ҮР ХӨНДӨЛТ ҮРГҮЙДЭЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ


Хүн болж төрөхийг атга арвайг асгахад зүүний үзүүр дээр тогтсон ганц арвайтай зүйрлэдэг. Энэ зүйрлэлээс харахад хүн болж төрнө гэдэг ямар их хувь заяа болохыг ойлгож мэднэ. Гэтэл арай гэж хүн болон мэндлэхээр ирж байгаа бяцхан иргэдээ “Чи энэ хорвоо ертөнцөд төрөх болоогүй” гээд буцаадаг эмэгтэйчүүдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь харамсалтай.
Олон удаагийн үр хөндөлт, эмчийн хяналтгүй хэн нэгнээс сонссон дам яриагаар дурын газраас эм авч ууж зулбуулах зэрэг нь үргүйдэх аюул дагуулна. Үүнээс гадна эмэгтэйн амь насыг ч эрсдэлд оруулдаг байна.
Төлөвлөөгүй жирэмслэлт, хүсээгүй хүүхдээс аль болох түргэн салахын тулд охид, бүсгүйчүүд үр хөндүүлэх шалтгаан болдогийг нуух юун.
-Анхны жирэмслэлтийг үр хөндүүлж таслах нь бүр ч аюултай. Эрүүл саруул эмэгтэй эх болох баяр баясгалангаас үүрд хагацах, эдлэх чадваргүй болох эрсдэл бий.
-Үр хөндөлтийн үед эмч сав руу мэс заслын багаж оруулж, үрийн өндгийг тэмтэрч олоод түүнийг устгаж гарган авдаг. Мэс заслыг бараг сохроор хийдэг тул янз бүрийн хүндрэл үүсэх боломжтой.
-Туршлагатай эмч мэргэжилтэн ч савны эд эсийг гэмтээж болно. Жирэмслэлтийн үед сав нь цус төлжүүлэх судас ихтэй байдаг. Энэ нилээд ноцтой хүндрэл болох саванд шарх үүсэх эрсдэлийг байнга дагуулдаг аж.
-Зарим тохиолдолд шээсний суваг, гэдэс зэрэг дотоод эрхтнийг ч гэмтээж болно.
-Үр хөндөлтийг давтамжтай хийх тусам салст бүрхэвчийг амархан гэмтээж, савны хананд шарх сорви үүсгэдэг. Үр дүнд нь эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчин, үргүйдэл, үр зулбах зэрэг тааламжгүй зүйл бий болдог.
-Амжилтгүй үр хөндөлтийн үед саванд үрийн хэсэг үлддэг. Энэ нь цус алдах, биеийн хэм дээшлэхэд хүргэдэг.
-Үр хөндөлтийн үед элдэв төрлийн нян орох, савны үрэвсэл үүсэхэд хүрэх эрсдэлтэй,
-Үр хөндөлтийн дараа сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь бий. Энэ нь цагаас эрт хөгшрөхөд хүргэдэг. Эцэст нь хэлэхэд ариун цэврийн бус нөхцөлд, сайтар ариутгагдаагүй багажаар янз бүрийн хар бор аргаар үр хөндүүлэх нь амь насанд ч аюултайг мартуузай. Учир нь цусны бохирдол, сепсис болоход туршлагатай эмч мэргэжилтэн ч хүчин мөхөсдөх нь бий.
Үр хөндөлт уг нь социализмын үед гэмт хэрэгт тооцогдон гарын үсэг зуруулж, зөвшөөрсөн тохиолдолд үр хөндөлтийг хийдэг байсан. Харин одоо энэ нь хүний эрхийн асуудал болж, хэн дуртай нь аборт буюу үр хөндөлтийг хийлгэдэг болсныг эмч мэргэжилтнүүд онцолж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан