15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн сурагчид сүрьеэгийн халдвар авсныг нууж байсан нь өчигдөр илэрлээ. Тус сургуулийн 1710 сурагчтай бөгөөд 529 нь сүрьеэгийн халдвар авсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Эцэг эхчүүд “Сүрьеэгийн халдвар багшаас нь дамжин халдварласан” гэж үзэж байгаа аж. Тодруулбал, тус сургуулийн нэг багш 2017 онд сүрьеэ өвчнөөр өвчилж байжээ. Энэ талаар сургуулийн төлөөллөөс тодруулахад, “Манай сургуулийн багш сүрьеэ өвчнөөр өвчилсөн нь үнэн. Гэхдээ хоёр жилийн өмнөх явдал. Тухайн үед эмчилгээгээ хийлгээд эдгэрсэн. Бид ХӨСҮТ-өөс “Энэ багш бүрэн эдгэрсэн. Одоо ажилдаа орж болно” гэх тодорхойлолт авсны үндсэн дээр тухайн багшийг ажилд нь буцааж авсан” гэв.
Сүрьеэ бол нийгмийн онц аюултай халдварт өвчин. 529 хүүхэд ганцхан өдрийн дотор өвчний халдварыг авахгүй. Хоёр жилийн хугацаанд тус сургуулийн хүүхдүүд ээлж дараалан эмнэлэгт хандах, шинж тэмдэг илэрч байхад сургуулийн удирдлагууд, цаашлаад ХӨСҮТ, ЭМЯ, БСШУСЯ яагаад өнөөдрийг хүртэл нуув. Эрт арга хэмжээ авч эхэлсэн бол энэ олон хүүхдийг халдварт өвчний нян тээгч болгохгүй байх нөхцөл байсан. Энэ талаар салбар хариуцсан сайд нараас тодруулахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Сургуульд карентин тогтоох эсэх асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ. Бид шууд дур мэдээд шийдвэр гаргачихаж болохгүй. ХӨСҮТ-өөс баг гарчихсан сургууль дээр ажиллаж, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх процесс үргэлжилж байгааюм байна гэсэн мэдээллийг авсан. Одоогоор цаашид яах вэ, ямар арга хэмжээ авах вэ зэрэг асуудлыг танилцуулж бэлэн болоогүй байна. Эдгээр зүйл тодорхой болохоор шаардлагатай арга хэмжээг нь аваад явна. Хаана ямар хариуцлага алдсан нь тодорхой болсны дараа хариуцлагын асуудал яригдана” гэх хариултыг өгсөн юм.
Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр (өчигдөр) өглөө ЭМЯ-наас ажлын хэсэг гарч ажилласан. 2015 оноос хойш буюу дөрвөн жилийн турш энэ сургууль дээр сүрьеэгийн халдвар гарсаар байжээ. Энэ асуудлыг ХӨСҮТ хяналтдаа авч, эмчилгээ хийж байна. Мэдээж эцэг, эхчүүд энэ асуудалд нэлээн эмзэглэж байгаа. Эмчилгээ их хүнд, хүүхдийн элэг гэмтээх хэмжээнийх юм байна. Тиймээс эмчилгээ хийх хэрэг байна уу, үгүй юу гэдэг асуудалхүртэл ярьж байгаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-ийнхний шалгалтаар 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилснийг батлаад байна. Өмнө 15 дугаар сургуульд сүрьеэгээр өвчилж байсан багш ажиллаж байсан юм байна. ХӨСҮТ-өөс эмчилсэн гэсэн бичиг хийж өгөхгүй. Эмчлүүлээд гарлаа гэсэн лист бичиж өгнө. Түүнээс биш сүрьеэгүй гэдэг бичиг хийж өгөхгүй” гэлээ.
Харин ХӨСҮТ-ийн сүрьеэгийн албаны их эмч Д.Наранзул “Тус сургуулийн сүрьеэгээр өвчилсөн багш болон зарим хүүхэд бүрэн эдгэсэн. Заримынх нь эмчилгээ дууссан. Эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа хүүхдүүд ч бий. Сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийг өвчлүүлэхгүй байхын тулд урьдчилан сэргийлж изониазид гэдэг эмийг уулгаж байгаа. Түүнээс биш сүрьеэгээр өвчилсөн болохоор уулгаж байгаа мэтээр ойлгож болохгүй. 15 дугаар сургуулийн хүүхдүүдийн тоо их учир агааржуулалт муутай.
Эцэг эхчүүд “Сүрьеэ багшаас дамжин халдварласан” гэж үзжээ
Ийм орчинд дархлаа султай хүүхдүүд бөөгнөрч байгаа нь сүрьеэгийн халдвар тархах, өвчлөх нөхцөл бүрдүүлж байна. Цаашид өөр сургуульд ч ийм асуудал гарч болно. Тиймээс нягтралыг бууруулах, багш ажилчдын ачааллыг багасгах, нэг ангид ногдох хүүхдийн тоог стандартын дагуу байлгах, агааржуулалтын системийг сайжруулах, цонхыг онгойлгож агаарын солилцол бий болгох хэрэгтэй. Сүрьеэ нь хөл хорио тогтоох өвчин биш учраас сургуулийг хаах шаардлага байхгүй. Сүүлийн үед тус сургуульд сүрьеэгийн халдвар нэмэгдээд байгаа нь 2017 оноос хойш урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсантай холбоотой” хэмээн тайлбарлав.
Г.Санжааханд
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан