Нүдэнд гарсан өвдөг



Хүний нүдний зовхи дотор талдаа салст бүрхүүлтэй байдаг шүү дээ. Яг тэр хэсэгт буюу нүдний хоёр талын доод буланд нулимсны болон тосны суваг нээгддэг. Өөрөөр хэлбэл, гадна амсар нь тэнд байрладаг гэсэн үг. Нүдэнд шороо тоос зэрэг гадны бохир биет орсон, бохир алчуур, угаагаагүй гараараа нүдээ арчих зэрэг тохиолдолд дээр дурдсан сувгаар халдвар орж идээт үрэвсэл үүсгэхийг “нүдэнд өвдөг гарлаа” гэж нэрлэдэг. Эмнэлэгийн хэллэг биш ч их эртнээс ингэж нэрлэсээр ирсэн болохоор эмч нар ч нүдний өвдөг л гэнэ. Дээр үед нүдэнд өвдөг гарахаар тухайн нүднийхээ эсрэг талын өвдгөнд нүдээ хүргэж, “Өвдөг хэзээ гарав. Өвдгөөр хэзээ домнов” гэж 3-7 удаа хэлэхээр эдгэрдэг хэмээн итгэдэг, ихэнх тохиолдолд идээ нь гарч илааршдаг байснаас үүдэлтэй нэршил юм. Долоо хэлдэг нь санамсаргүй ч биш. Өвдөг, хатиг нэг гарвал долоо гардаг гэсэн үг байдгаас үүдэлтэй. Дахиад байдгийн шалтгаан нь элдэв дом эмчилгээг эмчийн зааваргүй хэрэглэснээр халдвар хадгалагдан үлдэж, шалтаг гарсан үед дахин идэвхжээд байдагтай холбоотой юм. Түүнээс гадна өвдөг гарсан нүднийхээ эсрэг талын гараа толгойн араараа дамжуулж өвчтэй нүдэндээ хүрэх оролдлогыг мөн л 3-7 удаа хийж домнодог арга ч бий. Бас нэг ширхэг үсээр зовхин доорх тос, нулимсны сувгийг хатган онгойлгох арга байдаг нь нэлээд шинжлэх ухаанлаг талдаа. Гэхдээ л ариутгаагүй зүйлээр эмзэг хэсгийг оролдох нь халдвар даамжрах, архагших гэмтэйг мартаж болохгүй.
Өвдөг гарсан даруйд нүдний зовхи орчмоор өвдөж, хөндүүрлэж загатнаад ч байгаа мэт эвгүйцэж эхэлдэг. Энэ тохиолдолд ихэнх хүмүүс гараараа нухах, нүдний дусаалга хийх, тааралдсан алчуур, ханцуй зэргээрээ арчих нь цөөнгүй. Уг үйлдлээрээ үрэвслийг улам л даамжруулдаг. Удалгүй зовхин дор улаан гүвдрүү гарч улмаар идээлэн томорсоор хагардаг. Бага зэрэг идээрхэг шингэн гарснаар өвчин намдаж, зовиур арилан илаарших тул эмчид хандах нь бараг үгүй. Ингээд бүрэн эдгэрч болох ч цөөнгүй тохиолдолд дахин өвдөг гарах нь бий. Иймээс эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хүнд өвчин биш ч гэлээ дахин дахин өвдөг гараад байвал нүдний бусад салстыг үрэвсүүлж, хараанд нөлөөлөх, эсвэл тос, нулимсны суваг сорвижин битүүрч хуурайшуулах гээд хүндрэл гарах магадлалтай. Ер нь ариун цэвэр сайн сахидаг, тэр тусмаа нүдээ тогтмол арчилдаг, шороо тоостой орчинд явах, ажиллахдаа хамгаалалтын шил зүүх, нарны болон компьютер, гар утаснаас ялгарах туяанаас хамгаалсан шил зүүж хэвшсэн хүмүүст өвдөг гарахгүй. Харин чихрийн шижин өвчтэй хүмүүсийн биеийн эсэргүүцэл сулавтар байдгаас үүдэн өвдөг мэтийн идээт үрэвсэл гарамтгай болохыг санаж явахад илүүдэхгүй.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Ус уух 5 ШАЛТГААН