Энэ сарын 4-нөөс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тухайлбал 3 р шатлалын эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн тасаг 24 цаг ажиллаж, иргэдэд үйлчилнэ. Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгож, зохион байгуулалтыг хийж байна.
Мөн Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахыг давхар сануулсан юм.
Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй санал хүсэлтийг 11-323002 утсанд авч шийдвэрлэнэ.
Доорхи зөвлөмжийг хэрэгжүүлж, эрүүл мэндээ эрсдлээс хамгаалахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.
- Бага насны хүүхдийг дагуулж айл хэсэхгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Хүүхдийн хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх
- Давс, сод, нимбэгний уусмалаар хоолойг зайлах
- Хүүхдийг дулаан хувцаслах, хэт бигнэхгүй байх
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, агааржуулалт хийх
- Гар ариутгагч, нойтон сальфетка тавих
- Амаар дамжуулан хүүхдэд хоол өгөхгүй байх
- Аяга, халбагаа дамжуулан хэрэглэхгүй байх
- Бага насны хүүхдийг машины зориулалтын суудалд суулгах
- Хоол хүнсээ тохируулж хэрэглэх
- Хийжүүлсэн ундаа хүүхдэд өгөхгүй байх
- Халуун, бүлээн аньс, чацаргана, аарц хэрэглэх
- Гэнэт 38 хэмээс дээш халуурах, тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандах
- Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэд, өндөр настны эрүүл мэндэд онцгой анхаарах
- Хоолны хордлогоос сэргийлж салат, зуушийг өдөр бүр шинээр хийж байх
- Ууцыг халуун газар хадгалахгүй байх
- Түргэн муудах бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах
- Бэлэн болон түүхий хүнсийг тусад нь хадгалах
- Хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
- Алсын замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг хангах
- Хамгаалалтын бүс хэрэглэх
- Хурд болон суудлын даац хэтрүүлэхгүй байх
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барихгүй байх зэрэг болно.
П.АНИР
Оллоо.мн