Хэдийгээр чи ажил хийж мөнгө олж байгаа ч гэсэн хамгийн үнэтэй зүйл эрүүл мэндээ алдаж болохгүй. Ажил гэдэг бол хүний амьдралын нэг хэсэг. Учир нь бид амьдралынхаа маш их хугацааг ажилдаа зарцуулах учраас энэ хамгийн чухал нь байх ёстой. Ихэнх архаг өвчнүүд ажил мэргэжилтэй холбоотой байдаг. Тиймээс ажлын байран дээр эрүүл мэндээ муутгадаг шалтгаануудтай танилцаж, урьдчилан сэргийлээрэй.
Илүү цагийн ажил
Ажлын байран дээр эрүүл мэндээ муутгасан тохиолдлын ихэнх нь хэт олон цагаар ажилласантай холбоотой байдаг. Биеийн хүчний болон оюуны ямар ч ажилд ачааллаа зөв тохируулахгүй бол илүү ажиллаад олсон мөнгөө эм, тарианд л зарцуулах болох нь. Их британийн судлаачид 11-ээс илүү цагаас ажилладаг хүмүүс зүрхний шигдээсээр өвдөх нь 67 хувиар нэмэгддэг болохыг тогтоожээ. Тиймээс ажлаа сунаж хийхгүйн тулд цагийг маш үр бүтээлтэй байх хэрэгтэй. Мөн ажлаа зохицуулаагүйгээс үүдэх стресс, уур бухимдал нь чиний эрүүл мэндэд сөрөг талтай.
Суугаа ажил
Суугаа ажил хийдэг бүсгүйчүүд олон байгаа байх. Олон жил хөдөлгөөнгүй ажил хийх нь эрүүл мэндэд аажмаар, ноцтой хохирол учруулдаг. Хөдөлгөөний дутагдлаас үүссэн таргалалт нь зүрх судас, бөөрний өвчлөлийг үүсгэж гоо сайханд ч ноцтой хохирол учруулна. Тиймээс ажлынхаа хажуугаар дасгал хөдөлгөөн байнга хийж байгаарай. Хүзүү нурууны хэсэгтээ хуянтай мөртлөө түүнийгээ тараалгаж, хөдөлгөөн хийхгүй бол аажимдаа ясны шохойжилт, гэмтэл, гажилт үүсдэг. Хуянтай мөртлөө булчингаа суллуулж, тунгалгийн бөглөрлөө эмчлэхгүйгээр шууд фитнесст явах нь тийм ч их үр дүнг өгөхгүй учраас, эхлээд бариа заслын аргаар биеэ эмчлээд аваарай. Хуянгаа нэг тараалгаад авсныхаа дараа зөв суух, ажлынхаа дундуур завсарлаж хөдөлгөөн хийх, тогтмол алхах, хөлсөө гаргах зэргээр амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулахыг зөвлөе. Мөн түүхий төмсний шүүсийг хоолны өмнө ууж байх нь булчингаар өвддөг, хуянтай хүмүүст хэрэгтэй.
Идэвхгүй тамхидалт
Тамхины эсрэг хуулийг үл хайхран энд тэндгүй татсаар л байдаг хүмүүс байна аа. Уушгины хавдар болон, зүрхний шигдээс тусаж байгаа хүмүүсийн өвчний ихэнх шалтгаан нь идэвхгүй тамхидалтаас үүсдэг гэдгийг судлаачид анхааруулдаг. Тиймээс бусдынхаа эрүүл мэндэд хохирол учруулаад байгаа залуу, бүсгүйд эелдгээр шаардлага тавьж сураарай.
Ажлын байрны орчин нөхцөл
Агаарын солилцоо муутай оффис, өвөлдөө хүйтэн байр гэх мэт ажлын байрны орчин нөхцлөөс болж эрүүл мэндийн асуудал үүсч болзошгүй байдаг. Тиймээс яг одоо цонхоо сайхан онгойлгож, агаар оруулж биеэ хүчилтөрөгчөөр цэнэглэж байгаад ажлаа гялалзуулаад өг. Мөн сонины газар, архивийн төв, олон компьютер зэрэг ажилладаг оффис зэрэг тоос шороо ихтэй орчинд ажилладаг бол өөрийнхөө санаачлагаар өдөртөө нэг удаа чийгтэй алчуураар бүх тавилга, төхөөрөмжөө арчиж байгаарай. Хүн хаана ч таатай, эрүүл орчноо өөрөө л бүрдүүлдэг. Түүнээс гадна өмнөх өдөр нь ууж байсан аягаа угаалгүйгээр шууд дахин хэрэглэх, бохир ус буцалгагчнаас унд уух зэрэг өөрийнхөө буруу хэвшлээс болж бид өдөр бүр маш олон төрлийн нян бактерийг биедээ авчирч байдаг гэдгийг санаарай.
Ажлын байрны аюулгүй байдлыг хадгалах
Ялангуяа барилгын ажил, химийн хортой орчинд ажилладаг бүсгүйчүүдэд хамаатай. Ажлын байран дээрээ хамгийн түрүүнд өөрийгөө аюулгүй байлгах талаас нь хамгийн их анхаараарай. Бээлий, маск, каск зэрэг өөрийгөө хамгаалах зүйлгүйгээр хэзээ ч битгий аюултай орчин нөхцөлд оч. Мөн ажлынхаа бүх залгууруудын хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгаж, ямар нэг газар шаталт үүсэх, масслах, тог цохих нөхцөл байгаа эсэхийг хар. Хэрвээ өөрөө хэлж мэдэхгүй байгаа бол "Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв"-ийн ажлын байрны стандарттай танилцах юм уу, мэргэжлийн хүнтэй нь холбогдож шалгуулаарай.