Ж.Цолмон: Нэг ч багшийг халаагүй бүгд ажлаа хийж байгаа



АШУҮИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч АУ-ны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.

-Та ажлаа аваад хоёр сар болж байна. Энэ хугацаанд та юу хийж амжуулав?
-Бид бусад улс орны их, дээд сургуулиудын хурдацтай хөгжлийн туршлагыг өөрийн онцлогт тулгуурлан төрөлх сургуулийнхаа хөгжлийн бодлогоо тодорхойлоход ашиглан нутагшуулж хугацаа товчлох, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт, сургуулийн санхүүгийн бие даасан байдал бүтээмжийг нэмэгдүүлэх, сургалтын чанар, агуулга, үнэлгээ, төгсөгчдийн чанарыг сайжруулж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй эмч, мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхийн төлөө нэг цул баг болон ажиллаж байна.
Бид энэ хичээлийн жилийн уриаг “Багшаа дэмжин оюутнаа хөгжүүлье” хэмээн томьёолсон. Их сургуулийн маань гол хөдөлгүүр нь манай багш, ажилтан ажиллагсад шүү дээ. Тэднийхээ нийгмийн асуудалд их сургуулийн захиргаа онцгой анхаарч, үйл ажиллагаагаа тэднийг дэмжихэд илүүтэй чиглүүлэхээр шийдвэрлэсэн. АШУҮИС-ийн Захирлын зөвлөл 2018 оны аравдугаар сарын 1-нээс Эрхэс эмнэлгийн эмч нарын цалинг 15, багш нарын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, тэтгэлэг, тэтгэмжийг 20-30 хувь нэмлээ.
Анагаахын суурь боловсролын дамжааны ерөнхий эрдмийн хичээл заадаг багш нарын цагийн ачаалалд бататгах цагийг тооцдог болгож, багш ажилтнуудын чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлдөг болголоо. Багш, оюутнуудынхаа эрүүл мэндийн асуудлыг чухалчлан үзэхгүй бол нөгөө “Загасчны морь усгүй” гэдэг шиг багш нар маань эрүүл мэндээр тааруухан байж болохгүй. Бид өөрсдөө эрүүл байж, эрүүл саруул, эрч хүч, оюун мэдлэг, итгэл зүтгэлтэй эмч нарыг бэлтгэж тэд ард түмнийхээ эрүүл энхийн төлөө илүү сайн зүтгэх учиртай. V, VI курсийн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулаад дуусч байна.
Цаашдаа III, IV гээд хамруулна даа. Багш, ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулж интернетийн хурдыг нэмэгдүүлэхээс эхлээд компьютер, техник тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах зорилтыг тавьж эхний ээлжинд 100 нөүтбүүк захиалаад байна. Ер нь цаашид багш, ажилчид, оюутнуудынхаа нийгмийн баталгаат байдлыг үе шаттайгаар хангах, орлого олох эрх зүйн орчин, нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, багш, ажилтныг дэмжих зардлыг бий болгон төсөвт тусгах, “Оюутны хөдөлмөрийн бирж байгуулах” ажлыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Мөн Өвөрмонголын өөртөө засах орны Тонгляогийн их сургуультай манай Монгол анагаах ухааны олон улсын их сургуульд оруулах 2.3 сая юуаны гэрээнд гарын үсэг зурлаа. Удахгүй хөрөнгө оруулалт орж ирэх гэж байна гээд дурдаад байвал бас байнаа байна.

-Уучлаарай асуухгүй байж болсонгүй. Таныг ирэнгүүтээ олон багшийг халсан гэх мэдээ гарч байсан. Мөн Г.Батбаатар захиралд ажил өгөөгүй гэх. Анхан шатны шүүхээр ялсан, эргүүлэн ажилд нь томилжээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Зүгээр ээ, зүгээр. Би одоогийн байдлаар гурван хүнийг л халсан байгаа. Энэ нь тодорхой үндэслэл шалтгаантай. Нэг ч багшийг халаагүй. Бүгд ажлаа хийж байгаа. Батхуяг, Гантулга хоёр нь манай хангамжийн газар ажиллаж байсан. Ер нь тэдний хариуцлагагүй үйлдэлтэй эмнэлгийн болон сургуулийн хичээлийн байрны ашиглалтад орох хугацаа хойшилсон нь холбоотой. Бусад хууль зөрчсөн асуудлууд байгаа. Хүрэлбаатарын гэрээний хугацаа дуусгавар болсон.
Г.Батбаатар захирлын хувьд бол бид хоёр “эр хүмүүс” шиг ярьж гараа барилцсан. Г.Батбаатар захирлын тавьсан асуудлыг би шийдэж өгсөн. Үнэндээ надад тушаал гарснаас хойш 20 хоногийн дараа ажлаа өгөхдөө ажлаа огт хүлээлгэж өгөөгүй. Дансны дугаартай үлдэгдэл мөнгөн дүнг бичсэн нэг хуудас, “хөгжлийн хөтөлбөр” гээд нэг брошур л өгсөн. Өөр юм надад өгөөгүй, ажлын талаар юу ч яриагүй. Харин намайг яах гэж байна, би Био анагаахын сургуулийн захирал болмоор байна томилж өг гэсэн. Би тэгэлгүй яахав, харин тэр албан дээр байгаа хүнийг нь яах юм” гэж асуусан. Гэтэл тэр хамаагүй ээ, миний шавь зүгээр гэсэн.
Би хэлсэн амандаа хүрч Био анагаахын захирлаар тавих гэтэл өөрөө тохироогүй байсан.Дараа нь танай тэнхимийнхэн таныг профессороор ажиллуулахаар санал гаргасан ажиллах уу гэсэн “Үгүй, харин Эрдмийн сургуулийн захирал болъё” гэсэн. Би бас хэлсэн амандаа хүрээд тэр ажлыг гардаж хийж байсан хүнээ гомдоогоод Эрдмийн сургуулийнхаа захирал болгосон. Гэтэл хамт олныг айлгаж, бутаргаж, янз бүрийн мессеж бичиж дарамталж байсан. Банкны хуулгыг хуурамчаар гаргаж хууль зөрчсөн үйлдэл хийсэн байсан тул халсан. Харин Г.Батбаатар захирал надад хэлж байсан амандаа нэг ч хүрээгүй. Нүд нүд рүүгээ харж гараа барьчхаад хүрээгүй. Ийм л юм болсон.
Хамт олноо дарамталж гарын үсэг албадан зуруулж байсан. Ийм муухай, хүний эрхэнд халдсан, албан тушаалаа ашиглаж дарамталдаг жишиг тогтож байсныг би хална. Хамгийн сүүлд л гэхэд өөрөө профессороор ажиллахгүй гэчхээд бас багш нарыг минь дарамталж гарын үсэг зуруулаад л байсан. Тийм муухай, муйхар арга одоо хол явахгүй.
-Таныг намын томилгоогоор ирсэн, сургуулийн хүн биш гэсэн яриа тарсан?
-Г.Батбаатар захирал Ардчилсан намын эрх барьж байх үеийн АН-сайд Л.Гантөмөрийн тушаалаар томилогдсон. Би МАН эрх барьж байгаа өнөөдрийн МАН-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар томилогдож Ялгаа байна уу. Хоёр хар хэрээ бие биеийнхээ харыг гайхав гэгчээр… Г.Батбаатарыг томилогдохоос өмнө манай боловсролын асуудал хариуцсан дэд захирал Н.Сүмбэрзул үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Яагаад тэр хүнийг үргэлжлүүлээд томилчхоогүй юм.
Намын ялгаварлаар сонгон шалгаруулалт нэрийн дор сольсон гэж бодож байгаа. Яагаад АШУҮИС гэдэг хаягийг өөртөө өмчлөөд байгаа юм. Юугаараа би түүнээс ялгаатай юм. Адилхан тэр сургуулийг төгссөн, адилхан тэнд ажлынхаа гарааг эхэлж байсан. Харин ч хамгийн түрүүний магистр болж, хамгийн анхны Японтой хамтарсан судалгаа хийж, докторын зэргийг мөн энэ сургуульдаа хамгаалсан. Тэр энэ сургуульдаа багшилсаар ирсэн бол би бас бүхэл бүтэн салбараа хөгжүүлэх гэж зүтгэж, сургуулийнхаа Удирдах зөвлөлийн даргаар таван жил ажиллаж, хөгжлийн бодлогыг нь дэмжиж урагшлуулах гэж явлаа. Миний буруу юу.

-Сонгон шалгаруулалт зарласан байсан. Та орох уу?
-Сонгон шалгаруулалт зарласан байсныг өөрөө гомдол гаргаад болиулсан сурагтай. Шүүхийн маргаантай байгаа үед угаасаа сонгон шалгаруулалт зарлагдах ёсгүй юм байна. Ихэнх их сургуулийн захирлууд үүрэг гүйцэтгэгч байна. Бүгд л орно. Төрийн ажлыг хийлээ, авсан шигээ өгч чаддаг тэнхээтэй байх ёстой гэж боддог юм. Ядаж эр хүний хэлтэрхий баймаар юм даа, өдий зэргийн хүн. Би хийж бүтээсэн юмыг нь үргэлжлүүлж, алдаа дутагдал байвал бид бүгдээрээ засахын төлөө л явж байна. Хамтраад сайхан ажиллая, эрдэмтэн, эмч хүмүүс чинь ондоо юм байна шүү гэж үзүүлье гэж хүртэл хэлсэн. Бид бүгд төрийн ажил хийж байгаа хүмүүс, бидний өмч энд нэг ч байхгүй.
Бас төрийн сайд руу дайрч давшилж, худал мэдээлэл тарааж томилогдоогүй байж томилжээ гээд л, болохгүй л дээ. Сайдтай тэрсэлдээд байхын оронд үнэхээр шударга, алдаагүй ажиллаж уу гэдгийг нь холбогдох байгууллага нь тогтоогоод өгөхөд л болно шүү дээ. Аудитын шалгалт оруулахаар бид хүсэлтээ гаргасан байгаа, оруулж өгөөсэй гэж хүсэж байна. “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэдэг байх аа. Нэгэнт та асуусан болохоор дээрх бүхнийг ярилаа.

Эх сурвалж : Зууны мэдээскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан