Бохир агаар сэтгэн бодох чадвар, хөдөлмөрийн бүтээмж, IQ зэргийг бууруулж, хүмүүний эрүүл мэндийг бүхэлд нь муутгадаг гэдэг нь тодорхой болсон зүйл. Тэгвэл одоо сэтгэл санааны өөрчлөлт авчирдаг болох нь тогтоогджээ. АНУ-ын Массачусетсын Технологийн дээд сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар агаарын чанар хүмүүний гаргаж байгаа шийдвэрт нөлөөлдөг болох нь илэрсэн аж.
Сэтгэл санааны тавгүйтэлд орсон хүн мэдээж сайтар бодож тунгаагаагүй буруу шийдвэрүүдийг гаргах нь ойлгомжтой. Агаарын бохирдол ихтэй өдрүүдэд хүмүүс ихэд цочромтгой болж, айдас түгшүүртэй байдал, гуниг зэргээсээ болж болчимгүй алхам хийх нь илүүтэй байсан гэнэ. Эрдэмтэд судалгаа, туршилтаа Хятадын хэд хэдэн бохирдол ихтэй хотуудад явуулжээ.
Агаарын бохирдол эмэгтэйчүүд болон орлого өндөртэй хүмүүсийн сэтгэл санаанд илүүтэй нөлөөлж байсан аж. Тийм учраас шинжээчид оршин суух газраа ихэд бодолцож үзэн, хамгаалалтын баг зүүж, агаар цэвэршүүлэх төхөөрөмжүүдийг ашиглахыг зөвлөж байна. Болж өгвөл утаа ихтэй үед гадагшаа гарахгүй байхыг сануулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn