БРАЗИЛИА./Reuters/.Бразилд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо баасан гарагт Их Британийн ижил үзүүлэлтийг давжээ. Ингэснээр Бразил халдвараар нас барсан хүний тоогоор АНУ-ын араас хоёрдугаарт жагсаж эхэлжээ.
Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 909 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 41828 боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Мөн тухайн хугацаанд 25982 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан хүний нийт тоо 828810 болсон бөгөөд тэдний 365063 нь эдгэрсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга, доктор Майк Райан Бразилын нөхцөл байдалд санаа зовниж буйгаа мэдэгджээ. Түүний мэдээлснээр, Бразилын эрүүл мэндийн тогтолцоо өдийг хүртэл хүнд нөхцөл байдлыг даван туулсан боловч зарим хотод эрчимт эмчилгээний тасгийн орны 90 гаруй хувь нь дүүрчээ.
Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн уриалгын дагуу хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулж, бизнесийн үйл ажиллагааг сэргээж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногоос мягмар гаргаас халдвараар нас барсан хүний тоо өдөрт 1200 гаруйгаар нэмэгдсэнийг Эрүүл мэндийн яамны мэдээлэл харуулсан байна.
Хэт барууны үзлийг баримтлагч Ж.Болсонаругийн хувьд коронавирусний халдварыг “хөнгөн ханиадтай” зүйрлэж, өөрийнх нь нэр хүндийг унагахын тулд халдварын тохиолдол, нас барсан хүний тоог хэтрүүлэн мэдээлж байна гэж мужийн засаг захиргаадыг шүүмжилж байгаа ажээ.