ӨвөрМонголын мэс заслын эмч, эрүүл мэндийн зөвлөх, доктор профессор А.Мөнхөө “Саруул ухаанаар эрүүл биеийг бүтээе” лекцээ есдүгээр сарын 2-ны өдрийн 10 цагаас “Улаанбаатар палас”-т уншихаар зэхжээ. А.Мөнхөө нь 2014 оноос хойш манай улсад эрүүл мэндийн чиглэлээр сургалт хичээл явуулж ирсэн төдийгүй урьд өмнө эрүүл мэндийн лекц уншиж байсан аж. Харин энэ удаад “Эрүүл зөв хоололтын хичээл”, “Эрүүл амьдрах арга ухаан”, “Сэтгэл зүйн энгийн мэдлэг”, “Төрөлх чадвараа сэргээх хичээл”, “Эд эрхтний тамир сэргээх дасгал”, “Тайвшруулан амраах бясалгал” зэрэг сэдвийн хүрээнд бүтэн дөрвөн цагийн лекцийг танд хүргэх юм байна.
А.Мөнхөө нь өвөрлөгч монголчуудын дунд алдар нэртэй эмч бөгөөд сүүлийн жилүүдэд хүн өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, эмээр бус дасгал хөдөлгөөн, зөв хооллолтоор өөрийгөө эмчилж болох шинэ арга замыг олонд хүргэхийн төлөө хичээн ажиллаж байгаа анагаахийн зүтгэлтэн юм. Тиймдээ ч тэрбээр дээрх агуулгын хүрээнд “Эрүүл энхийн шинэ ертөнц” ном бичсэн нь олон мянган хувь хэвлэгдэж, монгол хэл дээр хоёр дахиа, нийтдээ 15 удаа хэвлэгдэн түмэн олны хүртээл болжээ.
Түүний лекц нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдгээгүй өвчнөө эдгээх арга замыг заахаас гадна хүн яавал эрүүл зөв амьдрах тухай ховор нандин зөвлөгөөг өгдгөөрөө туйлын онцлогтой. Ийнхүү ирэх сарын 2-ны өдөр лекцээ тавих гэж буй А.Мөнхөө эмчээс дараах зүйлийг тодрууллаа.
А.Мөнхөө:Хүн өөрөө хичээвэл эрүүл байж чадна
-Та энэ удаагийнхаа лекцийн талаар тодруулж ярихгүй юу?
-Ерөөсөө хүн өөрөө эрүүл байж чадна, ингэхийн тулд яах ёстой вэ гэдэг арга замыг л зааж өгнө. Хүн эрүүл байх их амархан. Нэгдүгээрт, зөв хоолох. Хоёрдугаарт, зохистой хөдөлгөөнтэй байх. Гуравдугаарт, сэтгэл санаагаа тайван байлгаж алив зүйлд бухимдахгүй байх. Дөрөвдүгээрт, хүнд өөрт нь маш том нөөц байгаагаа ашиглах гэсэн дөрвөн зүйлийг мөрдөхөд л эрүүл саруул аж төрж чадна.
-Та манай улсад эрүүл мэндийн хичээлийг сүүлийн жилүүдэд заажээ. Энэ тухайгаа тайлбарлаж ярихгүй юу?
-Эмийн хэрэглээ асар их байна, тиймээс хүмүүсийг эмийн хэрэглээнээс татгалзаж өөрийгөө эрүүл байлгахын төлөө хичээл сургалт явуулж байна. Миний энэ хичээлд хамаргдсан нэг сая орчим хүний 30 хувь нь лавтай эдгэсэн. Гагцхүү хүн өөрөө л хичээх хэрэгтэй. Би ерээд оноос хойш мэс засал хийж байна. Намайг ажиллаж байх үеэс өнөөдөр анагаах ухаан ч хөгжсөн, эмнэлгийн тоног төхөөрөмжөөс эхлээд эм тариа гээд бүх зүйл хөгжсөн ч өвчлөл буурах бус нэмэгдэж байна, бүр шинэ төрлийн өвчин ч олноор нэмэгдэж байна. Хөгжилтэйгөө зэрэгцээд л өвчин өсч байгаа юм. Хүн ерөөсөө хоол, хөдөлгөөн, бухимдал гурваас л болж өвддөг. Сэтгэл санаагаа тайван байлгаж, зөв хооллоод дасгал хөдөлгөөнтэй байхад өвдөхгүй. Цусны даралттай, чихрийн шижинтэй хүн эм ууж, тариа хийлгээд эдгэж байна уу гэвэл үгүй. Эмээ уухаа болиод тариагаа зогсооход л буцаад өвдөж байна. Харин миний хувьд ямар ч эм тариагүйгээр хүн өөрийгөө эмчилж болох арга замыг л зааж өгөх юм. Эрүүл өвчингүй байх нь хувь хүнээс ихээхэн шалтгаална. Тэгэхээр би энэ удаагийн лекцээр хүн хэрхэн эрүүл байх өвчингүй байх аргыг зааж өгнө.
Н.Баатар