Шүдний эмнэлгийн стандартыг шинэчлэх шаардлагатай

  • Гадаадын улс орнууд шиг В, С вирустэй, вирусгүй, хүүхдийнх гэх мэт өрөөнүүдтэй болгоё
  • Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн өгсөн мэдээллээр улсын хэмжээнд хамгийн сүүлд 2018 онд нэгдсэн хяналт шалгалт хийсэн байна. Харин мэргэжлийн хяналтыг газар улирал тутамд шалгадаг гэв. Гэтэл эрүүл ахуйн стандарт хангахгүй эмнэлэгүүд үйл ажиллагаа явуулж, бусдын эрүүл мэндээр бизнэс хийсээр байгаа зөрчлийг олж илрүүлэхгүй байгаад хэн хүний гайхаш төрмөөр 
Элэгний B, C вирус гэх мэт элдэв халдвар тархах эрсдэлтэй газруудын нэг нь шүдний эмнэлэг. Хэдийгээр энэ асуудал олон жилийн турш яригдаж, багаж, тоног төхөөрөмжөө ариутгаж хэрэглэхийг мэргэжлийн байгууллага шаарддаг ч хэрэгжилт хангалтгүй байна. Хяналт шалгалт, шалгуур, стандартад ч учир дутагдалтай зүйл олон бий. Энэ асуудлыг хөндөхөөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хэд, хэдэн шүдний эмнэлгээр орж, нөхцөл байдалтай танилцлаа. Гэтэл ариун цэврийн болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй эмнэлэг цөөнгүй байв. Хан-Уул дүүргийн I хороонд байрлаж буй нэгэн эмнэлэг хүүхэд болон насанд хүрэгчдэд үйлчилдэг бөгөөд үйл ажиллагаагаа явуулж эхлээд дөрвөн жил болж байгаа аж. Гэтэл ариун цэврийн өрөө, эмчилгээний танхимаас өөр талбайгүй, жижиг байранд байх агаад багаж ариутгах тусгай өрөөгүйгээ хэлж байлаа. Мөн Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажууд буй хоёр давхар байшинд үйлчилгээ эрхэлж байгаа эмнэлгийн нөхцөл байдал дээрхээс илүүрхэх зүйлгүй харагдсан. Үйлчлүүлэгчийн нүдээр харж, ажиглахад ч стандарт хангахгүй ийм эмнэлэг нийслэлд олон бий. Манай улсын шүдний эмнэлгийн эрүүл ахуйн стандартад мэсийн болон ариутгалын өрөө тусдаа байх, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх, барилгын талбай том байх зэрэг олон шалгуур байдаг ч шаардлага биелүүлэх үүрэгтэй иргэн, аж ахуйн нэгж болон хяналт тавьдаг хүмүүс хангалтгүй ажиллаж байгааг дээрх жишээ баталж байна. 
Шүдний эмнэлэгүүдийг ангилсан өрөөнүүдтэй болгоё
Манай улсын шүдний эмнэлгүүдэд тавигдаж буй стандартад учир дутагдалтай зүйл олон байна. Өндөр хөгжилтэй орны эмнэлгүүд үйлчлүүлэгчээрээ асуумж бөглүүлж, дадал зуршил, хэрэглэдэг эм бэлдмэлийг нь лавлаж, шинжилгээний бичгээ үзүүлэхийг шаарддаг. Хэрэв өвчтөн ямар нэг халдвартай бол тусгай өрөөнд, тусдаа багажаар эмчилгээ хийдэг бөгөөд насны хувьд ч ангилж, өөр өөр танхимд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг байна. Ингэснээр эрүүл хүнд халдвар тархах эрсдэлийг бууруулдаг аж. Энэ талаар Япон улсад суралцаж буй нэрээ нууцлахыг хүссэн иргэн “Би Японд ирснээсээ хойш нэг л удаа шүдний эмнэлэгт үзүүлсэн. Үнэхээр хариуцлагатай юм билээ. Надад асуумж өгч, бөглүүлсэн. Архи, тамхи хэрэглэдэг эсэх, харшилдаг зүйл болон халдварын вирустэй үгүйг маань шалгасан. Эмч нар нь битүү хамгаалалтын хувцас өмсөөд, нэг удаагийн багажаар эмчилгээ хийдэг. Шинэ багаж хэрэглэж буйгаа болон хэрэглэсэн зүйлээ хаяж байгаагаа хэлдэг. Хувцас солиулж, нэг удаагийн малгай ч өмсүүлсэн. Том хүний эмчилгээний өрөөнд хүүхдийн шүд үздэггүй нь их таалагдсан. Монголд шүд аваад, зөвлөгөө өгөөд л явуулдаг бол энд хоёроос дээш удаа үзлэг, цэвэрлэгээ хийдэг” гэлээ. АНУ-д ч мөн энэ зарчмаар үйлчилгээ үзүүлдэг аж. АНУ-ын Сиэтл хотод оршин суугч А.Гэгээ “Энд шүдний эмнэлгийн тариф өндөр байдаг. Тиймээс чанар, стандарт сайтай. Хүүхдийн эмнэлэг насанд хүрэгчдэд үйлчилдэггүй. Мөн хүмүүсийг В, С вирусийн халдвартай эсэхээр нь ангилж эмчилдэг” гэв. Харин манай улсад вирустэй эсэхийг нь шалгаж, ангилдаг эмнэлэг тун цөөхөн. Халдварын вирустэй хүний тасаг хувь, хувьсгалын аль ч эмнэлэгт байдаггүй гэхэд хилсдэхгүй. Зарим хувийн эмнэлэгт элэгний вирусийн шинжилгээ тестээр авдаг ч хэрэв үйлчлүүлэгч халдвартай байвал ангилах өрөөгүй учир эмчилгээ хийдэггүй аж. Энэ нь шүдний эмнэлгээр халдвар тархах эрсдэл бий болгосоор байна. Тиймээс стандартыг шинэчилж, халдвартай болон эрүүл хүний тусгай тасгууд нээх нь олон эрсдэлээс сэргийлэх юм. 
Хамгийн сүүлд 2018 онд шүдний эмнэлгүүдэд нэгдсэн шалгалт хийжээ
Улсын хэмжээнд 400 гаруй шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмнэлэг эрүүл ахуйн стандарт мөрддөг эсэхийг болон ажлын нөхцөл байдлыг нь шалгахад мэргэжилтэн хүрэлцдэггүй аж. Нийслэлийн эрүүл мэндийн төвийн өгсөн мэдээллээр улсын хэмжээнд хамгийн сүүлд 2018 онд нэгдсэн хяналт шалгалт хийсэн байна. Харин мэргэжлийн хяналтын газар улирал тутамд шалгадаг гэв. Гэтэл эрүүл ахуйн стандарт хангахгүй эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж, бусдын эрүүл мэндээр бизнес хийсээр байгаа зөрчлийг олж илрүүлэхгүй байгаад хэн хүний гайхаш төрмөөр. Хоёр жилийн өмнө л нэгдсэн шалгалт хийсэн гэхээр шүдний эмнэлэгүүд ямар түвшинд үйлчилдэг нь ойлгомжтой. 2018 оноос хойш өнөөг хүртэл яагаад шалгалт хийгээгүйг лавлахад “зөвхөн шүдний эмнэлгүүд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаггүй учир бид жил бүр шалгах боломжгүй” гэх ойлгомжгүй тайлбар өгөв. Үнэхээр л шалгуулах эмнэлэг олон, шалгах мэргэжилтэн цөөн байдаг бол ядаж тусгай зөвшөөрөл олгохдоо хариуцлагатай хандах хэрэгтэй байна.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл