-МОНГОЛЫН ГССҮТ-ЫН ЭМЧ НАР КАНАДАД ТУРШЛАГА СУРДЛАХ, КАНАДЫН МcGILL ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ-
Канадын хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох McGill-н Их Сургуулийн Анагаахын факультетийн гуравдугаар дамжаанд суралцдаг 21 настай Зоригтбаатарын Анударьтай ярилцлаа.
-Өөрийг тань ГССҮТ-ийг Канад улстай холбож эмч нарыг тус улсад сургалтад хамруулахаар болсон. Канад, Монгол хоёр орны эмнэл зүйн харилцааны гүүрийг холбож бэхжүүлж яваа тухай мэдээлэл цахим орчинд тархаад байгаа. Энэ тухай мэдээллээр ярилцлагаа эхлэе?
-Хоёр жилийн өмнө бид Монголын анагаахын оюутнууд, резидент эмч болон эмч нартай судалгааны чиглэлээр хамтарч ажиллаж эхэлсэн. Очоод хүмүүст бага багаар өөрийгөө танилцуулж, хийх гэж буй ажлын санаагаа танилцуулж, эрүүл мэндийн хөгжлийн төв зэрэг газруудаар явсны эцэст анагаахын оюутнуудтай хамт баг болж судалгаа хийсний дүнд ажлаа эхлүүлсэн. Тэгээд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв эмнэлгийн эмч нар, мэс засалчид, анагаахын оюутнуудтай хамтран өвчтөндөө хэрхэн туслах талаар хичээл зохион байгуулсан. Харин одоо ГССҮТ, McGill-н Их Сургууль албан ёсоор хамтран ажиллах шийдвэрээ гаргачихсан байгаа. Дараа жилээс эмч мэргэжилтнүүд Канадад очиж, эмнэлгийн үйл ажиллагаа, техник, ажиллах арга барилтай танилцаж туршлага солилцохоор болсон. Мөн Канадаас эмч мэргэжилтнүүд ирж сургалт, семинар зохион байгуулна. Энэ нь надад маш сайхан санагдаж байгаа. Би цаашид ч гэсэн олон жил анагаахаар суралцах учраас энэ төслөө үргэлжлүүлэн явуулах төдийгүй одоо бодож байгаа хүүхдийн мэс заслыг сайжруулах төслийг бас хийхээр зорьж байна. Эмч нараа нэг ээлжинд гурваас дөрвөн хүн гэх зэргээр хэсэг хэсгээр нь хувааж сургалтад хамруулна. Зөвхөн эмч нар ч биш сувилагч нар ч гэсэн багтана. Гэхдээ илүү нарийн төлөвлөгөө сайн гараагүй байгаа. Эхний ээлжинд ямар ч байсан хамтран ажиллах шийдвэр гарчихсан байгаа юм. Энэ нэгдүгээр сард эхлэх төлөвлөгөөтэй байна.
-Африкт очиж төсөл хэрэгжүүлэх санал ирсэн ч татгалзаж, хэрхэн эх орноо сонгох болсон тухайгаа ярихгүй юу?
-Анагаахын бэлтгэл ангиа төгсөөд надад сургуулиас зарласан хөтөлбөрөөс шагнуулах аз тохиож төсөл хэрэгжүүлэх эрх олгосон. Тэр төслийн хүрээнд дуртай улсдаа очиж хэрэгжүүлж болдог. Анхны хурал хийх үеэрээ надад “Африк болон Кени улсад очих эсвэл хүссэн орондоо очиж болно” гэж хэлж байсан. Тэр үед би олон улсын мэс заслын төвийн даргадаа хандаж Монгол эх орон руугаа явах хүсэлтэй байгаагаа хэлсэн. “Би энгийн нэг оюутан шиг байж байгаад ирмээргүй байна. Ажилтан шиг байж, тусалж чадах газраа туслаад ирмээр байна” гэж хэлсэн. Тэгээд Монгол руугаа явахаар болж үйл ажиллагааныхаа хүрээнд гэмтлийн эмнэлгийг сонгосон юм.
