1961 оны өвөл. Антарктидад шинээр байгуулагдсан ЗХУ-ын судалгааны баазад ажиллаж буй 13 хүн энэ үеэр гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байв. Судалгааны багийн эмч нь Леонид Рогозов гэх залуу бөгөөд багийн гишүүдийн эрүүл мэндийг хариуцна.
1961 оны дөрвөн сарын 29-нд Рогозовын дотор муухайрч, халууран улмаар хэвлийн доод хэсэгт өвдөж эхлэв. Эмч хүний хувьд Рогозов энэ шинж тэмдгийг сайн мэдэж байв. Тэрээр мухар олгой тусчээ. (Мухар олгойн цочмог үрэвсэл)
Мэс засалд орохгүй л бол тэрээр үхэх аюултай байлаа. Гэвч хамгийн ойр байрлах ЗХУ-ын бааз 1600 км-ийн зайтай. Цасан шуурганы улмаас онгоц нисэх боломжгүй байв. Амьд үлдэх цорын ганц зам өөрөө өөртөө мэс засал хийх. Тэрээр баазынхаа цорын ганц эмч нь байсан юм.
Рогозов өдрийн тэмдэглэлдээ ингэж бичсэн байв.
“...Өнгөрсөн шөнө унтаж чадсангүй. Маш их өвдөж байна....Би ганцхан арга замын тухай бодож байна. Өөрөө өөртөө мэс засал хийх. Энэ боломжгүй ч байж мэднэ. Гэхдээ гараа хумхиад сууж чадахгүй нь.. ”
Гайхалтай нь тэрбээр үүнийг хийж чадсан юм. Дараа нь энэ талаараа тэмдэглэсэн байдаг.
“..Би бээлийгүй ажилласан. Харахад маш хэцүү байсан. Толинд харж байсан хэдий ч урвуугаар нь харуулдаг тул ихэнхдээ хуруугаараа тэмтэрч байв. Зүсэлт хийж байхдаа мухар олгойгоо гэмтээсэн тул буцааж оёх хэрэгтэй байлаа. Бие маань сулдаж, толгой эргэж байв. 4-5 минут тутамд 20-25 секунд амарч байв. Эцэст нь үрэвссэн сэртэнг авч чадлаа.Хамгийн аймаар нь зүрхний цохилт удааширч, гар яг л резин шиг санагдаж байсан тэр үед ингээд дуусдаг юм байжээ гэж бодож байсан. Гэвч удалгүй би өөрийгөө аврагдсаныг мэдсэн...”
Үүнээс хоёр долоо хоногийн дараа Рогозовын бие илааршиж, ажилдаа эргэн орсон бөгөөд түүний аймшиггүй зориг гаргасан энэ үйлдэл анагаах ухааны түүхэндэх нэгэн гайхамшиг болон үлдсэн юм.
Зөв Амьдрах амьдрал Page хуудаснаас