Элдэв төрлийн нэмэлт хоол тэжээл, ялангуяа Е витаминыг ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд огтхон ч сайн нөлөө үзүүлэхгүй гэдгийг америк эрдэмтэд сануулж байна. Тэдний сүүлийн хэдэн жил хийсэн судалгаагаар энэ төрлийн витаминыг хэтрүүлэн хэрэглэснээр хорт хавдар, тэр дундаа ходоодны хорт хавдар тусах магадлал нэмэгддэг байж болзошгүй аж. Эрдэмтэд болон эмч нар энэхүү судалгаагаа цаашид үргэлжлүүлэн хийж, яг ямар төрлийн хорт хавдар тусах эрсдэл Е витаминээс болж нэмэгддэг болохыг нарийвчлан тогтоох юм.
Одоогоор мэдэгдэж байгаагаар Е витаминээс гадна дэлхий даяараа идэвхтэй хэрэглэх болсон олон тооны сүлжээний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг мөн адил хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. АНУ-ын Хоол тэжээлийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Брайн Вомакын хэлснээр хүн төрөлхтөн болсон болоогүй сүлжээний нэмэлт бүтээгдэхүүнийг энэ маягаараа идэвхтэй хэрэглээд байх аваас ирээдүйд цоо шинэ төрлийн хорт хавдар өвчтэй хүмүүс олноороо гарч ирэх магадлалтай гэнэ.
300 шахам сая хүн амтай АНУ-д гэхэд л насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гурав нь ямар нэгэн сүлжээний нэмэлт бүтээгдэхүүн заавал хэрэглэж байгаа юм. Эцэст нь хэлэхэд судалгааг удирдан явуулсан эрдэмтэд элдэв төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, нэмэлт тэжээл болон Е витаминыг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж, тунг нь хэтрүүлээд байвал үр удам чинь генетикийн өөрчлөлтөд орохыг үгүйсгэхгүй хэмээн хэлж байна.
Эх сурвалж: Medical News Today, NBC News