ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээллийг хүргэж байна.
Коронавирусийн халдвар дэлхийн 166 оронд тархлаа. Итали, Испани, Герман, АНУ зэрэг орнуудад халдвар эрчимтэй тархаж байна.
Тиймээс Европын зарим улс орнууд гадаадын иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж эхэллээ.
Сүүлийн 24 цагт Европын бүс нутагт шинэ халдварын тоо 10 мянга давлаа. Улс орнууд иргэдээ аль болох гадаадын орноор зорчихгүй байх, хүнтэй 2 метрээс доошгүй зайнаас харьцах, нэг дэлгүүрт иргэдийг хоёр хоёроор оруулах зэргээр арга хэмжээ авч байна.
БНХАУ-ын Ухань хотод COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, халдвараар хүн нас бараагүй бөгөөд халдварын дэгдэлтийг бүрэн хяналтдаа авлаа гэж мэдээллээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Теодрос “Халдварын эрсдэлгүй улс орон нэг ч байхгүй. Халдвар гарахгүй гэж бүү бодоорой, халдвар гарсан мэт бэлэн байдлыг хангахыг улс орнуудад зөвлөж байна.
Манай орны хувьд иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж байгаа нь сайшаалтай. Гэвч иргэд хуучин амны хаалтаа гадаад орчинд хаях сөрөг тал ажиглагдаж байна. Хаврын салхитай ийм үед хэрэглэсэн амны хаалтаар халдвар дамжих эрсдэлтэй тул гялгар уутанд хийж амыг нь боогоод хогийн саванд хаяарай гэж зөвлөмөөр байна.