Ээж болох гэж байгаа бол юуны өмнө эрүүлжих хэрэгтэй


Ирээдүйн ээжийн заавал дагах ёстой зүйлс Эрүүл эцэг эхээс эрүүл хүүхэд төрдөг. Өвчин эмгэггүй эрүүл чийрэг хүүхэд төрүүлэхийн тулд эцэг, эхийн сэтгэл санаа, бие махбодь эрүүл байх, эрүүл хүүхэд төрүүлнэ гэсэн бэлтгэл, бат итгэлтэй байх нь зүйтэй. Хүүхэдтэй болсоноо мэдмэгц гэнэт айж балмагдах, эрүүл биш гажигтай хүүхэд төрөх болов уу хэмээн байнга түгшүүрлэх, хүүхдийн ирээдүйд санаа зовох гэх мэтчилэн тогтмол айдастай байх нь тархи мэдрэлийн замаар хүүхдэд тодорхой хэмжээний эмгэг үүсдэг. Хүүхэдтэй болохоор төлөвлөсөн гэр бүл зөв чанартай хооллож, бие биенээ хүндэтгэн хайрлаж, халамжилж, гэр бүлийн уур амьсгал, хүүхдийн өсөж торних орчинг ая тухтай байлгах нь чухал. Хүүхэдтэй болсноо мэдмэгцээ л бие эрхтэнийг эрүүлжүүлэхийг чухалчлах хэрэгтэй. Цоорхой шүдээ эмчлүүлэхээс эхлээд дотоод шүүрэл, зүрх элэг гээд бүхэл эрхтэнээ эмчлүүлэх хэрэгтэй. Жирэмсэн байх хугацаанд биеэ авч яваа байдал, эрүүл ахуйн дэглэм, идэж ууж байгаа хоол хүнсний тохироонд гол анхаарлаа хандуул. Эмийн бодисыг хамаагүй хэрэглэх, архи, тамхи хэрэглэх зэргийг шууд зогсоох хэрэгтэй. Хүүхдийн зүрх хөгжиж буй тэр мөчид архи, тамхи, эмийн бодис хэтрүүлэн хэрэглэснээс зүрхний гажиг үүсч болох юм. Энэ мэтчилэн санаанд оромгүй олон нөлөөлөл хүүхдийн өсөлт хөгжилтийг эмгэг байдалтай болгодог гэдгийг залуу эцэг, эх ямагт санаж явах нь зүйтэй. Хүүхдийн ирээдүй эцэг, эхээс шууд шалтгаалдаг тул хүүхэдтэй болохыг хүссэн тэр үеэс л нарийн мэдрэмжтэй байх нь чухал.
Дасгал хөдөлгөөн хийж хүүхдээ эрүүл бойжуул
Хөдөлгөөн багатай амьдралтай бол эмэгтэй та түүнийг өөрчлөх гээд үзэх хэрэгтэй. Дасгал сургуулилт хийх, бясалгал үйлдэх, теннис тоглох, алхах зэргээр чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөх нь зүйтэй. Гэртээ хийх боломжтой дасгал сурч өдөр бүр 20 минутаас доошгүй хийхийг зөвлөе. Жирэмслэхээс өмнө дасгал хийх нь хүүхдээ эрүүл энх тээхэд тустай бөгөөд жирэмсэн болсны дараа нурууны үе, холбоосуудыг хамгаална. Амьсгалын болон тайвшруулах дасгалыг хослуулснаар та ядарч сульдахгүй, эрч хүчтэй байх ба төрснийхөө дараа бие махбод эргэж гоолиг хэлбэртээ ороход тань тусалдаг. Жирэмсэн үед таны биед янз бүрийн өөрчлөлт гарна. Бие организмд өөрчлөлт гарахаас гадна холбоосуудыг тойрсон судас шөрмөсүүд суларч сунана. Үүнээс болж та урьдын адил хөнгөн шингэн хөдөлж чадахгүй болох ба амьсгаадахгүйгээр аливаа зүйлийг урьдынх шигээ хурдан хийж чадахгүй. Та жирэмсэн үедээ биеэ зөв авч явж, ямар нэг ачаалал өгөхгүй байх аргыг мэдэж байвал таны булчин, холбоос, шөрмөс жирэмсэн үед ачааллыг өвчингүйгээр дааж чадна. Таны бие урьдынхаасаа өдөр тутам өөрчлөгдөж үүндээ дасан зохицохын тулд рефлекс, төлөв байдлаа хөгжүүлж байдаг. Тавгүй санагдсан үедээ тайвшруулах дасгал хийгээрэй.
Бага багаар олон удаа хооллох хэрэгтэй
Хүүхдийг эрүүл өсгөхийн тулд олдсон цагаас нь л анхаарах хэрэгтэй. Эрүүл хоолло гэдэг нь тусгай хоол иднэ гэсэн үг биш юм. Харин зөв хүнс худалдан авч, зөв боловсруулж эрүүл хоол бэлтгэх хэрэгтэй. Зөв хоол нь олон төрлийн амин дэм агуулсан байдаг. Ирээдүйн ээж таны хооллолтын байдлаас хүүхдийн өсөлт хөгжилт шууд хамаарна. Хэвлий дэх хүүхдийн өсөлт хөгжилт шууд хамаарна. Хэвлий дэх хүүхдийн өсөж томрохын хирээр эхийн бие махбод адилхан жин нэмдэг. Жирэмсэн эмэгтэй дунджаар 12 кг жин нэмдэг. 24-32 долоо хоногтойдоо хамгийн эрчимтэй жин нэмэгдэнэ. Эдгээрийн ихэнхийг томорсон умай, өдөр хоногоор өсөж байгаа хүүхэд, ураг орчмын шингэн эзэлдэг байна. Хөхний сүүг боловсруулахын тулд өөх тосны хуримтлал биед байнга явагдаж байдаг. Энэ хуримтлал төрсний дараа хөхний сүү ялгарахад зарцуулагдаж аажмаар багасна. Жин нэмэх нь хэдийгээр хэвийн үзэгдэл ч хэтэрхий илүүдэл жин нь төрөх явцыг хүндрүүлдэг. Жирэмсэн үед хоолны дэглэм барих нь хамгийн цагаа олоогүй арга юм. Харин зөв баланстай төрөл бүрийн хүнс хэрэглэх нь чухал. Дутуу дулимаг хооллосноос хүүхдийн оюун ухааны хөгжил саатах, улмаар бүр хомсдолтой ч төрж болзошгүй. Хүүхэд жин дутуу төрөх, зулбах, амьдрах чадваргүй төрөх юм.
Хэтэрхий илүүдэл жинтэй байх нь төрөх үед хэд хэдэн хүндрэл учруулдаг
Эх хөдөлгөөнтэй байж чадахгүйгээс хүүхэд эхийн хэвлийд таргалж төрөхөд бэрхшээл учирч болно. Мөн төрөх үед умайн булчингийн ширхгүүдэд өөх ихээр хуримтлагдсанаас хангалттай агшиж хүүхдийг түрж гаргаж чадахгүй болдог. Дээд хэмжээгээрээ ажиллаж байгаа зүрхэнд улам илүү ачааллыг өгдөг. Жирэмсэн болмогц л эмэгтэй хүний хоол идэх дуршил нэмэгддэг. Шөнийн цагаар ходоод харлаж босох нь олонтаа тохиолдоно. Цагийн ихэнх үед өлөн мэт байдаг. Энэ нь аргагүй. Учир нь бодисын солилцоо эрчимтэй явагдаж, хүүхдээ зэрэг хооллож байдаг. Энгийн үед иддэг байснаасаа 15-н хувиар илүү хооллохыг шаарддаг. Иймээс та гол нь цадахдаа биш, хэр зэрэг чанартай хэрэгтэй зүйл идэж байгаагаа хянах хэрэгтэй. Жирэмсэн үед төрөл бүрийн зүйлийг бага багаар идэх нь хамгийн зохистой хооллолт болдог. Бага багаар өдөрт 5-6 удаа хоолло. Жирэмсэн үед гэдэс ходоодны ажиллагаа, хоол боловсруулалт удаашрах тул нэг дор их хэмжээгээр идэх нь маш муу. Ялангуяа сүүлийн саруудад хүүхэд томорч хөдөлгөөн нь ихэсдэг тул бага, багаар хооллох нь өөрт ч амар байдаг.
Жирэмсэн үедээ сэвхэдвэл төрсний дараа арилна
Биеийн арьсны зарим хэсгүүдэд жирэмсэн үед нөсөөжилт явагдаж харлаж эхэлдэг. Энэ нь жирэмсний дааврын нөлөөнөөс болж буй өөрчлөлт юм. Ялангуяа хацар, нүдний эргэн тойронд нөсөөжиж санаа их зовоодог. Энэ нь шаргал арьстай эмэгтэйчүүдэд олонтаа илэрдэг. Нарны туяа нөсөөжилтийг улам идэвхжүүлдэг тул нарнаас хамгаалах шил зүүх хэрэгтэй. Жирэмсэн үедээ сэвхэдвэл төрснийхөө дараа ихэвчлэн арилдаг.
Сайн унтаж байх хэрэгтэй
Жирэмсэн эмэгтэйд хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Өдөрт хамгийн багаар найман цаг унтаж амрах хэрэгтэй. Ер нь жирэмсэн болоход амархан ядарч сульддаг тул боломж л гарвал унтаж биеэ амрааж байх нь зөв. Нойргүйдэхээс зайлсхийхийн тулд яах вэ? Ардын уламжлалт ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух, орой унтахаасаа өмнө халуун ус ба ваннад орох, тав тухтай унтах боломжийг өөртөө бэлтгэх, жишээ нь жижиг ортой бол том болгох, ингэснээр дураараа хэвтэх, эргэж, хөрвөөх, хүссэн байрлалдаа хэвтэх боломжтой болно. Мөн унтахын өмнө ном унших, цэвэр агаараар амьсгалах, хөнгөн нэг хэмнэлтэй хөгжим сонсох зэрэг нь тустай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан