“Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн луйвар

Эмнэлэг, эмчид биш юм бол бид хэнд итгэж, найдаж өвчнөө үзүүлэх вэ
Элэг бол дүлий эрхтэн. Ямар нэгэн өвчин, зовиур тэр бүр илэрдэггүй учраас манайхан хожимдсон хойно нь эмнэлэгт хандаж, хавдартай болсноо мэдээд, төд удалгүй насан эцэслэдэг.
Сүүлийн жилүүдэд манай улсад элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзлэх болсон нь дэлхийн дунджаас даруй зургаа дахин их үзүүлэлт юм. Иймээс Засгийн газраас үүнд онцгойлон анхаарал хандуулж, 2016-2020 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөртөө тусгаж, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан байдаг. Энэ хөтөлбөр хоёр үе шаттай хэрэгжиж буй. Эхний шатанд гепатитын В, С вирусийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд 40-65 насны иргэдийг хамруулсан бол хоёр дахь шатанд 15-39 насны 1.2 сая хүнийг хамруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд 2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 18.8 тэрбум төгрөг, 2018 онд 19.8 тэрбум төгрөг зарцуулсан.
2019 онд нийт 1.05 сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьжээ. Ийн  В, С вирусийн халдварыг илрүүлэх, вирусийг тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байдаг.
Ингэснээр иргэд В, С вирусийн илрүүлэг оношилгоог харьяа өрхийн эрүүл мэндийн байгууллагадаа үнэ төлбөргүй өгнө. Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарвал эрүүл мэндийн хоёр дахь шатлалын байгууллага болон тусгай зөвшөөрөлтэй лабораториудад В, С вирусээ тоолуулах шинжилгээг үнэгүй өгөх эрхтэй. Уух эмийг ч мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр зөвшөөрөлтэй эмийн сангуудаар дамжуулж худалдан авна.  Өөрөөр хэлбэл, шинжилгээ, оношилгооноос эхлээд эмчилгээ хүртэлх үйл явцын зардлыг төр хариуцаж байгаа гэсэн үг. Гэтэл энэ хөтөлбөрийг далимдуулан бизнес хийж, эмч хүний ёс зүйгээ уландаа гишүгэж, мөнгө олохын тулд хүний эрүүл мэнд, эд хөрөнгөөр тоглох болжээ. 

28 ЛАБОРАТОРИД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮНГ НУУЖ БАЙНА

Дээр өгүүлсэн В,С вирусийг тоолох шинжилгээг хийхийн тулд ур чадвартай, олон жил ажилласан дадлага, туршлагатай мэргэжилтэн байх шаардлагатайгаас гадна багаж, тоног төхөөрөмж, оношлуур нь ч маш өндөр үнэтэй. Иймээс манай эрүүл мэндийн салбарт бараг анх удаа гэж болохуйц үйл явдал болсон нь хувийн лабораториудыг үүнд татан оролцуулсан нь байв. Холбогдох байгууллага сонгон шалгаруулалт явуулж, 21 лабораторийг сонгожээ. Гэвч тэдний талаас илүү хувь нь өмнө нь хэзээ ч ийм төрлийн шинжилгээ хийж байгаагүй, боловсон хүчин, багаж төхөөрөмжгүй байж. Сүүлд лабораторийн тоо 28 болж нэмэгдсэн. Эдгээр лабораторийг чухам ямар шалгуураар сонгосон нь өнөө хэр эргэлзээтэй байгаа юм. Мэдээж тэдний дунд сайн лаборатори цөөнгүй бий.
Дээрх лабораториуд В, С вирусийг тоолж, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхийг тогтоохын тулд молекул, биологийн шинжилгээ хийх ёстой. Гэхдээ энэ шинжилгээг хэн дуртай нь хийчихдэггүй. Өнгөрсөн зургадугаар сард ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газар, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнээс дээрх 28 лабораторид шалгалт хийжээ. Шалгалтад лабораториудын олонх нь тэнцээгүй аж. Гэвч үүнийг холбогдох байгууллагынхан нууж, энэ талаар мэдэж байгаа хүмүүсийн амыг барих болжээ. 

ЛАБОРАТОРИУД ӨРХ, ДҮҮРГИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАРТ ХУВЬ ОЛГОДОГ

Өрхийн эмнэлэгт В, С вирустэй байж магадгүй гэж тодорхойлогдсон хүн дүүргийн эмнэлгийн халдварт, дотрын чиглэлийн эрх бүхий эмчээр шинжилгээ, эмчилгээ бичүүлдэг. Эмч нарын бичсэний дагуу лабораторид шинжилгээ хийх эрх үүсэж, тухай хүний В, С вирусийг тоолж, эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэхэд шинжилгээ хийнэ. Гэтэл лабораториуд өрхийн эмнэлэг болон энэ эмчилгээг бичдэг эмч нартай холбоо тогтоож, тэдэнд хувь амлаж, мөнгө өгдөг гэнэ. Ингэснээр өвчтөнд энэ шинжилгээ хийлгэх шаардлагатай эсэхээс үл хамаарч, хувь авахын тулд шинжилгээ бичиж өгдөг эмч нарын бүлэглэл бий болжээ. Зарим лаборатори бүр шинжилгээ авсан эсэх нь тодорхойгүй гэнэ. Энэ хэрэг шүүх дээр яваа мэдээлэл байна. 
Лабораториуд гэрээндээ маш сайн аппарат, тоног төхөөрөмжийн нэр бичиж, хачир дээрээ Хятадын хамгийн хямд өртөгтэй тоног төхөөрөмж, оношлуур ашиглан, шинжилгээ авчээ. Тухайлбал, оношлуур нь зөвхөн судалгаанд хэрэглэдэг, эмнэл зүйд хэрэглэдэггүй, хямдхан эд байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Үүний улмаас лабораториудын энэ чиглэлээр шинжилгээ хийх эрхийг нь хязгаарласан ч өнөө хэд маань хүмүүст “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас шинжилгээ авдаг бүх лабораторийг хаасан. Даатгалаар энэ шинжилгээг хийхгүй байгаа. Та зөвхөн төлбөртэй л шинжилгээ хийлгэх боломжтой. Бид ийм үнэтэй шинжилгээг хямдхан хийж байна” гэж худал мэдээлэл тараах болжээ. Шалгалтад тэнцсэн лабораториуд өнөөг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулсаар байтал тэд иргэдээс мөнгө авахын тулд арга зохиосон нь энэ. Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд шаардлага хангахгүй лабораториудыг өнөө хэр мэдээлэхгүй байгаа нь анхаарал татаж байна. 

90 МЯНГАН ХҮНИЙ ШИНЖИЛГЭЭ БУРУУ БАЙХ МАГАДЛАЛТАЙ

Шинжилгээний хариу буруу гарснаар үүсэх сөрөг нөлөө их. Хэрэв хариу буруу байвал тэр хүний эмчилгээ тэр чигтээ үр ашиггүй. Шал дэмий зүйлд улсаас мөнгө гаргасан болж таарна. Нөгөө талаас  В,С вирустэй хүнийг эрүүл гэж шинжилсэн бол тэр хүн бүх насаараа эрүүл мэндээрээ хохирч, цаашлаад амь насаа алдах ч эрсдэл үүсэж болох юм. Холбогдох хүмүүс Эрүүл мэндийн даатгалын санг үүнд хяналт тавьж, лабораторийн эмч нараас бүрдсэн хяналтыг баг байгуулахыг хүссэн ч тэд хөдлөөгүй. Хөндлөнгийн хяналт байхгүйгээс олон хүний шинжилгээний хариу буруу гарсныг дотор нь ажиллаж байсан албаны эх сурвалж бидэнд хэлсэн. Энэ лабораториуд даатгалаас мөнгө авахын тулд чоно борооноор гэгчээр улангасан дайрчээ. Эрүүл мэндийн байгууллага, лабораториуд өөрсдийн эрх ашгийг хамгаалснаас өвчтөний эрх ашгийг огтхон ч бодоогүй нь энэ. Шинжилгээ өгсөн гэж материал бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд явуулсан хүмүүсийн нэрс ч эргэлзээтэй гэнэ.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж “Лабораториуд 90 мянган хүний шинжилгээг буруу хийсэн байх магадлалтай” хэмээн ярьсан. Энэ хүмүүсийн эрх ашгийг хэн хамгаалах вэ. Шалгалтад тэнцээгүй, шаардлага хангаагүй лабораториуд өдгөө эрхээ сэргээхийн тулд “Бид тоног төхөөрөмжөө сольсон” хэмээн шүүхээр явж байгаа аж. Тэгвэл шинжилгээ нь буруу гарсан иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, улсаас гарсан тэр их мөнгийг хэн барагдуулах вэ. Тэд анхнаасаа яагаад шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглан, үйл ажиллагаа явуулж болоогүй юм бэ. Энэ бол ниргэсэн хойно нь хашгирахын үлгэр.
Бид дараагийн дугаарт шаардлага хангахгүй хэмээн энэ төрлийн шинжилгээ хийх эрхээ хасуулсан лабораториудын талаар мэдээлэх болно. 
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан