Танд ядарсан мэт мэдрэмж байнга төрж байна уу?

Нойргүйдлээс гадна хүний бие болон сэтгэл санааг ядраадаг хэд хэдэн хүчин зүйлс бий. Тиймээс өчигдөр шөнө дутуу нойртой хоносноо л ядарч байгаатайгаа холбох нь буруу гэсэн үг юм. Тэгвэл та бүхэндээ Техасын Бен Хоганы эрүүл мэндийн төвийн зөвлөх эмч Amy Goodson-ийн зөвлөгөөг хүргэж байна. 
ТА ЯДАРСАН ҮЕДЭЭ ДАСГАЛ ХИЙДЭГГҮЙ
Эрч хүчээ хэмнэх гээд дасгал хийхээ алгасна гэдэг бол утгагүй зүйл. Жоржиагийн их сургуулийн эрдэмтдийн багийнхны хийсэн судалгаагаар дасгал хөдөлгөөн хийдэггүй ч бие махбодын хувьд эрүүл, насанд хүрсэн залуусыг 20 минутаар долоо хоногт 3 удаа дасгал хийлгэснээс 6 долоо хоногийн дараа тэд өмнө нь байснаасаа хөнгөн шингэн, эрч хүчтэй залуус болцгоосон гэнэ. 
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь таны зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, эд эсүүдийг тань хүчилтөрөгчөөр хангаж, улмаар эрч хүч, тэсвэр тэвчээр тань нэмэгддэг байна. Дараагийн удаад та маш их ядарч, буйданруугаа унаад өгмөөр санагдвал 20 минут л дасгал хөдөлгөөн хийгээд үзээрэй. Та харамсахгүй ээ. 
ТА ХАНГАЛТТАЙ ИХ УС УУДАГГҮЙ
Шингэний дутагдал нь цусны хэмжээг багасгаж, өтгөрүүлдэг тул таны биед маш бага хэмжээгээр буюу 2% шингэн дутагдахад л таны эрч хүч хэд дахин ихээр хорогддог. Өөрийн уух ёстой шингэний хэмжээг тооцоолохдоо өөрийн жинг (паунд) хоёрт хуваагаад, гарсан хэмжээний унц (ounce) усыг уухад л хангалттай.
ТА ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ ТӨМӨР ХЭРЭГЛЭДЭГГҮЙ
Таны залхуу хүрэх, уурлаж бухимдах, сулбайх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг нь төмрийн дутагдалтай холбоотой байдаг. Төмрийн дутагдлын улмаас эртхэн, булчин руу явах хүчилтөрөгчийн урсгал удааширдаг тул эдгээр мэдрэмжүүд танд төрдөг байх нь. 
Тиймээс та үхрийн мах, шош, дүпү, өндөг, ногоон навчит хүнсний ногоо, самар, самрын тос зэрэг бүтээгдэхүүн хэрэглэж төмрийн дутагдлаа нөхөх боломжтой. Мөн витамин С агуулсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй. Гэхдээ ямар нэгэн өвчний улмаас ч төмрийн дутагдал үүсэх боломжтой тул та эмнэлгийн байгууллагад хандан оношлуулах нь зөв. 
ТА ҮРГЭЛЖ ТӨГС БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ
Төгс байх нь боломжгүй ч "төгс" гэдэг хэмжээ рүү дөхөх гэж хичээх нь таныг хэтэрхий их ачаалуулж, эрч хүчийг тань сордог. Та бодит бус амлалтуудыг өөртөө бий болгож энэ нь биелүүлэхэд хүндрэлтэй хэцүү санагдах үед хувь хүний сэтгэл ханамж алга болдог. Улмаар сэтгэл санааны хувьд ядарсан мэдрэмж төрж байна гэсэн үг. 
ТА ТААГҮЙ ЗҮЙЛС БОДДОГ
Дарга тань таныг өрөөндөө дуудахад өөрийг тань халах гэж байна гэж бодох, мотоцикл унахдаа осолд орох гэж байна хэмээн бодох зэрэг нь "catastrophizing" буюу эрсдэлийг бодох сэтгэцийн эмгэгийн шинж. Энэ төрлийн сэтгэл зовнил нь илүү архаг төрлийн эмгэг үүсгэх хүчин зүйл болдог. 
Танд иймэрхүү бодлууд төрөөд байвал та гүнзгий амьсгаа аваад өөрөөсөө эдгээр эрсдэлүүд өөрт тань тохиолдох магадлал хэр их вэ гэдгийг асуугаад үзээрэй. Мөн гадуур гарч, дасгал хийж, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах нь таныг илүү дээрдүүлэх болно. 
ТА ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА АЛГАСДАГ
Таны идэж буй зүйлс бие махбодыг тань ажиллуулдаг. Өнгөрсөн оройн хоолонд идсэн хоол тань таныг унтаж байхад бие махбодыг тань ажиллуулдаг тул өглөөний цайгаа алгасах нь энэхүү тасралтгүй явагдаж байсан үйл ажиллагааг зогсонги байдалд оруулахад хүргэдэг. Тиймээс өглөөний цай уух нь бодисын солилцоондоо гал асааж буй хэрэг.
Өглөөний цайнд овьёос, самрын тос, тослог багатай сүү, өндөг, шарсан талх, тослог багатай йогурт зэрэг нь тохиромжтой байна. 
ТА ТҮРГЭН ХООЛ ИХ ИДДЭГ
Чихэрлэг хоол хүнс, савласан болон хайрцагласан чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнүүд таны цусан дахь сахарыг ихэсгэдэг. Цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахын тулд идэж буй бүх хоолондоо бага зэргийн уураг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
Та шарсан хуурсан хоол хүнснээс зайлсхийж чанаж болгосон хоол хүнс, будаа, салмон загас, чихэрлэг төмс, жимсний зууш зэргийг хэрэглэж хэвшээрэй. 
ТА ҮГҮЙ ГЭЖ ХЭЛДЭГГҮЙ
Бид бусдад таалагдах гэж хичээсний үр дүнд өөрсдийн энерги болох аз жаргалыг алддаг. Бүр цаашлаад таныг уур уцаартай нэгэн болгох ч боломжтой. Та үүрэгт ажлаасаа бусад гуйлтад заавал зөвшөөрөх албагүй шүү дээ.
Өөрийнхөө төлөө зоригтойгоор үгүй гэж хэлж сурах нь энгийн юм шиг боловч маш хэцүү зүйл. Эхэндээ бусдад үгүй гэж хэлж чадахгүй байвал ганцаараа байхдаа хэлээд нэг үз. Дараагийн удаа бусдад хэлэхэд амар байх болно. 
ТА ИХ ЗАМБАРААГҮЙ
Таны ажлын, хичээлийн ширээ замбараагүй байдаг уу? Тэгвэл энэ нь таны анхаарал төвлөрөлт болон ажлын гүйцэтгэлд сайнаар нөлөөлдөггүй гэдгийг олон олон судалгааны үр дүн харуулсан байдаг. 
Тиймээс өдрийн төгсгөлд ажил, даалгавруудаа хийж дуусаад ширээгээ заавал цэгцэлж байгаарай. Ингэснээр маргааш өдрийг илүү урам зоригтойгоор эхлүүлэх болно. Хэт их хугацаа шаардах гээд байвал бага багаар цэгцэлж болно. Эхлээд ширээн дээрхийг, дараа нь шүүгээн доторхыг, дараа нь компьютерийнхээ folder-уудыг гэх мэт.
ТА АМРАЛТААРАА Ч АЖИЛЛАДАГ
Ижил хугацаанд тасралтгүй ажилласан болон дундаа завсарлага аваад ажиллаж байсан хоёр хүний ажлын бүтээмж адилгүй байдаг гэдгийг та бүхэн мэдэх биз. Тиймээс ажил амралтын өдөр ч хамаагүй ажил хичээлээ нухаад, мэрээд сууж байснаас амралтын өдрөө амраад, ажлын өдрөө тултал хичээсэн нь дээр юм шүү. Юуны тулд амралтын өдөр байдаг билээ дээ?
Сайн амарч чадах юм бол илүү эрч хүчтэйгээр ажиллах болно шүү. 
ТА УНТАХДАА УТСАА ОРОЛДДОГ
Таблет, ухаалаг утас эсвэл компьютерын дэлгэцийн хурц гэрэлд унтах болон сэрэх циклийг хянадаг гормон болох мелатониныг алдагдуулдаг. Дэлгэцийн дижитал туяанд мэдрэмтгий байдал нь хүн бүрд өөр өөр байдаг боловч унтахаасаа 1-2 цагийн өмнө бүх технологи хэрэгслээ ашиглахгүй байх нь сайн. 
ТА ӨДРИЙГ ДАВАХЫН ТУЛД КАФЕЙНД НАЙДДАГ
Өглөөг хүчтэй кофегоор эхлэх нь тийм ч том асуудал биш бөгөөд судалгаагаар өдөрт гурван аяга кофе уух нь сайн зүйл хэмээн үздэг. Гэвч кафейныг зохисгүй хэрэглэснээр энэ нь таны нойрны хэмнэлийг ноцтой алдагдуулж болзошгүй. Клиник эмчилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар унтахаас 6 цагийн өмнө кафейн агуулсан зүйл уух нь нойронд нөлөөлдөг тул үдээс хойш кафейн хэрэглээг зогсоож эдгээр гайхмаар үр дагавруудыг анхаарч үзээрэй.
ТА АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОРОЙТОЖ УНТДАГ
Та амралтын өдрүүдэд амарна гэж догдлоод бямба гарагийн шөнө хүртэл кино үзэж, найзуудтайгаа уулзаж явсны дараа ням гарагийн үд хүртэл унтаад, үд хүртэл унтчихсан учир орой нь мөн л оройтож унтаад, даваа гарагийн өглөө нэг л их нойрмог хүн сэрдэг үү? Бидний ихэнх нь ийм маягаар "амардаг" байх. 
Тиймээс та цагийн хуваариа сайтар барьж, унтах ёстой цагтаа унтаж, сэрэх ёстой цагтаа сэрж хэвшээрэй. Харин өдөрт нойр тань хүрч байвал хэдхэн минут дуг хийхэд таны бие махбод болон оюун санаа сэргээд л ирнэ. 
Эх сурвалж: Travel and Leisure
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан