Эмийн зохисгүй хэрэглээ ирээдүйд заналхийлж байна

Эмийн зохисгүй хэрэглээ нь дэлхий дахины томоохон асуудал болоод байгаа. Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмагаас антибиотикийг өөрийн дураар хэрэглэсний улмаас эмийн гаж нөлөө илрэх, эмэнд хордох, дасал болох явдал элбэгшиж эрүүл мэнд амь насаараа хохирсоор байгаа.  
Судалгаагаар манай улсад 1496 эмийн сан, 32 эмийн үйлдвэр, 160 эмийн бөөний төв байна гэж бүртгэгдсэн байна. 1994 оноос хойш 55 орны 485 гаруй үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 3600 гаруй төрлийн эм Улсын бүртгэлд бүртгэгдэж жилд дунджаар 591 төрлийн эм шинээр бүртгэгджээ.
Нийт эмийн 23 хувийг дотоодод үйлдвэрлэдэг, зайлшгүй шаардлагатай 200 төрлийн эмийн 60 гаруй төрлийг дотооддоо үйлдвэрлэдэг. ОХУ, Энэтхэг, БНХАУ, Герман зэрэг гаднын 40 гаруй орноос 800 төрлийн эмийг импортоор авч байна. Нийт импортолж буй эмийн 25 хувийг антибиотик, 15 хувийг тарилгын хэлбэртэй эмүүд эзэлж байна. 
 Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэх талаар мэдлэгтэй байх нь чухал. Эм нь зөвхөн жороор олгодог аюултай бүтээгдэхүүн аж. Бид антибиотикийг  зохисгүй хэрэглэснээр эмийн хордлого, харшил, дархлаа сулрах мөөгөнцөр, эмийн дасал, ургийн гажиг зэрэг бусад олон төрлийн өвчнөөс гадна ирээдүй хойч үеийг мөхөөх хүртэл сөрөг үр дагавартай. 
Сүүлийн жилүүдэд антибиотикийн хэрэглээ эмч, мэргэжилтнүүдийн санааг чилээх болсон. Энэ асуудлаар эмч нар дараах зүйлийг ярьж байна. “Дур мэдэн эм ууснаас болоод дараа нь ямар ч антибиотик уусан эмчлэгдэх боломжгүй болох аюул ойрхон байна. Сүүлийн үеийн судалгаагаар 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлт хийцгээж байна. Хүн төрөлхтөн ямар эмийг сонгож нянг эсэргүүцэх талаар одоо ярьж эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хамраас нус гоожингуут антибиотик хэрэглэх биш дархлааг нь сайжруулж, вирусийн эсрэг эм хэрэглэх ёстой. Хүчтэй антибиотикийг аль болох битгий хэрэглээч. Хэрэв хэрэглэвэл эмчийн заасан цагт, тохирсон тунгаар эмчлээч. Ингэхгүй бол эргээд таны эдийн засаг, эрүүл мэндэд хортой. Антибиотикт өрхийн орлогынхоо 20 хувийг зарцуулж байгаа судалгааны дүн бий. Эмийг зохистой хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн асар их хэмнэлт гаргах болно. Эмийн зохисгүй хэрэглээ ирээдүйг заналхийлж байна” гэв. 
Сүүлийн жилүүдэд Ашиг олох зорилгоор эмийг хэт дөвийлгөн сурталчилах, жороор олгодог эмийг жоргүйгээр олгох зэрэг нь эмийн зохисгүй хэрэглээг үүсгэж буй хүчин зүйл болсоор байгаа ба сурталчилгааны компанит ажил, рекламуудаас үүдэлтэй шинжлэх ухааны үндэслэлгүй буруу ойлголтууд газар авсаар байгаа аж. зарим газруудад  жороор олгодог эмүүд жоргүй олгогдсоор, үүнтэй уялдан өөрийгөө эмчлэх үзэгдэл хаа сайгүй дэлгэрсээр байна.
Манай иргэд толгой өвдөх,халуурах,гэдэс,шүд өвдөх зэрэгт эмчид хандалгүйгээр захын нэг эмийн сан орж антибиотик авч хэрэглэсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон  байгаа аж.
Иймээс хүн амын  дунд ихээхэн аюул учруулж буй эмийн тэр дундаа антибиотикийн хэрэглээг багасгах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. 
У.Сүрэн
Bataar.mn


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан