийг нь ч мэдэхгүй шууд дур мэдэн хэрэглэж  байгаа нь эм биш хор болж байна  гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. 
-Зөвхөн антибиотик гэлтгүй эмийн гаж нөлөөний хор ямар аюултайг иргэдэд хамгийн энгийнээр хэлж өгөөч?
- Эм, антибиотикийг  зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого болох, харшилтай болох, дархлаа сулрах аюултай. Мөн мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай. Дур мэдэн эм ууснаас болоод дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон байна.
Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одоо ярьж эхэлж байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар эмчлэх ёстой. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг, эрүүл мэндэд хортой. Антибиотикт өрхийн орлогынхоо 20 хувийг зарцуулж байгаа судалгааны дүн бий. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар их хэмнэлт гаргах болно. 
ВИДЕО:
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл

Aapцны aч тyc

Aapцны aч тyc