Хоолойны махны бүтэц тунгалгийн зангилаанууд байдаг байна. Тунгалгийн зангилаа болон тунгалгийн систем нь дархлааны систем юм. Хүний нийгмээр бол дотоодын цэрэг, цагдаа гэсэн үг. Тэгэхээр хоолойны махыг том дүүргийн цагдаагийн хэлтэс гэж ойлгож болно. Амьсгалын зам, хоол боловсруулах зам руу гаднаас агаартай болон хоолтой орж байгаа гаднын бүх хорт бодис эхний байдлаар шимэгдэж, түүгдсэн нь хоолойны махан дээр ирж байдаг. Тэгэхээр аль болохоор авахуулахгүй, эмийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй аж. Гэхдээ яах аргагүй авахуулах тохиолдол бий.
Хоолойны махны эмийн гол эмчилгээ нь пенициллин байдаг. Пенициллин бол Флеминг гэдэг докторын XX зуунд гаргасан хүн төрөлхтний хамгийн том нээлтийн нэг. Зөвхөн хоолойны мах ч биш, энэ антибиотикийг гаргатал хүмүүс нянгийн эсрэг, нян дийлж, устгаж чадах хүчтэй эмийг хэдэн мянган жилийн турш бодож олж чадаагүй. Пенициллин анх гарч ирэхэд гудамжид хүртэл рекламдаж байсан гэдэг. Үндсэн гол эмчилгээ болох пенициллин G-г 21 хоногт нэг удаа тарьдаг. Гайгүй эмийн эмчилгээ авч болохоор үед эхний 10 хоног нь ампициллин юм уу, пенициллин уугаад, араас нь яг дууссан өдрөөс нь тоолоод яг 21 хоног пенициллин G-г нэг удаа хийх ёстой. 12 хүртэлх насны хүүхдэд 1.2 саяар хийж болно. Харин 12-оос дээш насны хүүхдэд 2.4 саяар 1-2 жилийн турш хийгээд, давхар хүүхдээ чийрэгжүүлэх, хоолойг нь хүйтэн усаар зайлах, витаминжуулах, сайн амраах зэргийг хийхэд гайгүй болдог байна. Хагалгаа хийхээс өөр аргагүй болдог хэдхэн тохиолдол бий.
Нэгдүгээрт, хоолойны мах нь өөрийн үүргээ гүйцэтгэж чадахаа больсон, хөвсийгөөд идээ бээр цугладаг, өвчний үүр болчихсон, яаж ч эмчлээд эмчлэгдэхгүй үед мэс заслаар авдаг. Хоолойны мах хөвсгөр бүтэцтэй, нүх ихтэй байдаг тул тэр болгонд нь идээ хуримтлагддаг. Хэчнээн эмчлээд ч идээ байж байдаг, зүгээр боллоо гээд хоолойны махан дээр нь дарахад идээ гарч байдаг тохиолдолд өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болно гэсэн үг. Хоёрдугаарт. Бага насны хүүхдийн дунд ажиглагддаг чихний үрэвсэл хоолойны махнаас мөн болдог. Хэвийн үедээ маш жижигхэн үрэвсэлгүй байх ёстой хоолойны мах үрэвсээд ирэхээр хэвийн хэмжээнээсээ хэд дахин том болдог. Энэ үед зөөлөн тагнайн хоёр нугалааны хооронд нуугдаж байдаг юм гарч ирдэг. Халуурах, хоолой өвдөх, юм залгиж чадахгүй болох эргэн тойрны тунгалгийн булчирхайнууд томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Бага насны хүүхдүүдийн хувьд чихний үрэвсэл болж идээлж, хэнгэргэн хальс цоорч, сонсгол муудах нэг том шалтгааны нэг нь хоолойны махны томролт. Яагаад гэвэл гадар чих явж байгаад мембранаар битүү байгаад, дунд чих явдаг. Дунд чихний хөндий нь Евстахын гуурсаар дамжаад залгиурын хөндийтэй холбоотой байдаг. Хоолойны мах яг залгиурын хэсэг дээр томорчихоор энэ сүвийг бөглөдөг байна. Үүгээр илүүдэл салст, шингэнүүд нь гадагшлаад, агаарын даралт өөрчлөгдөж байх ёстой байтал таглаад битүү нүх болгочихдог. Битүү нүх болчихоор үрэвссэн хоолойны махнаас ч нүх рүүгээ ороод идээ үүсгэдэг. Энэ тохиолдолд хоолойны мах их өвдөхгүй, үрэвсэхгүй байсан ч дунд чихний үрэвсэл үүсгээд байдаг тул авахаас өөр аргагүй болдог. Хоолойны махыг авахуулсан тохиолдолд эргэж ургахгүй. Бүр угаар нь авдаг учраас бүр байхгүй болно гэсэн үг юм.