Монголчууд эртнээс махыг янз бүрийн аргаар боловсруулан хэрэглэсээр ирсэн ард түмэн. Мөн газар зүйн байршил, цаг уурын эрс тэрс уур амьсгалтай манай улсад Монгол хүний биед элдэв харшлах зүйлгүй нэн тохиромжтой хоол бол мах юм.
Дээхэн үед монголчууд малаа төхөөрч, махаа борцолж, хатааж хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан бол өнөө цагт хэт бэлэнчлэх сэтгэлгээ сууж, лаазалсан, болгож бэлтгэсэн, үйлдвэрийн хоол хүнсийг байнгын хэрэглээгээ болгодог нь энгийн л зүйл болж. Үүний нэг нь 1990-ээд оноос манайд “ДахуВан” нэртэйгээр Хятад улсаас оруулж ирсэн, өдгөө хэдэн зуун төрөл болтлоо хөгжиж, Монголын залуус төдийгүй хүүхэд багачуудын байнгын хэрэглээ болсон бэлэн хоол юм. Бэлэн хоол нь анх гарч ирэхдээ амт чанар хүний биед өгөх сөрөг нөлөө бага байсан.
Гэвч он жил өнгөрөх тусам өөр өөр савлагаатай, үнийн хувьд харилцан адилгүй чанарын шаардлага хангаагүй бэлэн гоймон олширсоор. Өөрөөр хэлбэл бэлэн гоймонгийн хэрэглээ хэрээс хэтэрч, түүнд тавих хараа хяналт сул байна гэсэн үг .Бэлэн гоймонг Солонгос, Хятад, Тайланд зэрэг чийглэг уур амьсгалтай орнуудад хэрэглэвэл нэн тохиромжтой болохыг эрдэмтэд нотолсон байдаг. Гэтэл манайхан эдгээр орнуудаас дутахааргүй хэрэглэдэг болсон нь нүдэн дээр илхэн. Та бидний идэх дуртай энэ хоолонд “Mono sodium Glumate” хэмээх найрлага агуулагддаг ба энэ нь бэлэн гоймонгийн амтыг сайжруулахад ашигладаг химийн бодис аж.
Дэлхий дээр энэ төрлийн бодисоос харшилдаг хүмүүс цөөнгүй бөгөөд энэ нь бэлэн гоймон идсэний дараагаар толгой өвдөх, нүүр халуу дүүгэх, яс янгинах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.Бэлэн гоймонг байнга идэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон бодисын солилцоо явагдахад асар их сөрөг нөлөөтэй болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм . Мөн бэлэн хоол нь эмэгтэйчүүдийн томоохон асуудлуудын нэг таргалалт, үргүйдлийн үндэс болдог гэнэ. Бэлэн хоол идсэний дараа хүний ходоодонд нэгэн төрлийн дайн болдог ба ходоод түүнийг шингээхийн тулд энгийн үеийнхээс 2 дахин хурдан ажилладаг аж.
Манайхан хүний биед муу гэдгийг мэдсэн хэрнээ “За яахав ганц удаа юм чинь” гээд л ахин дахин ходоодоо хордуулсаар л байдаг. Орой бэлэн хоол идсэн хүний ходоод махтай хоол идээд унтсан хүний ходоодноос хоёр дахин илүү ачаалж, шөнөжингөө амардаггүй гэнэ. Ходоодны шархлаа, хорт хавдар үүсгэгч олон хүчин зүйл байдгийн нэг нь бэлэн хоол гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулсаар л. Гэвч тухайн цаг үедээ л бие нь өвдөхгүй бол нэг их ойшоодоггүй манайхны хувьд чимээгүй дайсан нь хоол нэртэй хор болоод байна. Бэлэн гоймонгийн ноцтой баримтуудаас хүргэе: Бэлэн гоймон нь жирэмсэн болон тав хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог ба эхчүүдэд ургийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлж үр зулбах эрсдэл дагуулдаг бол багачуудын бие дахь хэрэгцээт амин дэм, уургийг шимэгдүүлж улмаар бяцхан үрсийг тань тэжээлийн архаг дутагдалд оруулдаг байна. Иймээс хэрэглэгч та бүхнийг энэхүү бичвэрийг зүгээр л уншаад өнгөрөх бус анхааралдаа аваасай гэж хүсье. Хоол чанар төдийгүй соёл болтлоо хөгжсөн 21-р зуунд бэлэн гоймон бидний хүнс мөнүү?
Л.Энхцэцэг
Bataar.mn