Сүүлийн үед хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээ мэдээлэл их цацагдаж, эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хяналт, анхааралаа сайжруулахыг албаныхан онцгойлон сануулж байгаа. Хүчирхийллээс гадна бага насны хүүхдүүд гэрийнхээ гадаа тоглох үедээ, хичээлдээ явах замдаа сураггүй алга болсон тохиолдлууд ч бүртгэгдэж, эрэн хайх ажиллагаа нэг, хоёр жил үргэлжилж байгаа тохиолдол ч бий.
Гэр бүл салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийллээс болж хүүхдийн язгуур эрх зөрчигдөх хандлага ихэссэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, “Дэлхийн Зөн Монгол” ОУ-ын байгууллага хамтран “Зөв тусгал” сарын аяныг эхлүүлсэн.
Энэ аяны хүрээнд дээрх байгууллагууд хамтран өнөөдөр тохиож буй Олон улсын гэр бүлийн өдрийг угтан Төрийн ордны их танхимд “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт зөвлөгөөн хийж, Төрийн тэргүүнээс эхлээд мэргэжлийн байгууллагууд, албаныхан болоод эцэг эхчүүд, хүүхдүүд гээд бүх талынхныг цуглуулан хамтдаа асуудлуудаа хэлэлцэж, зөвлөлдлөө.
Энэхүү зөвлөлгөөнийг хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, тэднийг эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад зорилгоор зохион байгуулсан. Зөвлөгөөний үеэр эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил гэсэн үндсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэг болов.
Эхний үеийн хэлэлцүүлгээр “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын ажилтан хүүхдэдээ эерэг хүмүүжил олгохдоо анхаарах ёстой 10 аргыг танилцуулсан юм.
Эерэг хүмүүжлийн 10 арга
1.Хүүхдээ хүндлэх
2.Хүүхдээ урамшуулах
3.Хүүхдээ хөдөлмөрт сургах
4.Гэрийн дүрэм тогтоох
5.Хүүхдэдээ сонголт өгөх
6.Буруу үйлдэл, зан араншинг нь засахаасаа өмнө ярилцах
7.Хүүхдээ байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрөх
8.Хүүхдэдээ шийдвэр гаргах боломж олгох
9.Хайрлаж, хамгаалж байгаагаа ойлгуулах
10.Хүүхдэдээ хугацаа өгч байх
Хоёр дахь хэлэлцүүлгийг Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга, нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл удирдаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Монголын сурагчдын холбооны лидер сурагч А.Оюун-Эрдэнэ нар оролцов.
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзоригийн дурдсанаар сүүлийн гурван жил 4900 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон гэнэ. Энэ дүнг нэгтгэж, судалгаа хийхэд ирээдүйн 10 жилд 16 мянган хүүхэд гэмт хэргийн золиос болох магадлалтай аж. Тиймээс энэ олон хүүхдийн амьдралд хар бараан сүүдэр тусгахгүйн тулд одооноос нийгэмд нөлөөлөхүйц олон аян зохин байгуулж буйн нэг нь “Зөв тусгал” юм байна. Өнгөрсөн 2018 онд 1000 гаруй дуудлага мэдээлэлд судалгаа хийж үзэхэд “Манай хүү, охин гэртээ агсам согтуу тавиад байна” гэх 5 орчим дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өдөрт ирдэг байна. Насны байдлаар нь авч үзвэл 20-30 насны залуус. Эдгээр залуус яагаад эцэг, эхдээ агсам согтуу тавьж байгааг судлахад 20, 30 жилийн өмнө эцэг эхчүүд нь хүүхэдтэйгээ хүн шиг харьцаагүйгээс шалтгаалжээ. Өөрөөр хэлбэл, тэд хүүхэд байхдаа эцэг, эхийн хайр халамжийг авч чадаагүй байна. Б.Батзориг хурандаа “Өнөөдөр та хүүхэдтэйгээ хэрхэн, яаж харилцаж байна 20, 30 жилийн дараа таны хүүхдээс яг ийм харилцаа гарна. Хүүхэд бол таны тусгал” гэдгийг онцоллоо.
Харин Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатар “Та хүүхдэдээ өдөрт чанартай 9 минутыг л зарцуулахад болно. Өглөө, өдөр, оройд гурав, гурван минутыг өөр зүйлд сатааралгүй хүүхдэдээ хандуулаарай. Түүнийг онцгой гэдгийг нь мэдрүүлж байгаарай. Миний хүүхэд бусад хүүхдээс илүү биш байж болно. Гэхдээ миний хүүхэд бүгдээс илүү онцгой. Эцэг, эхийнхээ хайраар миний хүү онцгой гэж хэлж бай. Энэ бол сул үг биш” гэдгийг танхимд цугларсан нийт хүмүүст хандаж хэлсэн юм.
2016 онд үүсгэн байгуулагдсан хүүхэд хамгааллын Түр хамгаалах байранд 1500 орчим хүүхэд үйлчлүүлжээ. Эдгээр хүүхдийг нас болон онцлогоор нь авч үзэхэд 36 хувь нь хоёр дахь гэрлэлтийн хүүхэд буюу хойд аав, ээжтэй хүүхдүүд багтсан байж. Тэд 35-аас доош насны эцэг эхтэй хүүхдүүд байсан гэх судалгаа гарчээ. Энэ талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Залуучууд айл гэр болж тоглож байна. Ямар ч хариуцлага хүлээхгүйгээр үр хүүхэдтэй болдог. Дараа нь золиосонд хүүхэд хохирч үлддэг.
Өмнө нь гэр бүл салахад хүүхдээ хэн авах вэ гэсэн асуудал маргаан үүсгэдэг байсан бол одоо өмчийн маргаан давамгайлдаг болсон нь хүний ёс суртахуунтай холбоотой болжээ. Мөн гэр бүлийн боловсрол олгох сургалт дандаа албан бус байдаг. Зайны сургалт, хичээлээс гадуурх сургалт л бий. Хүүхдийнхээ өмнө ийм, ийм үүрэг, хариуцлага хүлээж эцэг, эх болно гэдгийг хэн ч хэлж өгөөгүй. Тиймээс бид гэр бүл рүү чиглэсэн үйлчилгээг бий болгохоор ажиллаж байгаа” гэлээ.
Уг хэлэлцүүлгийн сүүлчийн илтгэлийг 67 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч А.Оюун-Эрдэнэ “Аав ээждээ хүргэх бидний үг” сэдвээр өрнүүлэв. Тэрбээр эцэг эхчүүдэд хандаж, хүүхэддээ нандин дурсамж үлдээж, чин сэтгэлийн халуун яриа өрнүүлж байхыг хүссэн. Мөн хүүхдээ найз нөхөд, анги хамт олных нь хэн нэгэнтэй харьцуулж “Муу дүн авлаа, хичээлээ хийсэнгүй, арчаагүй” гэх зэргээр итгэлийг нь, урмыг нь битгий хугалаарай гэдгийг захисан. Эцэст нь А.Оюун-Эрдэнэ эцэг эхчүүд хүүхдийнхээ найз шиг, итгэлтэй хүн шиг нь тэдний хэлэхийг хүссэн зүйлсийг анхааралтай сонсож, ярилцаж байхыг уриаллаа.
Энэ үеэр Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга, нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл нийгэмд айдастай түгшүүртэй мэдээллийг тараадаг шигээ нийгмийн сайн сайханд чиглэсэн мэдээллийг ч сошиал сүлжээгээрээ тараадаг байхыг онцолсон. Монгол хүмүүс дэлхийн дунджаас өдөрт 24 минутаар илүү хугацааг фэйсбүүк орчинд өнгөрүүлдэг байна. Тиймээс сөрөг, муу муухай мэдээллийг түгээхээс илүүтэй сайн сайхан мэдээ мэдээллийг бусадтайгаа хуваалцаж, нийгэмд зохилтой зүйлсийг тараахын зэрэгцээ сошиалын нөлөөллөөр хүүхдээ гэмт хэрэгт өртөхөөс давхар сэргийлж байхыг зөвлөгөөнд оролцсон нийт хүмүүст санал болгосон юм.
Э.Намуун