Та анзаарсан уу, гадаа хөдөлгөөн эрс нэмэгдэж, түгжрэл вирусгүй, онцгой дэглэм тогтоогоогүй байх үеийнхтэй бараг л адилхан байна. Хаврын урь ороод, дулаарч байгаа болохоор хүмүүсийн сэтгэл санаа тэнийж байгаа нь ч нөлөөлөө биз. Дулаан орж байгаатай зэрэгцээд хүүхдүүд ч гадаа тоглох нь нэмэгдлээ. Орон сууцны хороолол, хотхоны гаднах талбайд бага, дунд ангийн насны хүүхдүүд өдөржин л тоглодог боллоо. Гэтэл санаа амарч, хамаа замбараагүй хөлхөлдөх цаг бишсэн. Монголд коронавирус бүртгэгдээгүй байхад бид маш сайн зохион байгуулалттай байж, амны хаалтаа зүүж, бүр гэртээ өөрсдийгөө тусгаарлах хэмжээнд сэргийлж байлаа.
Гэтэл Монголд коронавирусийн тохиолдол илрээд, бүр 15 болчихоод байна. 4 хүн эдгэсэн нь сайн мэдээ. Гэхдээ эдгээгүй хүн олон байгаа. Энэ бол нөхцөл байдал хэзээ ч, яаж ч хүндэрч магадгүй гэсэн үг. Муу ёрлож байгаа юм биш, гэхдээ л бид хэзээ ч хамаагүй дэлбэрч магадгүй цагтай бөмбөгийг Улаанбаатар хотод байрлуулснаас ялгаагүй. Дотоодын аюулаас гадна, гадаад орнууд гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Хятадад шинэ тохиолдол дотооддоо бүртгэгдэхгүй, гаднаас зөөвөрлөгдөж байгаа, нас баралт байхгүй гэж буй ч эрсдэл арилчихаагүй байна. Орост вирусийн тархалт идэвхтэй нэмэгдэж эхлэв. Солонгост нөхцөл байдал арай дээрдэж байгаа ч Япон хэцүүдэж эхэллээ. Өчигдөр Японы Ерөнхий сайд Абе Шинзо Токио тэргүүтэй 6 мужид онц байдал тогтоож, нийт хүн амын 44 хувь нь хөл хорионд орсон талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
2020 оны дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар
Америк, Европыг ярих юм биш. Дэлхий нийтээр өвчлөгсдийн тоо 1.3 саяыг давж, нас барсан хүн 100 мянга руу хурдтай дөхөж явна. Эрдэмтэд өвчний хоёр дахь давлагаа Ази руу ирж байна гэж дүгнээд байдаг. Түүнийг нь Япон, Солонгос баталж байх шиг. Ийм нөхцөл байдалд бид санаа амрах ёстой бил үү. Франц иргэнээс анхны тохиолдол илрэхэд манайхан айхтар сандралдаж, хүнсээ бэлтгэж, дэлгүүр хоосолсон. Тохиолдол аль хэдийнэ 15 болчихоод байхад улам сэрэмжлэх байтал харин ч дөжрөх маягтай. Амны хаалтгүй хүн мэр сэр үзэгдэх болов. Хөдөө орон нутаг руу хүн зөөдөг жижиг машинтай жолооч нар, хот хоорондын зорчигч тээврийн автобусныхан амны хаалт бараг л зүүхгүй байна гэнэ.
Шавааралдаж, шамбааралдах ч улам нэмэгдсээр. Иргэд ээ, санаа амрах болоогүй, амны хаалтаа сайн зүү. Шаардлагагүй бол гадуур битгий сэлгүүц. Нар, салхинд гарч болно, гэхдээ аль болохоор олноор бөөгнөрөхгүй газрыг сонго. Хүүхдүүдээ гадаа битгий тоглуул. Зайлшгүй шаардлагатай бол 20, 30 минут гадаа гаргаж, амны хаалтыг нь сайн зүүлгэ. Гараа тогтмол угаа, ариутга. Вирусийн идэвхжилийн оргил үе дөрөв, тавдугаар сард хэмээн эрдэмтэд таамаглаад байна. Тиймээс халуун байна гэж маяглалгүйгээр амны хаалтаа вирусийн аюул байхгүй болтол зүүцгээе. Бардам Европчууд, Америкчууд амны хаалтыг өвчтэй хүмүүс л зүүдэг гэсэн явцуу бодол, үйлдлээсээ болоод хэдэн зуун мянгаараа өвчилж байгаа гэх. Үнэний ортой л байх. Бид аль эртнээс амны хаалт зүүгээд хэвшчихсэн, сэргийлж чадсан учраас өдий зэрэгтэй байж, дотоодоос вирус илэрсэнгүй. Одоо бид энэ амжилтаа, амны хаалт зүүж хэвшсэн хэвшлээ хадгалж, цаашид сэргийлцгээе.