Америкийн биотехнологчид эрчүүдэд зориулсан үр тогтохын эсрэг эмийг амжилттай туршсан тухай Eurek Alert сайтад бичсэн байна.
Судалгаанд 40 эрүүл эрэгтэй оролцжээ. Тэдний арав нь дууриамал эм, үлдсэн нь туршиж буй бэлдмэлийг хэрэглэсэн байна. Эрчүүд эмийг 28 өдрийн туршид өдөрт нэг удаа ууж байжээ. Эмийн дагалдах нөлөө бага байсан бөгөөд голдуу ядарч, толгой өвдөх юмуу арьсан дээр тууралт гарч байсныг мэдээлж байна. Гэхдээ туршилтад оролцогчдын нэгэнд нь ч сексийн идэвхи буурсан нь ажиглагдаагүй ажээ.
Дааврын энэ бэлдмэл нь эр бэлгийн даавар болон прогестероны шинжийг өөртөө агуулсан шинэчилэгдсэн тестостерон юм. Энэ нь эр бэлгийн эсийн идэвхийг дарангуйлах боломж олгодог байна.
“Дааврын хоёр идэвхит чанарыг өөртөө агуулсан энэ эм нь дур хүсэл хэвээр байх нөхцөлд эр үрийн шингэний ялгаралтыг багасгадгийг бидний туршилтын дүн харуулж байна” гэж анагаахын шинжлэх ухааны доктор Кристина Ванг хэлжээ.
Одоо эрдэмтэд илүү урт хугацааны туршилт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хэрвээ бэлдмэл үр нөлөөтэй болвол, илүү томхон туршилтад шилжихээр төлөвлөж байгаа гэнэ.
С.Инда
Bataar.mn