Амны хаалтаа тайлж, назгайрах цаг болоогүй шүү


Урин дулаан цаг ирж, хүмүүсийн гарч, орох хөдөлгөөн нэмэгдэж эхэллээ. Найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олноороо уулзаж, агаар салхинд гарч, энд тэнд бөөгнөрч суудаг болов. Бага насны хүүхдүүд гадаа гудамж талбайд олноороо тоглож наадах дүр зураг хаа сайгүй үзэгдэх боллоо. Гэхдээ одоо ингэх цаг нь биш. Учир нь, титэм хэмээх коронавирус дэлхийн 210 гаруй улс оронд тархаж, хэдэн зуун мянган хүний амь насыг авч одоод буй. Цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч, улс орнууд хөл хорио тогтоон шаардлагатай арга хэмжээг авч, урьдчилан сэргийлэлтээ эрчимжүүлж, хяналтаа чангаруулж байна. Зарим улс орон гадуур зугаалсан, ямар ч зорилгогүй гудамж талбайгаар явсан иргэдээ саатуулж, торгох, шийтгэл ногдуулах байдлаар арга хэмжээ авч байх жишээтэй.
Манай улсын хувьд бусад улс орны туршлагаас судалж, өөриийн орны нөхцөл байдалд тохирох боломжит хувилбар, шийдлүүдийг хэрэгжүүлж, хяналтаа чангатган ажиллаж байна. Гэтэл иргэд урьдчилан сэргийлэхэд анхаарлаа сулруулж эхэлснийг олон жишээнээс харж болно. Дээр дурдсанчлан хүмүүс олноор цугларахын зэрэгцээ амны хаалтаа зүүлгүй олон нийтийн газраас зорчих нь нэлээд харагдаж байна. Тэр ч байтугай ой ч хүрээгүй хэдхэн сартай нярай хүүхдээ тэвэрч, олон хүн хольхих худалдааны төв, зах хэсч буйг ойлгоход бэрх. 
 
Нөхцөл байдал хүндэрч, коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдэж, цаашид ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй тул анхаарал болгомжоо сулруулж, назгайрах биш урьдчилан сэргийлэлтээ өмнөхөөсөө улам чангаруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг үүгээр дамжуулан сануулж, уриалж байна.
Коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн тэр үед “Халдвартай франц иргэн олон газраар явсан ч яагаад вирус тараасангүй вэ’’ гэж асуухад “Тухайн үед бид амны хаалтаа зүүж хэвшсэн байсан” гэж эмч хариулж байсныг мартах ёсгүй.
 
 
C.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан