Үндэсний хоол-гаспачо, паэльягийн ачаар ч байж мэдэх юм, Испани улс саяхан Италийг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн эрүүл орон боллоо. Bloomberg Healthiest Country индексийн 2019 оны жагсаалтад 169 улсыг эрүүл мэндийн чухал үүрэгтэй хүчин зүйлсээр эрэмбэлж шалгаруулав. Испани улс өмнөх шалгаруулалт буюу 2017 оны жагсаалтад зургадугаарт бичигдэж байсан юм.
Энэ оны шилдэг 10 байрын дөрвийг нь Европ тивийн улс эзэллээ. Гуравдугаарт Исланд, тавдугаарт Швейцар, зургадугаарт Швед, есдүгээрт Норвеги оров. Харин Япон улс Ази тивийн хамгийн эрүүл чийрэг үндэстнээр шалгарч, 2017 оны жагсаалтаас гурван байр дээшилж дөрөвдүгээрт орсноор Сингапурыг ардаа орхив.
Үүнээс харахад Хятад иргэд ч 2040 он гэхэд дундаж наслалтаараа АНУ-ыг гүйцэж түрүүлэх төлөвтэй.
Урьд нь дөрөвдүгээрт орж байсан Сингапур шинэ жагсаалтад есдүгээр байр руу ухарлаа. Австрали болон Израиль шилдэг 10-ын жагсаалтад багтаж долоо,10 дугаар байрыг тус тус эзэлжээ.
Bloomberg-ийн индекс нь дэлхийн улс орнуудыг тамхины хэрэглээ, таргалалт зэрэг өндөр эрсдэлээр оноо хасах замаар хүн амын наслалтыг олон хувьсагч үзүүлэлтэд суурилан эрэмбэлдэг. Жагсаалтад цэвэр ус, халдваргүйжүүлэлт зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг ч харгалзан үздэг юм.
Испани нь Европын холбооны улсууд дотроо хамгийн өндөр наслалттай улс. НҮБ-ын статистикаас үзвэл тус улс иргэдийнхээ дундаж наслалтаар Япон, Швейцарын дараа дэлхийд гуравдугаарт ордог.
Цаашид 2040 онд гэхэд испаничуудын дундаж нас 86 болж, дэлхийд тэргүүлэн удаах байранд Япон, Сингапур, Швейцар орох тооцоог Вашингтоны Их Сургуулийн харьяа Эрүүл мэндийн үзүүлэлт, тооцооллын хүрээлэн гаргажээ.
Испани, италичууд эрүүл чийрэг урт удаан насалдаг нууц нь хоолны дадал заншилтай нь холбоотой хэмээн судлаачид үздэг. Европын бусад улстай харьцуулахад Испани, Италид зүрх судасны өвчин харьцангуй бага.
Энэ нь extra virgin olive oil буюу хүйтэн аргаар шахаж гаргадаг чидун жимсний тос бүхий Газар дундын тэнгисийн хоолны дэгтэй холбоотойг Наваррын их сургуулийн харьяа анагаахын сургуулийн судалгаа баталж байгаа юм.
Жагсаалтад Умард Америкийн Канад 16 дугаар байранд дэвшиж АНУ, Мексикийн урд орж ирлээ. АНУ болон Мексикийн эрэмбэ багахан буурч, 35 болон 53 дугаар байранд тус тус оров. Хар тамхины тун хэтрүүлсний улмаас эндэх, амиа хорлох явдал ихэссээр байгаатай уялдан АНУ-ын иргэдийн дундаж наслалт буурах хандлагатай байна.
Жагсаалтад цэвэр ус, халдваргүйжүүлэлт зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлсийг ч харгалзан үздэг юм.
АНУ-аас таван байр дээгүүр Куба гэхэд л Дэлхийн Банкны “их орлоготой” орнуудын ангилалд үл хамаарах цор ганц улс болов.
Өвчнийг оношлох, эмчлэхэд анхаардаг АНУ-тай харьцуулахад арлын улс урьдчилан сэргийлэх арга хэмжээг чухалчилдаг нь амжилтын нэг үндэс хэмээн Америкийн хуульчдын холбооны эрүүл мэндийн хуулийн салбарынхан Кубад айлчилсныхаа дараа 2018 онд гаргасан тайландаа тайлбарлажээ.
Өмнөд Солонгос долоон байраар дээшилж 17 дугаарт, 1.4 тэрбум хүний өлгий нутаг БНХАУ гурван байраар дээшилж, 52 дугаарт жагслаа.
Үүнээс харахад Хятад иргэд ч 2040 он гэхэд дундаж наслалтаараа АНУ-ыг гүйцэж түрүүлэх төлөвтэй. Сахараас урагш орших улсууд тус жагсаалтын тааруу үзүүлэлттэй 30 улсын 27 нь болж байна. Үлдсэн гурав нь Гаити, Афганистан, Йемен улс юм.