Анивчдаг дэлгэц буюу “Альцгеймер”-ийг эмчлэх шинэ арга

Судлаач Ли Хуэй Цай анивчиж буй дэлгэцийн өмнө өдөр бүр бясалгал үйлдэнэ. Гэрэл анивчихтай зэрэгцэн огцом чанга дуу чимээ гарах бөгөөд энэ нь Испанийн фламенко бүжгийг бүжиж буй эмэгтэйн тоглодог кастаньет гэдэг хөгжмийн зэмсгээс ялгардаг авиатай төстэй боловч түүнээс хамаагүй илүү чанга юм. Дашрамд хэлэхэд, гэрэл ба авианы хэмнэл нь цэнгэн наадахад огтхон ч тохиромжгүй.
 
 
Анивчих гэрэл, огцом чанга чимээ хоёр хосолсноор тархин дахь гамма долгион синхрончлогдоно. Ли Хуэй Цай-гийн явуулж буй  энэ туршилт бол насжилттай холбоотойгоор үүсдэг тэнэгрэл өвчний хамгийн түгээмэл хэлбэрийг эмчлэх зарчмын хувьд цоо шинэ арга юм.
Өнөөдөр дэлхий дээр 50 сая орчим хүн тэнэгрэл /зөнөх/ өвчнөөр шаналж байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 3 дахин өсөх төлөвтэй байна. Мэдрэл судлалын /неврологи/ үүднээс тайлбарлаваас, тархинд хортой уураг буюу амилоид товруунууд хуримтлагдаж, нейронуудын дотор тау уургууд бий болох нь Альцгеймерийн өвчнийг үүсгэдэг гол шалтгаан юм.  Уг хоёр процесс нь нейронууд болон тэдгээрийн синапсуудын дотор эмх замбараагүй байдлыг үүсгэнэ. Синапсууд гэдэг нь хоёр нейрон хоорондоо “уулзаж ярилцах” боломжтой уулзвар газар юм. Тэгэхээр "Альцгеймер"-ийг эмчлэх талаар сүүлийн 30 жилийн туршид явуулсан судалгааны ажлуудын ихэнх нь товруунуудыг арилгаж чадах эмийг гарган авахад чиглэсэн нь ойлгомжтой.
Харин сүүлийн үед хийсэн цуврал судалгаануудын үр дүнг харвал, асуудлыг шийдэх гарц нь химийн үйлчлэл бус харин цахилгаан үйлчлэл байж магадгүй ажээ. Ингэхдээ бүх зүйл гамма хэмнэлээс шалтгаалах бөгөөд эдгээр хэмнэл нь хорт бодисууд тархинд нөлөөлж эхлэхээс өмнө тэдгээрийг гадагшлуулж, нэг ёсондоо тархин дотор цэвэрлэгээ хийдэг байна. 
 
Илааршуулах үйлчилгээтэй тархины долгионууд 
Гэнэт сэтгэл хөөрөх үедээ бид “толгойд харван орж ирэх” гэдэг үгийг байнга хэрэглэдэг. Нейрофизиологийн үүднээс тайлбарлаваас, биднийг гэнэт хөөрлийн байдалд оруулж байгаа тэр зүйл бол тархин дахь тусгай долгионууд бөгөөд энэ нь тодорхой давтамжтайгаар тархин дотор хэсэг бүлэг нейронуудын бий болгож буй цахилгаан идэвхжлийн хэмнэлт бүтэц юм. Үүнтэй адилаар радио болон телевизийн станцууд тодорхой давтамжийн долгионоор дохиогоо цацдаг бөгөөд тархины долгионы янз бүрийн давтамж нь мэдрэлийн тодорхой функциуд руу чиглэдэг байна.
 
 
 
Гамма долгионууд нь ойролцоогоор секундэд 30-100 удаа хэлбэлзэх ба ямар нэгэн зүйлд төвлөрөх, эсвэл ямар нэгэн зүйлийг эргэн санах гэж хичээх үедээ бид эдгээр долгионыг мэдэрдэг.
 
 
 
2000-аад оны эхээр хийж байсан маш сонирхолтой олон судалгааны дүнд, эрүүл хүмүүстэй харьцуулахад Альцгеймерийн өвчтөнүүдэд гамма долгион маш сул байснаас үүдэн “тархины хэмнэл алдагдах нь өвчин үүсэхэд нөлөөлдөг байж магадгүй” гэсэн дүгнэлтийг хийжээ. 
Гэхдээ энэ нь нейродегенераци буюу мэдрэл муудах эмгэгийн бас нэгэн үр дагавар уу эсвэл түүний шалтгаан уу гэдэг нь тодорхойгүй байв. Цай-гийн удирдсан эрдэмтдийн баг үүнийг учрыг олохоор шийджээ.  Таамаглал нь зөв эсэхийг батлахын тулд эрдэмтэд эхлээд оптогенетикийн аргыг  хэрэглэсэн бөгөөд лабораторийн хулганын гавлын ясан дотор маш жижиг гэрлийн эх үүсвэрийг оруулан, гамма долгионыг маш нарийвчлалтайгаар өдөөсний дараа тодорхой өнгийн гэрэлд хулганын нейронууд хэрхэн хариу үйлдэл үзүүлж, генийн хувьд хэрхэн өөрчлөгдөж буйг ажигласан байна.
 
Тархийг хамгаалах манаанд 
 
 
Тэдний олж ажигласан зүйл үнэхээрийн гайхалтай байлаа. Амилоид товруунууд мэдэгдэхүйц цөөрсөн төдийгүй тэдгээрийн үүсдэг механизмыг нь судлаачид нээн илрүүлжээ. Ялангуяа тархины микрогли эсүүдэд хэрхэн нөлөөлж байгаа нь эрдэмтдийн сонирхлыг маш ихээр татсан байна. Микрогли гэдэг нь тархийг хамгаалагч макрофаг эсүүд юм. Эдгээр нь өвчин үүсгэгч нянгууд, хорт бодисууд болон гадны биетүүдийг тархинаас гадагшлуулан цэвэрлэдэг байна.  
 
Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн хувьд микрогли нь өөрийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгааг өмнөх судалгаануудын явцад тогтоожээ. Харин гамма долгионууд нь макрофаг эсүүдийг өдөөн сэргээснээр амилоид товруунуудын тоог цөөрүүлж, тау уурагнуудын бөөгнөрлийг багасгаж байв. Түүнээс гадна, уг долгионыг хэрэглэсний үр дүн нь маш богино хугацаанд гардаг, тодруулбал, өдөөлтийг ганцхан цагийн хугацаанд хийхэд л микрогли идэвхжиж, амилоид товруунуудын тоо мэдэгдэхүйц цөөрч буй нь ажиглагдсан байна. Гамма долгионы ийм үйлчлэл нь Альцгеймерийн өвчнийг мөн чанарыг танин мэдэхэд үсрэлт гарсныг гэрчилж байна гэж судлаач Цай дүгнэн хэллээ.
Гэхдээ оптогенетик өдөөлтийн аргыг хүмүүс дээр хэрэглэхэд нэлээд хүндрэлтэй. Иймээс дараагийн шатанд тархины долгионуудыг синхрончлох /жигд болгох/ арай “зөөлөн” аргыг туршиж үзэхээр Цай төлөвлөж байна.  
Нэгэн удаагийн туршилтын явцад эрдэмтэд 40Гц-ийн давтамжтай анивчдаг гэрлээр хулгануудыг “шарсан” бол өөр нэгэн туршилтын үеэр хулгануудад мөн адил давтамжтай, огцом чанга дуу чимээг ойр ойрхон сонсгосон байна. Энэ хоёр туршилтын явцад тархины долгион синхрончлогдсоноор макрофаг эсүүд идэвхжин, хортой уургуудын хэмжээ багасч байжээ. Хамгийн гол нь, энэ бүхэн хулгануудын биеэ авч явах байдалд нөлөөлж, оптогенетик өдөөлтөд орсон хулганууд нь өдөөлтөд оролгүй хөгширч буй хулгануудтай харьцуулахад төөрдөг зам дотроос илүү түргэн гарч ирж байв.
 
Ашиг тустай чичиргээ 
Харин эдгээр туршилтыг Альцгеймерийн өвчтэй хүмүүс дээр хийх боломжтой уу? Судлаач Цай гамма долгионы өдөөлтийн үр дүн, давуу тал нь хэр удаан хугацаанд хадгалагдах вэ гэдгийг тогтоохын тулд клиник туршилт хийж эхлээд байна. Үүний сацуу бусад эрдэмтдийн хийсэн туршилтууд ч мөн амжилттай болж, өдөөлт нь танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг болохыг тогтоосноор цаашид судалгааны ажил хийхэд урам өглөө. 
Торонтогийн их сургуулийн судлаач Эми Клементс-Кортес-ийн удирдлагын дор явуулсан судалгааны явцад сонсголын төдийгүй мэдрэхүйн өдөөлт хийж, Альцгеймерийн өвчний янз бүрийн шатанд байгаа хүмүүсийг гамма долгионы давтамжаар сул авиа гаргадаг 6 динамик бүхий сандал дээр суулгажээ. Энэ нь бага давтамжийн акустик систем болох сабвуфертэй төстэй учраас туршилтанд оролцогчдын бүх биеэр бага зэргийн чичиргээ мэдрэгдэж байв. Туршилтыг 30 минутаар 6 удаа хийсний дараа өвчтнүүд танин мэдэхүйн чадварын сорилуудад илүү сайн дүн үзүүлж байжээ. 
 
