Өдөр нойр авах нь удаан хугацааны ой санамжийг сайжруулдаг

  • Ой санамжаа сайжруулахыг хүсвэл унтахын өмнө өдрийн бүх үйл явдлаа оройноос өглөө хүртэл урвуу дарааллаар эргэн сана
  • Түргэн унших нь удаан уншихаас илүү нүдийг бага ядраадаг гэж Оросын эрдэмтэд үзэж байна. Тэд энэ ажиглалтад үндэслээд түргэн уншихаас удаан уншихад мэдээллийг тогтоох чадвар 20 хувь доогуур байдаг гэж дүгнэжээ
Хүн бүрт компьютерийн нэг адил мэдээлэл хадгалах хязгаар бий. Үүнээс болж хүмүүсийн аливаа зүйлийг тогтоох чадвар харилцан адилгүй байдаг тул эрдэмтэд ой тогтоолтыг сайжруулахтай холбоотой шинэ нээлтийг эрж хайсаар байгаа аж. Эрдэмтдийн хийсэн хамгийн сүүлийн үеийн сонирхолтой нээлтүүдийг дурдъя. Чухал үйл явдал, хүмүүсийн нэр, зүс царай, утасны дугаар зэргийг амархан мартах нь гомдолтой биз дээ. Хэрэв та үүнтэй санал нийлж байгаа бол дараах аргуудыг туршаад үзээрэй. Таны ой тогтоолт сайжирна гэдэгт итгэлтэй байна. 
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс мэдээллээ солилцож тогтоох хэрэгтэй
Америкийн сэтгэл судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн санах ой, тогтоох чадварыг удаан хугацаанд судалсны эцэст эрчүүд хийсвэр мэдээлэл тогтоохдоо тэргүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд ойд явах замаа амархан тогтоох буюу ямар нэг нарийн төвөгтэй механизмыг сэргээн санах талаар эмэгтэйчүүдээс илүү байдаг аж. Харин эмэгтэйчүүд тодорхой үйл явдлыг тогтоох, жижиг сажиг зүйлсийн байршлыг санах, харсан юмаа сэргээн санах, хэл ярианы төвийн ажиллагаатай холбоотой бүх зүйлс дээр илүү үр дүнтэй байжээ. Эдгээр мэдээлэлд үндэслээд, эрдэмтэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг “байраа солих”, өөрөөр хэлбэл эсрэг хүйсийн хүмүүсийн илүү амархан тогтоодог мэдээллийг цээжилж, тогтоох дасгал хийхийг зөвлөж байна.
Долоогоос дээш оронтой тоо цээжил
Ой тогтоолтыг сайжруулах шилдэг дасгал бол утасны дугаар тогтоох явдал гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Электрон тэмдэглэл бий болсноор бидний ой санамж хоосон байх болж, ой тогтоолт муудахад нөлөөлж байгаа аж. Тиймээс өдөр бүр танил хүмүүсийнхээ утасны дугаарыг цээжлэн тогтоож, утасныхаа электрон санамжийг аль болох ашиглахгүй, цээжээр залгаж байхыг эрдэмтэд зөвлөж байна. Долоогоос дээш оронтой янз бүрийн тоо цээжилж, эргэн санаж байх нь шуурхай ой тогтоолт болон харааны ойг сайжруулах үр дүнтэй арга байдаг.
Өдрийн цагаар нойр авах
Ой тогтоолтыг сайжруулах бас нэг арга бол өдрийн цагаар түр нойр авах явдал гэж Израилийн эрдэмтэд үзэж байна. Өдрийн нойр нь тархинд удаан хугацааны ой батжих үйл явцыг өөрчилдөг байна. Туршилтын явцад оролцогчдыг хоёр бүлэг болгон хуваажээ. Бүлэг тус бүрт урьдчилан санаж тогтоох хэрэгтэй тодорхой үйлдлүүд бүхий зорилтыг биелүүлэхийг санал болгосон байна. Нэг бүлгийн хүмүүсийг өдрийн цагаар хагас цаг унтсаны дараа даалгаврыг биелүүлэх шаардлага тавьжээ. Туршилтын хугацаанд өдрийн цаг цагаар хагас цаг унтсан хүмүүс огт унтаагүй хүмүүсээс илүү сайн үр дүн үзүүлжээ. Ингэж өдрийн нойр нь зөвхөн тархины ажиллагааг хурдасгадаг төдийгүй хүний ой санамжид эергээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд нотолжээ. 


 Баруун өвдөг дээрээ суудаг
Ой тогтоолтыг идэвхжүүлэх хамгийн хачин жигтэй аргыг английн эрдэмтэд санал болгожээ. Мартсан мэдээллээ түргэн санахын тулд баруун өвдөг дээрээ суух хэрэгтэй гэнэ. Ингэж суух нь удаан хугацааны ой санамжийн ажиллагааг идэвхжүүлж, хаясан түлхүүрээ эргэж олох, утасны дугаар санахад тусалдаг байна. Ингэхийн тулд хэдэн минутын турш өөр зүйлд анхаарлаа сарниулахгүй, хэрэгтэй нөхцөл байдлыг эргэн санахыг оролдох хэрэгтэй аж. 
Унших хурдаа нэм
Түргэн унших нь удаан уншихаас илүү нүдийг бага ядраадаг гэж Оросын эрдэмтэд үзэж байна. Тэд энэ ажиглалтад үндэслээд түргэн уншихаас удаан уншихад мэдээллийг тогтоох чадвар 20 хувь доогуур байдаг гэж дүгнэжээ. Та минутад 180-220 үг уншиж байвал тухайн сэдвийг үүнээс илүү хурдтай уншсанаас хавьгүй бага зүйл тогтооно гэсэн үг. Хүн унших хурдаа нэмэх дасгал хийснээр өөрийн ой тогтоолтыг сайжруулж болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.
Үйл явдлыг урвуу дарааллаар эргэн сана
Ой санамжаа сайжруулах бас нэг дасгал нь унтахын өмнө өдрийн бүх үйл явдлаа оройноос өглөө хүртэл урвуу дарааллаар эргэн санах явдал гэнэ. Ингэхдээ хүмүүсийн хувцас, ярьсан яриа, өрөөний эд хогшлын байрлал зэрэг аль болох их зүйл санахыг хичээх хэрэгтэй. Харин ямар ч тохиолдолд сөрөг зүйлсийг анхаарах хэрэггүй. Үйл явдлыг сэргээн санахдаа хөндлөнгийн хүн ажиглаж байгаа мэтээр санах хэрэгтэй аж.
Ой тогтоолт сайжирч байна гэдэгт итгэ
Хэзээ ч, хэнд ч өөрийгөө ой тогтоолт муутай гэж ярих хэрэггүй. Хүн өөрийгөө итгүүлэхэд амархан автагддаг учраас ой муутай гэж бодох хэрэггүй. Харин эсрэгээр өдөр өнгөрөх тусам миний ой тогтоолт сайжирч байна гэдэгт өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Энэ энгийн дасгал нь таныг өөрийн хүчинд итгэх, дээр дурдсан зөвлөгөөнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд урам өгөх болно.

Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан