Хамгийн ачаалал ихтэй эмнэлэгүүдийн нэг бол Хавдар судлалын үндэсний төв яах аргагүй мөн. Үүрийн 06 цагаас үдшийн 00.00 цаг хүртэл хөл хөдөлгөөн ихтэй. Өдрийн цагаар түм түжигнэж бум бужигнана. Эмч ажилтнууд нь ч “Мөнхийн ийм ачаалалтай байдгийг мэднэ биз дээ” гэж тоосон шинжгүй.
Өнгөрсөн долоо хоногт тус эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Ганзоригтой уулзахаар цаг товлож очлоо.
Үүдэнд нь оочерлоод суучихсан хүмүүс урдуураар оруулах шинжгүй. Эмчтэй утсаар ярихад “Завгүй байна түр хүлээж бай. Би өвчтөн үзэж байна” гээд утсаа таслав. Түүнээс хойш удаан хүлээв. Ийм л ачаалалтай байдаг байх нь. Тус тасагт долоо хоногт гэхэд хагалгаанд орох хүмүүсийн оочер 40-өөс хол давдаг. Долоо хоногт 20-30 хүн хагалгаанд оруулдаг. Гэхдээ нэг хүнд дээр хэдэн цаг болохоос их шалтгаална гэв.
Эмнэлгийн гурав, дөрөвдүгээр давхар их хүнтэй, суух ч газар олдохгүй кордиорт цаас дэвсээд эсвэл хувцсаа дэлгээд эгнээд суучихсан байх жишээний. Өвчиндөө шаналж, аврал эрсэн хүмүүсийн өрөвдөм царайг харах үнэхээр хэцүү.
Үсээ хусуулчихсан, маск зүүсчихсэн ээжийнхээ өвөр дээр шаналангуй хэвтэж байгаа жаахан охин ч эмчийн үүд сахиастай. Тэрбээр эмнэлэгт хэвтэх өдрийнхөө оочерийг наашлуулах санаатай эмч дээр орох ээлжээ хүлээгээд сууж буй.
Тасгийн эрхлэгч Б.Ганзоригийн ярьснаар “Монголд жил болгон 5000 гаруй шинэ хавдрын тохиолдол бүртгэгдэж байна. Гэвч 3800 гаруй нь хожуу үе буюу хүндэрсэн шатандаа орчихсон байдлаар илэрч байгаа нь харамсалтай эмгэнэлтэй тоо юм. Тийм үед эмчилгээний сонголт бараг байхгүй тавилан муутай гэсэн үг. Жил болгон хавдрын улмаас 4000 хүн нас барж байна” гэв.
-Ер нь манайд ямар төрлийн хавдар илүү түгээмэл тохиолддог вэ?
Нийт хортой хавдрын 40 хувь буюу 2000 гаруй тохиолдол нь элэгний хорт хавдар. Энэ тоо дэлхийд бараг нэг номерт явж байгаа. Өөрөөр хэлбэл, манайх элэгний хорт хавдраар дэлхийд нэг номерт явж байна гэсэн үг шүү дээ. Харин хоёрт ходоодны хорт хавдар байна. Энэ хавдар өвчлөлөөрөө дэлхийд хоёрт ордог ч нас баралтаараа манайх нэгд явдаг юм. Гуравдугаарт уушгины хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, умай хүзүүний хорт хавдар гэх мэт орно.
Нас баралтаараа бол дээрх хоёр хорт хавдраар манайх толгой цохиж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй шүү.
Хавдраар өвчилж буй хүмүүсийн 90 хүртэлх хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна.
Сүүлийн 10 жилд амбулториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1.6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтний тоо 67 хувиар өссөн талаар онцлож хэлэв. Тэгэхээр жилээс жилд энэ эмнэлгийн ачаалал нэмэгдэж, хорт хавдраар өвчилсөн эсвэл эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах гэсэн иргэдийн хөлд дараастай хэвээрээ.
Хорт хавдар үүсгэх гол шалтгаан нөхцөл юу вэ?
Эмчийн хэлж буйгаа “Олон шалтгаан бий. Гадаад дотоод хүчин зүйл, физикийн хүчин зүйл гээд олон зүйлээр ангилж болно.
Нөгөөтэйгүүр идэж ууж байгаа хоол хүнс, амьсгалж байгаа хортой агаарын бохирдлоос болж байна. Сүүлийн үед биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг ялангуяа эмэгтэйчүүд хүүхдүүд их хэрэглэдэг болжээ. Хүүхдийнхээ өсөлтийг дэмжиж, оюун ухааныг нь сайжруулах гэж элдэв химийн найрлагатай витамин нэртэй хор авч өгч, хордуулж байгаа талаар эмч онцлож хэлсэн.
Турах хүсэлтэй бүсгүйчүүд минь элдэв тураах цай, кофе хэрэглэдэг. Сүүлийн үед ийм бэлдмэлээс болж охид бүсгүйчүүд хорт хавдраар өвчлөх, нарийн гэдэсний шархлаа болж зутангаас өөр юм идэж чадахаа больсон байна шүү.
Ходоодны хагалгаанд орох гэж байгаа ахимаг насны эгч дээрх эмч дээр орж ирээд хагалгаанд орох өдрөө ярилцаад гарав. Өвчлөл нь хожуу шатандаа оржээ.
Тэрбээр олон жил тураах эм бэлдмэл хэрэглэсний гороо амссан юм байна. Долоон жил тураах цай болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн бөгөөд өнгөрсөн хавар ходоодны хорт хавдартай гэдгээ мэджээ.
Тэгэхээр эмэгтэйчүүд маань болгоомжтой, зөв мэдээлэлтэй байх нь аливаа эрсдлээс хамгаална гэдгийг онцлов. Насаараа гоё сайхан, туранхай гоолиг явах юм шиг санаад эцэстээ өвчний үүр, хорт хавдартай болж хорвоог орхино гэдэг эмгэнэлтэй.
Таны худалдаж авч байгаа гоё чамин ганган амттай хоол хүнс эцэстээ хор байдаг, үхэлд хүргэдэг шүү гэдгийг анхаарвал зохилтой болов уу. Хүүхдүүддээ ч хор битгий худалдаж авч өгч бай.
Хожуу шатандаа орсон бол эмчлэх боломжгүй. Ер нь хорт хавдар гэдэг үхлийг дийлдэг өвчин гэж ярьдаг. Гэхдээ эрт илрүүлсэн бол эмчлэх боломжтой. Гэхдээ төгс биш ч амьдрах насыг нь уртасгадаг талаар эмч ярилаа.
Баруун аймгийн иргэдэд улаан хоолой болон ходоодны хорт хавдар илүү зонхилдог гэнэ. Энэ нь нөгөө хэт их давсны хэрэглээтэй холбоотой аж. Түүнээс гадна хэт их халуун хоол цайг идэж уух нь улаан хоолойн хавдар үүсэх шалтгаан болдог байна шүү. Элдэв өвчлөлөөс хамгаалахын тулд зөв дадал хандлага маш чухал юм байна гэдгийг эцэст нь онцолъя.
О.Сайхан
Оллоо.mn