Эрдэмтэд 60 гаруй жилийн өмнө эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалахыг эм зохион бүтээсэн ч эрэгтэйчүүдэд тохирох аюулгүй, үр дүнтэй эм хараахан хэрэглээнд нэвтрээгүй байна.
Харин саяхан Лос Анжелес хотын Биоанагаахын Судалгааны Хүрээлэнгийн эрдэмтэд 11-beta-MNTDC нэртэй эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийн туршилтыг амжилттай хийсэн тухай BBC агентлаг мэдээлжээ. Тэд 40 эрэгтэйг сонгож 28 хоногийн турш уг эмийг уулгаж, үр дүнг нь хянаж үзсэн байна.
"Үр дүнгээс үзэхэд энэ эм нь бэлгийн дур хүслийг бууруулахгүйгээр эр бэлгийн эсийн дааврын боловсруулалтыг бууруулж байсан" гэж Биоанагаахын Судалгааны Хүрээлэнгийн нөхөн үржихүйн биологич Кристина Ван ярьжээ.
Туршилтын эмийг уусан эрэгтэйчүүдийн биед ямар нэгэн ноцтой сөрөг, гаж нөлөө ажиглагдаагүй бөгөөд эр бэлгийн эсийн ялгаралтад гол нөлөө үзүүлдэг хоёр гормоны түвшин эрс буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин цөөн хэдэн эрчүүдэд ядрах, толгой өвдөх, батга гарах гэх мэт жижиг өөрчлөлтүүд гарсан аж.
Хэдийгээр туршилт амжилттай болсон ч хүрээлэнгийн эрдэмтэд эмийн үйлчлэлээс илүү аюулгүй байдалд анхаарал тавьж байгаагаа онцлов. Мөн энэ удаагийн туршилт харьцангуй богино хугацаанд үргэлжилсэн байна. Эр бэлгийн эсийн ялгаруулалт бүрэн зогсож буй эсэхийг харахын тулд дор хаяж 3 сарын турш ажиглах хэрэгтэй гэж тэд үзэж байгаагаа дуулгажээ. Мөн ойрын 10 жилд энэ төрлийн эм зах зээлд нэвтрэх боломжтой болно гэж таамаглал дэвшүүлсэн байна.
Эх сурвалж: BBC, Science Alert