-Монголд өвчтөн хэр их зардаг гаргадаг тухай судалгаа хийсэн гэсэн. Судалгаагаа хэрхэн яаж, хийв. Ямар үр дүн хэрхэн гарсан бэ?
-Нийт хоёр төрлийн зардал байдаг. Нэг нь эмнэлгээс ямар хэмжээний зардал гарч байна, нөгөөдөх нь өвчтөн эмнэлэгт хичнээн хэмжээний зардал гаргаж байна вэ гэдэг. Энэ тухай судалгааг өнгөрөгч есдүгээр сараас эхэлж, одоо хүртэл үргэлжлүүлэн хийж байгаа. Сар болгон 20 өвчтөнийг сонгож, хэрхэн яаж гэмтсэн, эмнэлэгт хэд хоносон, ямар машинаар хүргэгдэж ирсэн, ажлаасаа хэд хоногийн чөлөө авсан, эмнэлэгт байх хугацаандаа хоолонд хичнээн төгрөг зарцуулсан, хэдэн төгрөгийн эм худалдаж авсан, эмнэлэгт хэвтсэн хүнийг асрах гэж гэр бүлийн хэн нэгэн ажлаасаа хэд хоногийн чөлөө авсан гэх мэт асуумжаас эхэлж нарийн судалгаа хийж байна. Бид энэ судалгааны ажлын асуулт асуумжуудыг анагаахын оюутнуудтай хамтран бэлтгэж, гүйцэтгэлийг ГССҮТ-ийн резидент эмч нар хийж байгаа.
-ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛЖ БОЛДОГ ЗҮЙЛ ЮМ БАЙНА ГЭЖ БОДООД ОЛОН ХҮНИЙ АМИЙГ АВРАХААР МЭС ЗАСАЛЧ БОЛСОН-
-Энэхүү судалгаа хэр хугацаанд үргэлжлэх вэ, хэдэн хүнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Судалгааны ажил бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилнэ. Ирэх наймдугаар сард дуусна. Эхний ээлжинд ямар ч байсан сар бүр 20 хүнийг хамруулаад явж байгаа. Хүний гэмтэл улирлаас ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, өвлийн улиралд халтиргаа гулгаанаас болж хүмүүс маш их бэртэж гэмтдэг бол зуны улиралд усанд осолдох нь илүү нэмэгддэг. Тийм болохоор судалгааг бүтэн жилийн турш хийх шаардлагатай юм л даа. Судалгааны ажил дууссаны дараа дүн онлайнаар зарлагдахад сонирхож болно.
-Дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг Канадын McGill-н Их Сургуульд хэрхэн бэлдэж орж байв. Яагаад эмч мэргэжлийн сонгож суралцах болсон бэ. Багаасаа сайн дурын ажил хийж, хүмүүст туслахыг хүсдэгтэй чинь холбоотой юу?
-Миний амьдардаг мужид дөрвөн анагаахын сургууль байсан. Би бүх сургууль руу материалаа явуулж тэнцээд эцэст нь энэ сургуулийг сонгосон. Сургуулийнхаа CV, анкет, асуултад хариулуулах зэрэг үе шатыг давж ярилцлагад орсон. Ярилцлага нь их өвөрмөц, сонирхолтой байдлаар явагддаг. Өнөө үед их сургуулиудад ороход зөвхөн хичээлдээ сайн онц сурдаг байх гэхээс илүүтэй нийгмийн идэвх оролцоо, олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн оролцдог зэрэг нь чухал нөлөө үзүүлдэг юм л даа. Хэдий сайн дүнтэй байсан ч ямар ч нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулж оролцоогүй бол оноо хасагддаг.
Би эрхтэн сольдог мэс заслын эмч болохыг зорьж яваа. Монголд манай эмч хамаатнууд олон бий. Гэхдээ энэ миний эмч мэргэжлийн сонгох болсон шалтгаан биш. Намайг бага байхад аав маань байнга өвддөг, эрүүл мэндийн шалтгаантай байсан юм. Тэр үед би дандаа эмнэлгээр явдаг байлаа. Аавын маань бие олон удаа муудаж, мэс засалд орж аврагдаж байсан. Ингэж олон эмч нар аавыг минь аварсан болохоор би маш их баярласан. Тухайн үед мэс засал гэдэг хэдхэн цагийн дотор хүний амьдралыг өөрчилж болдог зүйл юм байна гэж бодсон. Тэгээд би олон хүмүүсийн амийг аварч ачийг нь хариулах болно гэж бодоод мэс заслын эмч болохоор шийдэж байсан юм.
-12 настайгаасаа сайн дурын ажил хийж эхлэн, 14 настайдаа өөрийн гэсэн ТББ-ыг байгуулсан. Улмаар Дархан хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг тохижуулснаар Монголын эмчилгээ үйлчилгээ рүү хандсан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Энэ тухай дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Канадад сургуулийн системд долдугаар ангиас нийгмийн ажил хийхийг заадаг. Тухайн үед би гэр бүлийн асаргаа сувилгаа дутмаг ганцаараа амьдардаг өндөр настнууд болон аутизмтай хүмүүст тусалдаг ажил хийж эхэлсэн. Аутизмтай болон өндөр настай хүмүүс амьдардаг гурваас дөрвөн төв бий. Би 12-13 настай хүүхэд байхдаа тэр төвүүдэд зуны улиралд очиж, яг л ажилдаа явж байгаа хүн шиг 30-40 цаг ажиллалаг байсан юм. Янз бүрийн баяр, спортын үйл ажиллагаа, тэмцээн зохион байгуулж тэдгээр хүмүүстэй цаг өнгөрөөдөг байлаа. Хүүхэд байсан болохоор тэдгээр хүмүүс надтай харьцаж байгаа нь их сайхан санагдсан. Тэдэнд ч зуны улирлаас бусад үед биднийг очихгүй, гэр бүлийнхэн нь байнга ирэхгүй болохоор хэцүү байдаг байсан.
Дараа нь 14 настайдаа Монголд Дархан хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн тоглоомын өрөөг тохижуулах төслөө эхлүүлсэн. Төслийн санаагаа яаж олсон бэ гэвэл ах маань Канадад ирсний дараахан гараа хугалаад эмнэлэгт хэвтсэн юм л даа. Тэгэхэд эмнэлгийн өрөө нь маш гоё гэртээ харьмааргүй сайхан байсан. Тэгээд манай Монголд ийм өрөө байхгүй шүү дээ гэж бодоод хүүхдийн өрөөг тохижуулах ажлаа санаачилсан юм. Тэр үед ээж маань “Ану чи өөртөө байнга л хэцүү зүйл бодож олох юм аа” гэж надад хэлж байсан. \инээв.сурв\ Харин аав маань “Чи хиймээр байгаа бол хийгээч, яагаад болохгүй гэж. Болно шүү дээ” гэж хэлж байсан. Ингээд л ангийнхаа хүүхдүүдтэй хамтран мөнгө олох арга хайж, хамгийн эхлээд хүнсний дэлгүүрт хүмүүсийн худалдан авсан хүнсийг ууталж өгөх ажлыг хийж эхэлсэн. Тухайн үед би жаахан охин байсан болохоор зарим хүнсний дэлгүүрүүд намайг үл тоомсорлоно. Бас янз бүрийн тэмцээн зохион байгуулж тэмцээнээс олсон мөнгөө цуглуулах зэргээр хоёр жил ажилласан.
-Төрийн бус байгууллагаа одоо хүртэл ажиллуулж байгаа юу, ямар чиглэлээр ямар ажлуудыг хийв?
