Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Баасан гарагт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа.
ХӨСҮТ-ийн гаднах тохижилтын ажлын явц 70 хувьтай байна
Ажлын хэсэг эхлээд ХӨСҮТ-ийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцав. ХӨСҮТ-ийн гадна 82,000 ам метр талбайг нисдэг тэрэг буух талбайтай, авто зогсоол, ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэгтэй иж бүрэн тохижуулахаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газрынхан өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд ажлаа эхлүүлжээ.“Өнөөдрийн байдлаар ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган зам, асфальтан хучилт нийт 8,900 ам метр талбайд хийгдэхээс 500-д хийгдээд байна. Борооны ус зайлуулах шугам, хоолой анх зурганд тусгагдаагүй байснаас ажил удааширсан. Шинээр борооны ус зайлуулах шугам, хоолойн зургаа гаргаад ажлаа эхлүүлээд явж байна. Ирэх лхагва гарагт бүх талбайг асфалтаар хучиж дуусгана” хэмээн УБЗЗАГ-ын Ерөнхий инженер Б.Баатархүү ярилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “ХӨСҮТ бол Монгол Улсын томоохон эмнэлгийн нэг. Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар. Хэдийгээр Эрүүл мэндийн яам хотод хандаагүй ч том хэмжээний 3-р шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийнх нь хувьд гадна зам, талбайг тохижуулж байгаа. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар маш муу ажиллсан байна. Энд бол газар чөлөөөлөлт хийх юмгүй. Ямар нэгэн суваг, шуудуу зайлуулах ажил байхгүй байхад ажил урагшлаагүй бүтэн дөрвөн сар орчим хугацаа өнгөрсөн байна.
Хэрвээ энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй байгаа бол буцаагаад өгөх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл 14 эмнэлгийн гадна талбайг тохижуулахад ингэж удсан газар байхгүй. Хэрвээ энэ маягаараа ажиллавал УБЗЗАГ-тай хот дахин гэрээ хийж, ажлаа хийлгэхгүй. Энэ тохижилтын ажлыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгасан байх шаардлагатай. 15-нд нь улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлдэх хэрэгтэй” хэмээн үүрэг болгов.
Үүний дараа ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Тохижилтын ажлын хүрээнд 16,000 ам метр талбайд асфальтан хучилт хийгдэж, нисдэг тэрэгний буух талбайтай, 200 авто машины зогсоолтой, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий тохижилтын ажил хийгдэхээр зураг төсөл нь гарсан байна. Тохижилтын ажлыг Энигма констракшн компани гүйцэтгэхээр болж өнгөрсөн зургаадугаар сарын 7-нд ажлаа эхлүүлсэн ч өнөөдөр бүрэн дуусгаагүй, ажлын явц удаашралтай байгаа юм.
“Ажил эхлээд удаагүй байхад зураг төслийн өөрчлөлт орсонтой холбоотойгоор ажил нэг сар гаран зогссон. 16,000 м2 талбайг асфальтаар хучихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 10,000 м2-ыг хуччихаад байна. Энэ сарын 30-н гэхэд тохижилтын ажлыг бүрэн хүлээлгэж өгнө” гэж Энигма констракшн компанийн дэд захирал О.Энхбаяр ярилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ жил ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн Яармаг салбар, БЗД-ийн эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газруудын тохижилтын ажил бүрэн дуусч, хүлээн авсан. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн тохижилтын ажил удаашралтай байгаа. Энэ эмнэлгүүд өөрсдөө том хэмжээний талбайтай. Компаниуд удирдлага зохион байгуулалт муутай, техник тоног төхөөрөмжөө зөв хуваарилаагүйгээс болж ажил удаашрах, доголдох нөхцөл үүсч байгаа. Тиймээс өөрийн биеэр газар дээр нь ажиллаж хугацаатай үүрэг даалгавар өгч байна.
Энэ хоёр эмнэлэг нь хоёулаа үндэний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Хоёуланд нь нисдэг тэрэг буух, хөөрөх талбай хийж байгаа. Ингэснээр Монгол Улсын аль ч өнцөг булан бүрээс өвчтөн ирээд үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн Улаанбаатар хотоос 2, 3-р шатлалын эмнэлгүүдээ олон улсын стандартад хүрсэн гадна тохижилт, зам талбайтай болгох зорилт тавин ажиллаж байгаа” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.