Манайх сүрьеэгийн тархалт өндөртэй бөгөөд жилд 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг

Сүүлийн үед сүрьеэ өвчний халдвар өндрөө авлаа. Хоёр сургуулиас уг өвчний халдвар авсан болох хүүхдүүдийн тоо их гарсан бол орон нутагч халдвар бүртгэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл сүрьеэ өвчний талаарх түгээмэл асуулт хариултыг хүргэж байна.
 
-Сүрьеэ гэж ямар өвчин бэ?

-Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед эдгэрдэг өвчин юм.
 
 -Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ? 
 
-Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаар жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Нас баралтын 95% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна. Дэлхийн хүн амын гуравны нэг нь (2.3 тэрбум хүн) сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байдаг.  Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байна. Сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэ тархаж байгаатай холбоотой дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Үүний нэг тод илрэл нь 2017 онд ОХУ-ын Москва хотод дэлхийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны эрүүл мэндийн сайд нарын Дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж “Москвагийн тунхаг”, 2018 онд НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар сүрьеэгийн асуудлыг анх удаа хэлэлцэж, “Сүрьеэг устгах –НҮБ-ын улс төрийн тунхаг” бичгийг батлан хэрэгжүүлж байна.
 
-Дэлхий дахинд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл хэр байна вэ? 
 
-Дэлхий дахинд 2017 оны тайлангаар 7.5 сая хүүхэд шинээр сүрьеэгийн халдвар авч, 1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 233,000 хүүхэд сүрьеэгийн улмаас нас барснаас 96% нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаагүй байна. Эцэг эх нь сүрьеэгээр нас барсаны улмаас жил бүр ойролцоогоор 10 сая орчим хүүхэд өнчирч үлдэж байна.
 
-Монгол Улсад сүрьеэ өвчин тулгамдсан асуудал мөн үү?
 
-Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 10 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байна. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Манай улсад жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж байгаа хэдий ч  сүрьеэгээс улбаалсан хүүхдийн нас баралт маш бага байна. Манай улсад сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулсан.

-Ямар орчинд сүрьеэгийн халдвар тархах өндөр эрсдэлтэй байдаг вэ? 
 
-Зарим орчин жишээлбэл эрүүл мэндийн байгууллага, хорих газар, асрамжийн газар, сургуулийн орчин зэрэг хүн ам олноор төвлөрсөн газруудад сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр байдаг. Өсвөр насныхан ихэнх цагийг сургуулийн орчинд өнгөрөөдөг болох нь олон судалгаагаар тодорхой болсон боловч тэдгээрийн цагаа өнгөрүүлж, сурч боловсорч буй энэ орчин нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгаа эсэх нь улс  орон бүрт харилцан адилгүй байна.

Олон улсад хийгдсэн судалгаагаар өсвөр насны хүүхэд, залуучууд сүрьеэгийн халдвар авах, өвчилсөн тохиолдолд бусаддаа халдвар тараах эрсдэл ихтэй байдаг байна. Хүүхэдтэй холбоотой гарсан дэгдэлтийн тойм судалгааны дүнгээс харахад нийт дэгдэлтийн 89.1% нь сургуулийн орчинд, 5.5% сургуулийн автобусанд,  3.4% өдөр өнжүүлэх төвд, асрамжийн төв, хүүхэд асрах газруудад хамгийн бага буюу 3.1% нь бүртгэгдсэн байна. Эдгээр судалгаануудын хувьд халдварын эх уурхай нь 62.5% нь сурагч байсан бол 25.8% багш, автобусны жолооч 6.3% нь байснаас үзэхэд хүүхэд бие биеэсээ халдвар авч сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.
 
-Сүрьеэгийн халдвар тархахад нөлөөлдөг ямар хүчин зүйлс байна вэ?
 
-Уушгины болон төвөнхийн сүрьеэтэй өвчтөн ханиах, найтаах, дуулах, ярих үед сүрьеэгийн нян агуулсан дуслыг агаарт цацах ба агааржуулалт муутай нөхцөлд сүрьеэгийн нян олон цагаар өрөө, тасалгааны агаарт хөвөн оршдог. Ингэснээр сүрьеэгийн нян бүхий бичил дусал агуулсан агаараар амьсгалснаар сүрьеэгийн халдвар авдаг.Сүрьеэгийн халдвар агааржуулалт муутай, хүн ам хэт бөөгнөрсөн орчинд маш хурдацтай тархдаг. Хүүхэд, өсвөр насныхан ихэнх цагийг гэр бүлийн орчноос гадна гадуур буюу сургууль дээр өнгөрөөдөг. Сургуулийн орчинд анги танхимд хүүхдүүд олноор цугларч, агаар сэлгэлт муутай байх зэрэг нь халдвар авахад шууд нөлөө үзүүлдэг. Монгол улсад хүйтэн сэрүүний улирал удаан хугацаагаар үргэлжилж, ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдлын аюулын улмаас цонх онгойлгож байгалийн агааржуулалт, агаар сэлгэлт хийх нөхцөл байхгүй болсон, үүний зэрэгцээ нэг ангид хичээллэх хүүхдийн нягтрал нэмэгдсэн зэрэг нь сургуулийн орчинд сүрьеэгийн дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлж байна.
 
-Сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ?
 
-Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодид амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхитэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.
Сүрьеэгийн далд халдвартай хүмүүс нь:
  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
  • Ямар нэг зовиур шаналгаа байхгүй
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг
  • Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг
Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг.
 
-Сүрьеэ өвчин гэж юу вэ?
 
-Хэрэв дархлааны тогтолцоо нь сүрьеэгийн нянг өсөж үржихээс сэргийлж чадаагүй үед сүрьеэ өвчин үүсдэг. Хэрэв нян нь уушгинд суурьшвал уушгины эдийг гэмтээдэг. Зарим хүмүүст сүрьеэгийн нянгийн эсрэг дархлааны систем тэмцэж эхлэхээс өмнө халдвар авсаны дараа богино хугацаанд сүрьеэ өвчин үүсдэг. Хүүхэд, бага насны хүүхдэд дархлааны систем сул, бүрэн хөгжөөгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай хүмүүс дархлааны систем маш сул байдаг. Доорх хүмүүст дархлааны систем сул байдгийг анхаарах шаардлагатай. Үүнд:
  • Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид
  • Чихрийн шижин
  • Уушги тоосжих өвчин
  • Толгой, хүзүүний хорт хавдар
  • Лейкеми, Ходжикны өвчин
  • Бөөрний хүнд өвчин
  • Биеийн жин багатай
  • Зарим эмчилгээ (тухайлбал: кортикостеройд эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах )
  • Ревматойдны артрит эсвэл Крони өвчний өвөрмөц эмчилгээ
Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтэнийг гэмтээснээс хамаарч шинж тэмдэг илэрдэг, тухайлбал уушгины сүрьеэгийн үед доорх шинж тэмдэг илэрнэ.
  • Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цэр, цустай цэртай ханиалгах
-Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг?
  • Сульдаж ядрах
  • Биеийн жин буурах
  • Хоолны дуршил буурах
  • Жихүүдэс хүрэх
  • Халуурах
  • Шөнө хөлрөх
-Сүрьеэгийн эсрэг эмийн гаж нөлөө гэж юу вэ?

 -Хэрэв та сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа бол эмч, сувилагчийн зааврыг чанд мөрдөх учиртай. Зарим эм нь гаж нөлөө үүсгэдэг. Зарим үед хөнгөн, зарим үед хүнд хэлбэрийн гаж нөлөө үүсгэж болдог. Хэрэв танд ноцтой гаж нөлөө илэрсэн үед эмч, сувилагч руу шууд утасдаж, зөвлөгөө авах шаардлагатай.

Хэрэв танд доорхи шинж тэмдгүүдийн аль нэгэн байгаа бол эмч, сувилагч руу шууд хандана уу.
  • Хоолны дуршил буурах
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Арьс, нүд шарлах
  • 3 ба түүнээс дээш хоног халуурах
  • Хэвлийгээр өвдөх
  • Хөл, гарын хурууны үзүүр бадайрах, өвдөх
  • Арьсаар тууралт гарах
  • Цээжний доод хэсгээр өвдөх
  • Арьс амархан хөхрөх
  • Буйлнаас цус гоожих
  • Хамраас цус гаргах
  • Шээсхар эсвэл бор өнгөтэй болох
  • Үеэр өвдөх
  • Толгой эргэх
  • Нүдний хараа муудах
  • Чих шуугих
  • Сонсгол буурах
Доорх гаж нөлөөг хөнгөн хэлбэрийн гаж нөлөө гэж үздэг. Хэрэв танд эдгээр гаж нөлөөний аль нэг нь байвал эмээ үргэлжлүүлэн хэрэглэж болно.
  • Рифампицин нь шээс, шүлс, нулимсны өнгийг улбар шар болгож хувиргадаг. Энэ үед нүдний контокт линз зүүж болохгүй. 
  • Рифампицин нь наранд илүү мэдрэмтгий болгодог. Тиймээс эмчилгээний явцад биеийн ил хэсэгт нарнаас хамгаалах тосыг сайтар хэрэглэх хэрэгтэй. 
  • Рифампицин нь жирэмслэлтээс хамгаалах эм, суулгацын идэвхийг сулруулдаг. Иймээс эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах өөр аргыг сонгон хэрэглэх хэрэгтэй.
-Шууд хяналттай эмчилгээ гэж юу вэ? 
 
-Эмчилгээг тууштай хийлгэх хамгийн сайн арга бол шууд хяналттай эмчилгээ юм.  Хэрэв шууд хяналттай эмчилгээ хийлгэвэл эрүүл мэндийн ажилтан, сайн дурын ажилтантай та өдөр бүр уулзах болно. Та уулзах газраа тохиролцох ёстой. Энэ нь сүрьеэгийн эмнэлэг, диспансер, өдрийн эмчилгээний цэг, өрх болон сумын эмнэлэг, таны гэр, ажил, сургууль эсвэл бусад тохиромжтой газар байж болно. Энэ ажилтан нь танд гаж нөлөө илэрч байгаа эсэхийг хянах, сүрьеэгийн талаар таны асуултанд хариулт өгөх болно. Та эм ууж байх явцдаа эмч, сувилагч нарт тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Энэ нь таныг эдгэрч эмчилгээ дуусах хүртэл үргэлжлэх болно.
 
-Хэрэв шууд хяналттай эмчилгээ хийлгээгүй үед яах вэ? 
 
Та эмчилгээг амжилттай дуусгаж, эдгэрэх цорын ганц арга бол эмч, сувилагчийн хяналтанд шууд хяналттай эмчилгээ хийлгэх юм. Гэхдээ энэ нь тийм ч амар биш байж болох юм!Та эмээ удаан хугацаагаар (14 хоног ба нэг сараас дээш) авсан байж болно, тиймээс та тодорхой дэг журамтай байх ёстой.
Эмээ мартахгүй уухыг сануулах зарим аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Өдөр бүр эмийг тодорхой цагт уух хэрэгтэй, Жишээлбэл, та өглөөний цай уухын өмнө, цайны завсарлагааны үеэр,  эсвэл шүдээ угаасны дараа гэх мэт
Таны гэр бүлийн хэн нэгэн, эсвэл найз чинь эмээ уухыг сануулах
Эм ууснаа өдөр бүр хуанли дээр тэмдэглэж байх
Долоо хоногт уух эмээ өдөр бүрээр нь ялган эмийн зориулалтын саванд хийж, орны дэргэд тавих, эсвэл түрийвч, эсвэл халаасандаа хийх
Хэрэв та нэг өдөр уух эмээ мартсан бол энэ тунг алгасч дараагийн товлосон тунг уух хэрэгтэй. Эмийн тунг уухаа мартсан тухай эмч, сувилагч нартаа заавал хэлэх ёстой. Эмч, сувилагч руу утсаар залгаж, зааварчилгаа авч болно.
 
-Сүрьеэ өвчин тархахаас хэрхэн сэргийлэх вэ?

-Сүрьеэгийн тархалтыг зогсоох хамгийн чухал арга бол эм, сувилагчийн зааврын дагуу бүх эмийг уух явдал юм. Түүнчлэн та эмнэлгийн бүх бичиг баримтыг хадгалах хэрэгтэй! Танд өөр цээжний рентген, эсвэл цэрний шинжилгээ хэрэгтэй байж болно. Эдгээр шинжилгээнүүд нь эмүүд хэрхэн үйлчилж байгааг хянахад маш чухал юм. Мөн та сүрьеэгийн нянг бусдад тараах боломжтой байгаа эсэхийг эдгээр шинжилгээний хариунаас мэдэж болно.
Та халдвартай байх хугацаандаа гэр бүл, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалах ёстой. Үүнд:
  • Та сүрьеэгийн эмийг шууд хяналттай уух, энэ бол хамгийн чухал
  • Та ханиах, найтаах, инээх үед ам хамраа гарын тохой эсвэл алчуур, сальфетка зэргээр байнга таглаж байх
  • Та сургууль, ажилдаа явж болохгүй. Хэн нэгэнтэй ойрын хавьтал болохоос зайлсхийх, бусдаас өөрийгөө тусгаарлах
  • Гэр бүлийн гишүүдээс тусдаа унтлагын өрөөнд унтаж байх
  • Өрөө тасалгаа, гэртээ цэвэр агаар оруулж байх, (гадаа хэт хүйтэн биш бол..)
  • Агаарын хөдөлгөөн байхгүй, жижиг орон зайд сүрьеэгийн халдвар илүүтэй тархдаг
  • Цонх, хаалгыг онгойлгож цэвэр агаар оруулж байх нь өрөө, тасалгаанд байгаа хүн бохир агаар амьсгалж, халдвар авах эрсдлийг бууруулдаг
  • Сүрьеэ агаараар дамжин тархдаг гэдгийг санаж байх хэрэгтэй.
  • Харин гар барих, бие засах суултуур, аяга, таваг зэргээр сүрьеэгийн халдвар дамжихгүй
  • Та сүрьеэгийн эмийг 2 болон 3 долоо хоног уусны дараа бусдад сүрьеэгийн халдвар тараах эрсдэл буурдаг. 
 

 О.Гэрэл
Оллоо.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан