Нийслэлийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, SSM буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлого гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл бид энэ удаад хүүхдүүд яг юунаас хордсон, биеийн байдал нь хэр байгаа, албан ёсны шинжилгээний хариу нь хэзээ гарах вэ гэсэн олон нийтийн дунд хүлээлт ихтэй байгаа асуултуудад хариулт авахаар ЭМЯ, НМХГ, ХӨСҮТ-тэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
Эхлээд бид Эрүүл мэндийн яамнаас, хүүхдүүд яг ямар хоолноос хордсон талаар тодруулахад, "Тус сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрсэн. Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа аж. Хоол, хүнснээс дээж авч, Мэргэжлийн хяналтын лабораторид шинжилж байгаа" гэв.
Дараа нь бид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэнд, соёлын хэлтсийн дарга Б.Цэнд-Аюушаас лабораторийн шинжилгээний хариу хэзээ гарах талаар тодруулсан юм. Тэрбээр, "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ХӨСҮТ-өөс дуудлага ирүүлж, "БЗД-ийн 26 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Singapore School of Mongolia” сургуулийн найман хүүхэд цусан суулга өвчнөөр өвчилсөн" гэсэн мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу манай БЗД-ийн мэргэжлийн хяналтын албанаас тухайн сургуульд очиж халдварын голомтод тандалт судалгаа хийж ажиллалаа. Тухайн өдөр нийт 173 хүүхэд, 32 багш тухайн хоолноос идсэн. Үүнтэй холбоотойгоор тус сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Үдийн цайнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүдээс 43 дээж авч УМЭАЦТЛ-д өгсөн. Тухайлбал, Бид "Үдийн цай" хэрэгжүүлэгч ААН-ын мэдүүлснээр "Хүчит шонхор" захын тахианы мах авсан гэх лангууг түр хугацаагаар хааж, тахианы махыг нь хураасан. Тахианы махаа урдаас оруулж ирдэг юм байна лээ. Лабораторид найман дээжийг нь өгч шинжлүүлсэн. Лабораторийн шинжилгээний дүн хараахан гараагүй байна" гэсэн юм.
Харин хордсон хүүхдүүдийн биеийн байдал хэр байгаа талаар ХӨСҮТ-өөстодруулахад, Одоогоор өвчний хам шинжтэй 84 хүн байгаагаас 44 хүн хэвтэж эмчүүлж байна. Хоёр хүүхэд сэхээнд байна. Гэрээр 40 хүн эмчлүүлж байна. Урьдчилсан байдлаар 30 хүнээс шегелийн нян илэрсэн нь тогтоогдсон. Хордсон хүмүүсийн биеийн байдал сайжирч байгаа гэв.
Дашрамд сонирхуулахад, 2019 онд гарсаар нийслэлийн хоёр сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарчээ. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангаагүй нөхцөлд удаан хугацаагаар хадгалдаг, гал тогооны өрөөний урсгал дамжлага буруу, технологийн горим алдагдсан, ажилчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол ордоггүй зэрэг эрүүл ахуй, халдвар хяналтын дэглэмийг зөрчсөнтэй холбоотой байгааг ЭМЯ-наас мэдээлж байгаа юм.
Т.Гэрэл