 
Түүнээс гадна, зөнөглөх өвчний хөнгөн шинж тэмдэг бүхий нэгэн эмэгтэй гэртээ дээрхтэй ижилхэн төхөөрөмжийг 3 жилийн турш хэрэглэсэн бөгөөд Клементс-Кортес түүнийг эргэхээр гэрт нь очиход өвчтөний оюун ухааны чадвар 3 жилийн өмнөх түвшиндээ хэвээр байжээ. Ер нь бол, цаашдаа өвчтөнүүд телевизор үзэх, эсвэл радио сонсох үедээ ийм эмчилгээ хийлгэж болохыг судлаач үгүйсгэсэнгүй.
Тэгэхээр зөнөх өвчнийг эмчлэх аргыг олох гэж өчнөөн олон жил бүтэлгүй оролдлогууд хийсний эцэст гэв гэнэт хонгилын үзүүрт гэрэл харагдлаа гэж үү? Ялангуяа өвчнийг эрт үед нь эмчлэхэд шинэ арга маш чухал байж магадгүй.
 
 
Ирландын Үндэсний их сургуулийн судлаач Мартин О'Халлоран-ы ярьж байгаагаар, өвчтөнүүд танин мэдэхүйн бэрхшээлтэй тулгарч буй нь илэрхий байлаа ч гэсэн Альцгеймерийн өвчний оношийг тогтооход ихээхэн цаг хугацаа шаардагддаг байна. Эм, эмчилгээний гаж нөлөөнөөс болгоомжилсон эмч нар оношиндоо итгэлгүй байгаа тохиолдолд эмчилгээ хийж эхлэх хугацаа хойшлогдсоор байдаг.
 
 
 
 
Өвчнийг эрт үед нь эмчлэх зорилго бүхий анивчих гэрэл-тодорхой давтамжтай дуу авианы эмчилгээ нь өвчтөнүүдийн хувьд аль болохоор зовиургүй, аюулгүй байх ёстой гэж Мартин О'Халлоран үзэж байна. Тухайлбал, унаж татах өвчтэй хүмүүст ийм төрлийн эмчилгээ зохимжгүй бөгөөд учир нь гэвэл, өдөөлт цочроо нь өвчтөнийг ухаан алдахад хүргэж болзошгүй. 
 
 
 
Ирландын Үндэсний их сургуулийн судлаач Барри Макдермотт ч мөн адил дээрх туршилтын үр дүнд сэтгэл хангалуун байна. “Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эмийг ямар ч эмч танд бичиж өгч чадахгүй. Харин энэ шинэ арга бол тун энгийн бөгөөд онолын үүднээс бол та гар утсандаа ийм аппликейшн суулгах боломжтой” гэж тэрбээр хэллээ. 
Судалгааны явцад богино хугацаанд ахиц дэвшил гарч байгаа хэдий ч олон асуултын хариу тайлагдаагүй хэвээр байгааг О'Халлоран, Макдермотт нар онцлон хэллээ.
Уг арга удаан хугацаанд үр дүнтэй байж чадах эсэхийг батлах, түүнчлэн ямар давтамжтай гамма долгион хамгийн тохиромжтой вэ, уг аргыг ямар хугацаанд хэрэглэвэл хамгийн зохимжтой вэ гэх мэт зүйлүүдийг тодорхой болгох шаардлагатай байна. 
 
 
Хэдийгээр гамма долгионы “тунг” хэтрүүлэх магадлал бага боловч шинэ аргыг хэрэглэх явцад бий болох сэтгэлийн хэт хөөрөл нь эмчилгээний гаж нөлөө үүсэх шалтгаан болох уу гэдгийг судлах нь зүйтэй.  Түүнээс гадна, гамма долгионоор өдөөх нь эрүүл хүмүүсийн оюуны чадварыг сайжруулах уу үгүй юү гэдгийг ч мөн тодруулах шаардлагатай. Энэ тал дээр судлаач Цай нэлээд болгоомжтой хандаж байна. Түүний үзэж байгаагаар, эрүүл тархинд гамма долгионы нөлөөлөх байдал нь тодорхой хязгаартай байх ёстой.  
Гэхдээ дунд насны хязгаарыг давсны дараачаас оюун ухааны сулралын шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаанд хүний тархийг хэвийн ажиллуулахын тулд уг аргыг хэрэглэх нь үр дүнтэй байж болох юм хэмээн тэрбээр найдсаар байна. 
Хариу хүлээсэн олон асуулт байгаа хэдий ч судлаач Цай эмчилгээний шинэ төхөөрөмжийг өөр дээрээ туршиж байна. Гэхдээ түүний ганцаарчлан хийж туршилт нь үнэмшилтэй нотолгоо болж чадахгүй гэдгийг тэрбээр бусад эрдэмтдийн адилаар ойлгож байгаа. Харин түүний судалгааны үр дүн батлагдах аваас тархиа эрүүл байлгах гэсэн олон хүн өглөө бүрийг гэрэл-авианы эмчилгээ хийж угтах нь ээ.  
Нийтлэлийг бичсэн Дэвид Робсон бол шинжлэх ухаан-танин мэдэхүйн сэдвээр дагнан бичдэг ВВС агентлагийн сэтгүүлч юм. Саяхан түүний бичсэн “Оюун ухааны урхи. Ухаалаг хүмүүс яагаад тэнэг зүйлийг хийдэг вэ?” /The Intelligence Trap: Why Smart People Do Dumb Things/ гэдэг нэртэй анхны ном нь хэвлэгдэн гарчээ.
 
 
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан