УХАНИЙН ЛАБОРАТОРИЙН ЭРДЭМТЭД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

2019 оны 12-р сард БНХАУ-ын Ухань хотод далайн амьтны захаас анх дэгдсэн гэж үздэг коронавирусний гарал үүслийг сарьсан багваахай гэж таамаглаж буй. Гэвч зарим хүмүүс уг вирус лабораториос алдагдсан байх магадлалтай гэж үзээд байгаа юм.
Түлхүүр мэдээлэл:
  • Уханийн вирус судлалын хүрээлэнгийн 4 лабораторийн нэг болох дээд түвшний лабораториос коронавирус алдагдсан гэх таамаг гараад байсан.
  • Лабораторийн эрдэмтэд судалгааны зориулалтаар гарган авсан вирусийг гадагш алдахгүйн тулд аюулгүй байдлын хатуу стандарт дагаж мөрддөг байна.
  • Одоогоор тус лабораторид 12 багийн 120 судлаачид шинэ төрлийн коронавирусний судалгаа хийж байгаа аж.
Уханийн вирус судлалын хүрээлэнд анх коронавирусийг үйлдвэрлэсэн байх магадлалтай гэх шуугиан дэгдээд байсан билээ. Харин тэндхийн эрдэмтэд уг таамгийг бүрэн няцаасан боловч вирус санамсаргүй алдагдсан байх боломжтой гэх онол одоо хүртэл яригдсаар байгаа юм. Тэгвэл үүний эсрэг Уханийн вирус судлалын хүрээлэнгийн удирдлагууд лабораторийн эрдэмтдээ аюулгүй байдлын стандартыг хатуу дагаж мөрддөг болохыг мэдээлжээ.
Ухань хот дахь уг байгууламж нь дотроо 4 түвшний лабораторитой бөгөөд тэдгээрийн нэг нь биоаюулгүй байдлын дээд түвшний лаборатори юм. Уг лаборатори нь Эбола, Баруун Африкийн Ласса вирус, Крымийн Конго вирус зэрэг хамгийн аюултай эмгэг төрүүлэгчдийн судалгаа хийх эрх бүхий байгуулга аж. Чухам уг лабораторид анх коронавирусийг үйлдвэрлэсэн эсвэл алдагдсан байх магадлалтай гэж сэжиглээд байгаа билээ. Тэгвэл Ухань хотын Биоаюулгүй байдлын лабораторийн захирал Юань Жиминг:
“Бид судалгааны дараа вирусийг лабораторидоо үлдээхгүй байхын тулд олон арга хэмжээ авдаг. Манай лаборатори нь хог хаягдал, халдвартай материалтай харьцах хатуу дэглэм бүхий удирдлагын тогтолцоотой." гэжээ. Тэрээр үүгээрээ коронавирус анх лабораториос алдагдсан байх боломжгүй гэдгийг хэлэхийг хүссэн байна.
Лабораторийн судлаачид тусгай зориулалтын хувцастай дотогш нэвтэрч, гарч, орох бүрдээ ариутгал хийлгэдэг байна.
Дээрх лабораториудад туршилт хийх гэж буй судлаачид дараах дүрэм журмуудыг хатуу баримталдаг аж.
  • Жил бүр бие махбодийн болон сэтгэлзүйн эрүүл мэндийн үзлэг хийлгэх
  • Лабораторид орохдоо аюулгүй ажиллагааны журмыг дагаж мөрдөх
  • Биеийн байдал хэвийн эсэхийг шалгуулж, тэр дундаа цусны даралт, биеийн халуунаа хэмжүүлж дотогш нэвтрэх
  • Лаборатори руу орохдоо бүртгэлийн маягтанд гарын үсэг зурж, орж, гарахдаа хяналтын төвд зайлшгүй мэдэгдэх
  • Лабораторид ганцаараа орох ёсгүй бөгөөд заавал хоёроос дээш хүн орох
  • Лабораторийн байгууламж дотор байх хугацаандаа зөвхөн хяналтын төвөөр дамжуулан гадаад ертөнцтэй холбоо тогтоох зэргийг хатуу чанд дагаж мөрдөхийг шаарддаг байна.
Мөн Юань Жиминг лаборатори доторх агаар гадагш гарч, үхлийн аюултай өвчин үүсгэгчдийг тараахаас сэргийлэхийн тулд лабораторид сөрөг даралтын технологи ашигладаг хэмээн тайлбарлажээ.
Харин хог хаягдлын хувьд өндөр температурт, даралтат машинд боловсруулж, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудад хүлээлгэн өгдөг байна.
Ухань судлалын хүрээлэнгийн дэд захирал Гуан Вуцян хэлэхдээ, үл мэдэгдэх эх үүсвэрээс бий болсон вирусний анхны дээжийг Жиньнтан хотын эмнэлэгээс хүргүүлэн авснаас хойш буюу 12-р сарын 30-наас хойш өнөөг хүртэл тус лабораторийн эрдэмтэд вирусийг судалсаар байгаа гэжээ. Ингэхдээ 12 багт хуваагдсан 120 гаруй эрдэмтэд шинэ төрлийн коронавирусний гарал үүсэл, шалтгаан, эмчилгээ зэргийг тасралтгүй судалж байгаа юм байна.
Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар уг хүрээлэнгийн судлаачид 6500 дээжийг туршиж үзэн, вакцин гаргаж, тэрхүү вакциныхаа клиникийн туршилтыг эхлүүлээд байгаа аж. Эх сурвалж: SCMP
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан