Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад "Эбола" вирусийн халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж, 420 давснаас 60 орчим хувь нь нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээлжээ.
Түүнчлэн өвчтнүүдийн дийлэнх буюу 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Олон улсын эрүүл мэндийн тусламжийн хорооны дарга Роберт Стеффаны мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сарын 1-нд уг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүмүүсийн талаас илүү хувь нь нас барсан аж.
Тус улсад 2013 оноос 2016 онд дэгдсэн “Эбола” вирусийн халдварын улмаас 11 мянга гаруй хүн нас барж байсан бөгөөд одоогийн тархалт нь нас барагсдын тоогоор хоёрдугаарт жагсах хэмжээнд хүрчээ. Мөн 1976 онд энэ өвчний анхны тохиолдол Конго улсад бүртгэгдэж байснаас хойших олон нийтийг хамарсан 10 дахь тархалт энэ болсон байна.
Конго улстай хил залгаа оршдог улсуудад уг өвчин тархах өндөр магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэхийг ДЭМБ-аас тус улсуудын эрх баригчдад анхааруулаад байна. Мөн бэлтгэл ажилд санхүүгийн тусламж шаардлагатай тохиолдолд олон улсын нийгэмлэгүүдээс тусламж хүсэхийг уриалжээ.