-Ажиллаж байгаа. Дарханы эмнэлгийн хүүхдийн өрөөг тохижуулсны дараа охидод чиглэсэн төслүүдээ зохион байгуулж байлаа. Тухайлбал, хотынхоо сургууль бүрээс охидын төлөөллийг урьж өөрийгөө яаж хайрлах вэ, бие биенээ хэрхэн хайрлах вэ, бүдүүн нарийн, намхан өндөр байсан ч бие биенийгээ байгаагаар нь хайрлах хэрэгтэй зэргийг хэлэлцэн түгээх өдөрлөг зохион байгуулсан. Мөн хэрхэн зөв сайн хооллох вэ зэргээр янз бүрийн сэдэв сонгож туршлага солилцох замаар бие биенээсээ суралцахад гүүр нь болдог. Би олж мэдсэн, сурсан зүйлсээ бусадтай хуваалцаж хамтран туршлага солилцохыг хүсдэг. Гоё санаа гаргадаг ч түүнийгээ бодит амьдрал дээр хэрэгжүүлж ажил болгож чаддаггүй хүүхэд залуус олон байдаг шүү дээ. Манай төрийн бус байгууллага тэдгээр залуусыг нэгтгэж мөнгөө хэрхэн хураах, хураасан мөнгөөрөө хэрхэн төсөл хэрэгжүүлэх, хүмүүстэй хэрхэн харилцах зэргийг зааж сургадаг. Мөн хамтран төсөл хэрэгжүүлдэг юм.
-МОНГОЛД ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ОЛОН УЛСЫН МЭС ЗАСАЛЧИДТАЙ ХАМТАРСАН ТӨСӨЛ ЗОХИОН БАЙГУУЛНА-
-Удахгүй хүүхдийн мэс заслыг сайжруулах төслийг эхлүүлэх гэж байгаа юм билээ. Энэ нь ГССҮТ-д хийгдэх гэж буй төслийн ажлуудтай чинь холбоотой юу. Энэ талаар дурдвал?
-Яг ч холбоотой ажил биш. Манай олон улсын мэс заслын төвд хүүхдийн мэс засалч маш олон бий. Тэд ч мөн олон янзын төсөл хэрэгжүүлж ажилладаг. Монголд байх хугацаанд эмч нар хүүхдийн мэс заслын сайжруулах шаардлагатай байгаа гэж ярьж байхыг сонссон юм. Канадад буцаж очоод Монголын эмч нар хүүхдийн мэс заслын чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаа тухай хэлсэн. Олон улсын мэс заслын төвийн эмч нар ч нааштайгаар хүлээж авсан хариу өгсөн. Тийм болохоор хүүхдийн мэс заслын чиглэлээр харилцан ярилцаж байгаад ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Чиний хувьд яагаад сайн үйлсийн аян зохион байгуулах болсон юм бэ. Сайн дурын ажил хийхийн хамгийн гоё мөч нь юу байдаг вэ?
-Манай сургуулийн зарим хүүхдүүд нийгмийн сайн үйлсийн ажилд идэвхитэй оролцохыг хүсдэг бол зарим нь зүгээр л хичээлээ сайн хийхийг хүсдэг. Би хүмүүст туслахын тулд л анагаахын сургуулийг сонгосон. Дараа нь олон улсын мэс заслын төв хүмүүст туслах чиглэлээр илүү их зүйл хийдэг гэдгийг сонсоод бас тэр байгууллагад орсон юм. Хүмүүст туслах нь маш энгийн сайхан зүйл. Нэг дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн бие биендээ тусалж байх ёстой гэж би боддог. Хүнд тус хүргэх нь миний хийх ёстой зүйлсийн нэг. Тус гэдэг заавал мөнгөөр хэмжигддэггүй. Өөрийнхөө боломж бололцоо, хийж чадах зүйлээрээ тус хүргэж болно шүү дээ. Тухайлбал, хэн нэгэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх, хэн нэгэнд хаалга онгойлгож өгөх зэрэг жижигхэн зүйл ч байж болно. Бидний хүргэсэн жижиг жижиг тус нийлээд олон бас том болдог.
Сайн дурын ажил хийхийн хамгийн гоё нь хүмүүстэй танилцах явдал байдаг. Хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ ч илүү дотно сайхан танилцаж нөхөрлөдөг юм. Би гурван настай хүүхдэд, наян настай хүнд туслалаа ч гэсэн тухайн хүнээс ямар нэгэн зүйл заавал суралцаж байдаг. Бидэнд баярласан хүмүүс зүрх сэтгэлээ нээж амьдралынхаа тухай ярих нь үнэхээр сайхан. Тэр хүмүүстэй ойр байж байнга харилцаа холбоотой байх нь хамгийн гоё.
-Хичээлийнхээ хажуугаар сайн дурын болон төслийн ажлуудаа хэрхэн амжуулдаг вэ. Хийх ажлаа урьдчилан төлөвлөж тэмдэглэл хөтөлдөг үү?
-Тийм ээ. Би ажлуудаа дандаа урьдчилан төлөвлөж бичдэг. Тэмдэглэж төлөвлөсөн ажлуудаа бичихэд хоосон цаг бараг үлддэггүй. Хийж байгаа зүйлдээ дуртай байдаг болохоор ядардаггүй юм. Дуртай зүйлээ хийгээд байхаар зогсолтгүй хийгээд л байдаг. Завгүй ажлынхаа хажуугаар найзуудтайгаа сагс тоглох, кино үзэхэд цаг заавал гаргадаг. Дандаа ажилдаа улайраад байдаггүй, эсвэл дандаа амраад байдаггүй. Аль алиныг нь хослуулахыг хичээдэг юм. Гэхдээ юу хийх ёстойгоо заавал бичиж тэмдэглэхгүй бол мартчихаад байдаг талтай.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлэхийг хичээдэг вэ. Суралцахаас гадна өөрийгөө хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаардаг вэ?
-Би спортод дуртай. Өөрөө ч спортлог. Сагс болон хөлбөмбөгөөр хичээллэхээс гадна кикбоксоор хичээллэдэг. Чөлөөт цагаараа амттай хоол идэх дуртай. Манай сургуулийн номын сан 24 цагаар нээлттэй байдаг болохоор шөнө дунд хүртэл хичээл хийж байгаад бөөнөөрөө “Korean barbeque”-д орж хоол идэх дуртай шүү. Учир нь тэнд оройн цагаар хоол нь хямдарчихдаг. \инээв.сурв\ Найзуудтайгаа амттай хоол идэх, кино үзэх, шоу үзэх дуртай даа.
-12 нас гэдэг чинь эцэг эхдээ эрхлээд, тоглоод гүйж байх нас шүү дээ. Ийм насан дээрээ бусдад туслаад, сайн үйлсийн аян санаачлаад явж байсан нь бахархалтай юм. Багадаа ямар хүүхэд байсан тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би дээрээ нэг ахтай. Жаахан байхдаа урт үстэй байнга даашинз өмсдөг хүүхэд байсан ч яг л эрэгтэй хүүхэд шиг байдаг байсан. Цэцэрлэгт байхдаа хөвгүүдтэй байнга тоглодог байсан болохоор хүмүүс намайг “урт үстэй хүү” гээд нэрлэчихсэн байсан юм. \инээв.сурв\ Ахтайгаа тоглож өссөн болохоор охид шиг уйлаад байдаггүй, эрэгтэй хүүхэд шиг л зоригтой байдаг байсан. Ах маань харанхуйгаас айгаад уйлахад “намайг дагаад яв гээд л урд нь ороод алхдаг”, сургууль дээр ахыг маань хүүхэд шоглоход очиж хамгаалдаг тийм л охин байсан.
