Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно. Сонсохоос л, урьдчилан сэргийлмээр бодогдож байгаа биз? Дутагдаж эхлэхээс нь өмнө магнийнхаа хэрэглээг өсгөж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гэхдээ өөрийгөө хангалттай их магни хэрэглэдэггүй, дутагдалд орж магадгүй хүн гэдгээ яаж урьдаас мэдэх вэ?
Магни нь биед өөрөө нийлэгждэггүй бөгөөд үүнийг зөвхөн хоол хүнсээр л авах боломжтой. Доорх асуултуудад “Тийм” гэж хариулбал чамд магни дутагдлын шинжүүд илэрч магадгүй юм байна.
1. Чи хийжүүлсэн ундаа тогтмол уудаг уу?
Бараан өнгөтэй хийжүүлсэн ундаа нь фосфаттай. Фосфат нь хоол боловсруулах эрхтэнд байгаа магнитай урвалд ороод, түүнийг бие махбодод хэрэгцээгүй болгож хувиргадаг. Тиймээс хэдий чи тэнцвэртэй хооллолтыг эрхэмлэдэг байсан ч, хоолтойгоо цуг бор өнгийн газтай ундаа уусаар байвал магниа хөөгөөд байна гэсэн үг.
2. Чи нарийн боов, бялуу, амттан, чихэр байнга иддэг үү?
Элсэн чихэр бол өөрөө 0 хувийн магнитай бүтээгдэхүүн. Түүгээр ч зогсохгүй, элсэн чихэр нь биеийг бөөрөөр дамжуулан магниа гадагшлуулахад хүргэдэг. Ер нь, чихэрлэг хүнсийг эмч нар “анти-нутриент” буюу тэжээлийн дайсан гэж үздэг. Тиймээс чихэрлэг хүнс хэдий чинээ хэрэглэнэ, төдий чинээ магнийн дутагдалд орох магадлалтай юм байна.
3. Чи стресстэй амьдардаг уу?
Бие махбодийн болон сэтгэл санааны стресс хоёулаа магнийн дутагдалд хүргэдэг. Стрессээс үүдэлтэй магнийн дутагдал нь хүний аливаад үзүүлэх хариу үйлдлийг ихэсгэдэг учраас чамайг улам ч стресстэй болгох үр дагавартай. Учир нь стресстэй бие илүү их магнийн хэрэглээг шаарддаг аж.
4. Чи өдөр бүр дүрдэг цай, кофе уудаг уу?
Бие дэх магнийн түвшинг хянахад чухал үүрэгтэй нэг эрхтэн бол бөөр юм. Бөөр нь магни болон бусад эрдэс бодисуудыг шүүж, илүүдлийг нь шээсээр гаргадаг. Гэтэл каффейн нь бөөрийг “илүүдэл биш” эрдэс бодисуудыг ч шээсээр гаргахад хүргэдэг аж. Хэрвээ чи өглөө бүр кофе, орой бүр дүрдэг цай уудаг бол магнийн дутагдалд орох өндөр магадлалтай юм байна.
5. Чи зүрхний эм, астма өвчний эм, жирэмслэлтээс хамгаалах эм, эстроген орлуулагч байнга хэрэглэдэг үү?
Зарим нэг эм нь биеэс магнийг хөөж, дутагдалд оруулах нөлөөтэй байдаг.
6. Чи 7 хоногт 7 болон түүнээс дээш удаа алкоголь хэрэглэдэг үү?
Алкогольний магнийн түвшинд үзүүлэх нөлөө нь бөөрөөр дамжуулан магнийг хөөснөөр, эсэн дэх агууламжийг нь багасгах хэлбэрээр илэрдэг. Алкоголь тогтмол хэрэглэдэг хүмүүсийн 30 хувь нь магнийн их хэмжээний дутагдалд орсон байдаг аж. Магниас гадна Д витамины дутагдалд хүргэдэг зүйл бол чиний үе үе ууж орхидог “хундага текилла” юм.
7. Чи магнийн агууламжгүй, эсвэл 1:1-ээс бага хэмжээтэй кальцийн бэлдмэл уудаг уу?
Магнийн хэрэглээ бага байх үед кальцийн бэлдмэл уувал хүнсээр авсан жаахан магнийг ч тогтоон барих чадвар унадаг аж. Кальцийн бэлдмэл нь магнид сөрөг нөлөөтэй бол нөгөө талаас магнийн бэлдмэл нь биеийн кальциа зарцуулах чадварт эерэгээр нөлөөлдөг болох нь батлагджээ. Кальци, магни хосолсон бэлдмэл хэрэглэж байгаарай.
8. Чамд дараах шинж тэмдгүүдээс илэрч байна уу?
• Бухимдал
• Үе үе бие хэт идэвхжиж байгаа юм шиг санагдах
• Нойргүйдэл
• Жаахан чимээнд сэрэх
• Булчингаар чилж өвдөх
• Нүүр таталдах
• Зовхи таталдах
• Эрч хүчгүй, сул дорой байдал
• Сэтгэл санааны байдал гэнэт гэнэт өөрчлөгдөх
• Сандруу байдал
• Толгой таллаж өвдөх
• Зүрх савлах
• Ядаргаанд орох
• Хоолны дуршил буурах
• Огиудас цутгах
• Байнга шөрмөс татах
Магни бол булчинг амраах зориулалттай эрдэс бодис юм. Үүнгүйгээр булчин үргэлжийн агшилтын байдалтай байна гэсэн үг. Харин кальци бол булчинг агшаах дохиог өгдөг эрдэс бодис. Кальци, магни хоёр бол зоосны хоёр талаас өөрцгүй. Мөн магни нь шүд ясны бат бөх байдалд оролцдог.
9. Чи өглөө бүр гүйдэг эсвэл байнга идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг бол?
Хөдөлгөөн хэзээд сайн зүйлд хүргэдэг. Гэхдээ эрдэс бодисоор баялаг биш хоол хүнс хэрэглэнгээ биеэ хэт их ачаалуулбал шөрмөс байнга татах, булчин татах зовиурууд илэрч мэднэ. Тиймээс л тамирчид бүгд магнийн нэмэлт бэлдмэл хэрэглэдэг юм.