Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 4-нд болсон. Гэвч тус төвийн үйл ажиллагаа одоогоор эхлээгүй байна. Өмнөх байрнаасаа бүрэн нүүж шинэ байрандаа орсон ч зарим тоног төхөөрөмжөө суурилуулах, тохижилт, халдвар хамгаалалтын ажлууд хийгдэж байгаа юм байна
Энэ талаар НШЭНТ-ийн Сургалт Эрдэм шинжилгээ, Гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Ц.Байгаль “Эрүүл ахуй, халдвар хамгаалалын багц шинжилгээг Дүүргийнхээ мэргэжлийн хяналтын газар хийлгэсэн. Шинжилгээний хариунууд эхнээсээ гараад, засч сайжруулах зарим зүйлийг засч байна. Эмнэлэг бол ямар нэг халдвар тараахгүй, маш эрүүл орчин байх ёстой” гэв.
Дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх шинжилгээний хариунууд гарч, зарим нэг муу үзүүлэлт гарсан зүйлсээ засаад ирэх сараас эхлэн үйлчлүүлэгчдээ хүлээн авах гэнэ.
Тус төв нь 1986 онд байгуулагдсан бөгөөд жилд 100-120 мянга гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдэж, жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой гэж үзэж байгаа юм.
Сүүлийн таван жил түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн тус төв өөрийн гэсэн зориулалтын байртай болсон бөгөөд Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тус бүр хоёр кабинетыг бүрэн тохижуулж өгчээ. Үүгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд бүрт тусламж үзүүлэх цогц үйлчилгээтэй кабинет болж байгаа нь давуу талтай гэдгийг эмч, ажиллагсад хэллээ.