Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь “Оюутолгой” компанид Энэтхэг улсаас ажиллахаар ирсэн иргэнээс Улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт гарсан билээ.
Одоогоор өвчтнийг тусгаарласан бусад ажилчдад дархлаажуулалтын вакцин хийсэн байгаа. Иймд Эрүүл мэндийн сайдын 08 тоот албан даалгаврын хүрээнд улаан бурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж, 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг холбогдох байгууллагуудад захиалжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтыг хийж эхлээгүй байгаа. Бидний тооцоолж буйгаар 510 мянган хүнд тун вакцин 8-17 насныханд хүрэлцэнэ гэж үзээд захиалгаа өгсөн. Улаанбурхан өвчний эсрэг вакцин ирсний дараагаас тов гарна. Одоогоор энэ өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдол байхгүй” гэлээ.
Улаанбурхан өвчин нь вирусийн гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм.
Ялангуяа улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй.
Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн өөрөө эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид даруй хандах нь чухал бөгөөд бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.