12, 14 насандаа төслийн ажил хийдэг байхдаа ч хажуугаар нь тоглодог байсан л даа. \инээв.сурв\ Миний анзаарсан нэг зүйл бол хүүхэд ямар ч ажил хийхдээ тухайн зүйлд нь “ямар бэрхшээл тулгарч болох вэ” гэдгийг ерөөсөө тооцоолж боддоггүй шууд л хийдэг юм билээ. Харин том болох тусмаа энэ нь болохгүй, тэр нь бүтэхгүй, тийм бэрхшээл гарч ирнэ гэх мэтээр илүү олон зүйл бодож, илүү аймхай болдог юм билээ. Тийм болохоор би тэр төслүүдээ жаахан байхдаа эхлүүлж, хийж байсандаа одоо баярладаг юм.
-30 САЯ ХҮН АМТАЙ КАНАДАД АНАГААХЫН ЧИГЛЭЛИЙН 17 ЧИГЛЭЛИЙН СУРГУУЛЬ БАЙХАД ГУРАВХАН САЯ ХҮН АМТАЙ МОНГОЛД №: СУРГУУЛЬ БАЙНА ГЭДЭГ АРАЙ Л ИХ ТОО ЮМ-
-Сайн дурын ажилд нь эцэг эх нь хэрхэн хандаж хүлээж авдаг вэ. Үргэлж тусалж дэмждэг үү?
-Би илүү хурдан илүү олон зүйл хиймээр санагдаж баярлаж хөөрч байхад ээж маань эрсдлийг нь хамгийн түрүүнд бодож анхааруулах байдлаар харьцдаг. Сайн хий, эсвэл хийхээсээ өмнө сайн бод гэх мэтээр зөвлөж хэлж өгдөг. Харин аав маань “хиймээр байгаа бол хий” гээд л дэмждэг юм.
-Эх орноосоо анх хэзээ гарч байсан бэ. Хамгийн сүүлд хэзээ ирэв?
-Намайг зургаан настай нэгдүгээр ангиа төгсөөгүй жаахан хүүхэд байхад манай гэр бүл эх орноосоо гарч гадаадыг зорьж байсан. Тухайн үед Канадыг хүйтэн орон гэж хэлсэн болохоор маш олон хувцас давхарлан өмсөж явцгаасан. Эхлээд Ванкувер хотод буусны дараа маш дулаахан уур амьсгалтай, хүмүүс нь цамцтай яваад байсан болхоор би “Яанаа бид буруу хотод ирчихсэн байна шүү дээ” гээд уулга алдсан. Тэгээд дахин онгоцонд сууж Канадад очиход цасан шуурга шуурч байсан юм. Тэр үед би “одоо л зөв хотдоо ирсэн байна” гэж дотроо бодож байснаа сайн санадаг юм. Эх орноосоо хоёрхон чемодантай гарч байсан ч ээж аав минь сайн хөдөлмөрлөж зүтгэсний хүчинд одоо сайхан амьдарцгааж байна. Эх орондоо хамгийн сүүлд 2018 оны зун очсон. Гурван сар гаруй хугацаанд байж байгаад ирсэн дээ.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би нэг ахтай. Ах маань надаас хоёр насаар том. Манай ээж Монголд байхдаа МУИС-ийн Франц хэлний багшаар ажилладаг, докторын зэрэгтэй байсан юм. Аав маань Монголын Залуучуудын холбооны даргаар ажилладаг байсан. Ах маань Отавагийн их сургуулийг Улс төрийн чиглэлээр төгсөж Канадын яаманд ажилладаг. Ирэх жил магистраар суралцахаар төлөвлөсөн байгаа.
-Зургаахан настайдаа гадаад орныг зорьж байсан гэхэд эх хэлээрээ маш сайн ярьж байна шүү. Эх орон чинь чиний зүрх сэтгэлд хэрхэн оршдог вэ?
-Бид гэртээ ихэвчлэн Монголоор ярихыг хичээдэг. Аав англи, ээж франц хэлтэй болохоор аавтайгаа ихэвчлэн Монголоор ээжтэйгээ францаар, ахтайгаа англи франц, монголоор аль алинаар нь ярьдаг. Сүүлийн хоёр жил олон сараар эх орондоо очсон болохоор Монгол хэлээ сэргээж сайжруулахад их тус болсон. ГССҮТ-д очиж анхны хурлаа хийхэд зарим үгээ монголоор юу гэж хэлэх билээ гээд их л бодож сандарсан. Түүнээс хойш гайгүй сайн жигдэрсэн шүү. Эх орон маань их сайхан хөгжсөн байна лээ. Намайг бага байхад тийм олон машин, ийм олон утастай байгаагүй. Маш олон машинтай юм билээ. Зарим гудамж талбай цэвэрхэн, тохилог сайхан ч, гүйцэд хөгжөөгүй гэдэг нь харагдаж байсан. Онгоцноос буухад сэтгэлд дотно нэг л сайхан үнэр үнэртдэг. Тэр үнэрт би дуртай.
-Манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшин ямар санагддаг вэ. Тулгамдаж буй асуудал нь юу байна?
-Эмч нар нь хийх ёстой зүйлээ сайн мэддэг мундаг юм билээ. Резидент эмч нар би хөгжихийн тулд юу сурах уу, ямар ном унших вэ гээд л маш их хүсэл эрмэлзэлтэй нь харагдсан. Гэвч ачаалал маш ихтэй байсан. Нэг эмнэлгт их ачаалал өгөхөөс илүү олон эмнэлэг ачааллаас нь үүрэлцэж нийтээрээ системээрээ хөгжих шаардлагатай байх.
Хүмүүсийн ярьж байгаагаар Монголд анагаахын сургууль маш олон байдаг юм билээ. 30 сая хүн амтай Канадад анагаахын чиглэлийн 17 сургууль байхад гуравхан сая хүн амтай Монголд 15 сургууль байгаа нь арай л их тоо юм. Монгол шиг жижигхэн оронд ганцхан чанартай анагаахын сургууль байвал болох байх. Монголын резидент эмч нарын ярьж байгаагаар эмчээр төгссөн хүмүүс эмчээр төгсчхөөд ажлын орон тоо байхгүйгээс хоолны газар зөөгч хийдэг тухай сонссон. Бас “удахгүй резидентээ төгсөөд ажил олдохгүй учраас үйлдвэрт ажиллах байх” гэж хэлэхийг олон хүнээс сонссон болохоор харамсалтай санагдсан. Тийм болохоор анагаахын сургуулиудаа цэгцэлж илүү системтэйгээр зохицуулалт хийх ёстой юм болов уу гэж бодсон.
-Ирээдүйн зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Ирээдүйд мэс засалч эмчээр ажиллах зорилготой байна. Эмнэлэгт ажиллахын хажуугаар судалгааны ажлуудаа хийнэ. Олон Улсын мэс засалчид энд тэнд очиж туршлага судлаад үнэгүй мэс засал хийхдээ гол нь биш эрүүл мэндийн салбарыг яаж системтэйгээр сайжруулах вэ, иргэдийн чанартай мэс заслын үйлчилгээ авах боломжийг хэрхэн сайжруулж болох вэ, үнийг нь яаж багасгах вэ, эмч нарын ур чадварыг яаж сайжруулах вэ зэргийг анхаарахад хувь нэмрээ оруулмаар байна. Эмчийн ажлын хажуугаар төслийн ажлаа орхихгүй хэрэгжүүлнэ. Би хаана ч ажиллаж амьдарсан өөрийн эх орноо мартахгүй, орхихгүй гэдгээ сайн мэдэж байна.
-Сургуулиа төгсөөд хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Сургуулиа төгсөөд үргэлжүүлэн резидент эмчээр суралцана. Ингэхийн тулд олон сургууль руу хүсэлтээ илгээх ёстой байдаг юм. Гэхдээ би энэ McGill сургуульдаа үлдэх сонирхолтой байгаа. Яагаад гэвэл энэ сургууль маань хамгийн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг сургууль юм.
-Цаг зав гаргаж ярилцсанд маш их баярлалаа.
-Баярлалаа.
П.УРНАА
Medee.mn