Нүүрний мэдрүүлийн саа нь нүүрний булчингийн саажлаар илэрдэг тархины мэдрүүлүүдийн саажлын хамгийн элбэг тохиолдох эмгэг юм.
Нүүрний мэдрүүлийн цочмог саагийн шалтгаан ихэнх тохиолдолд тодорхой бус байх боловч өвчний үүсэлд вирусийн халдвар, гэмтэл, дунд чихний архаг үрэвсэл, тархины суурийн байрлалтай голомтот өөрчлөлт, хавдар, нурууны артерийн цусан хангамжийн дутал зэрэг хүчин зүйлүүд нөлөөлнө.
Энэ нь жилд дунджаар 100 мянган хүн амд 12-50 тохиолддог. Бүх насны хүмүүст тохиолдож болох ба 15-45 насныханд илүү байна. Хүйсийн хувьд эр:эм 50:50 хувь буюу тэнцүү байдаг. Хоёроос доош насны хүүхдэд ховор бөгөөд хавар, намрын улиралд илүү тохиолддог.
Нүүрний баруун талын саа 66 хувь, зүүн талын саа 33 хувь, 2 талыг хамарсан саа 0.3-2 хувь байна. Жирэмсэн үед өвчлөх магадлал 3 дахин их, чихрийн шижингийн үед 5 дахин их байдаг.
Шалтгаан
- Вирусийн халдвар
- Дархлааны хүчин зүйл
- Мэдрэлийн ширхгүүдийн хаван, цусны бичил эргэлтийн өөрчлөлт
- Нүүрний мэдрүүлийн сувгийн нарийсал
Эрсдэлт хүчин зүйл
- Чихрийн шижин (4-5 дахин их)
- Амьсгалын дээд замын эмгэг
- Жирэмслэлт (3.3 дахин)
- Таргалалт
- Артерийн даралт ихсэлт
- Хүнд зэргийн жирэмсний хожуу хордлого зэрэг нь нүүрний мэдрэлийн захын саажилт үүсэхэд нөлөөлнө.
Эмнэлзүйн шинж тэмдэг
- Нүүрний нэг талын булчин саажиж, нүүрний тэгш хэм алдагдах
- Духны атираа тэнийх
- Нүд бүрэн анигдахгүй болох
- Хамар-уруулын нугалаас тэнийж, ам эрүүл тал руугаа муруйх
- Нүд аргах эсвэл нулимс гоожих
- Амтлах мэдрэхүй буурах
Дагалдаж гарах эрт үеийн шинж тэмдэг:
- Нүүрний булчин сулрах
- Чих орчим хавдах, улайх (60%)
- Амт өөрчлөгдөх (57%)
- Дуу чимээнд мэдрэмтгий болох (30%)
- Нулимс гоожих
- Хацар/ам орчим чимчигнэх эсвэл мэдээ алдах
- Нүд орчим өвдөх
- Нүд бүрэлзэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Нүүрний саажилт нь таны царай, инээмсэглэлийг өөрчилдөг тул зарим хүмүүсийг сэтгэл хямралд хүргэдэг.
Оношилгоо
Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай мэдрэлийн эмчид хандах ба эмч үзлэг хийж оношилгоо, шинжилгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд толгойн КТ, СРТ хийлгэх эсэхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг.
Эмчилгээ
- Эмийг эмчийн зааврын дагуу уух
- Хэрэв таны нүд бүрэн анигдахгүй бол 1-2 цаг тутамд "хиймэл нулимс" хэрэглэх
- Өдрийн цагаар нүдний шил, нарны шил зүүх нь нүдэнд тоос шороо орох, гэмтлээс хамгаалахад тусалдаг.
- Шөнийн цагаар нүдэндээ хиймэл нулимс хэрэглэн зориулалтын тууз ашиглан зовхио зөөлөн наах эсвэл нүдний хаалт хэрэглэх
- Эмэн эмчилгээ болон дээрхээс гадна сэргээн засах эмчилгээ нэн шаардлагатай байдаг.
Өвчний тавилан
Эмчилгээ хийснээр 6 сарын дотор өвчтөний 80-85% бүрэн эдгэрнэ. Өвчний дахилт 10 орчим хувьд ажиглагдана.
Нүд аргаж хуурайших, дуу чимээнд хэт мэдрэгших, дунд чихний архаг үрэвсэл, чихрийн шижин, артерийн даралт ихсэлтийн үед сэргэлт удаан, үлдэц ихтэй байдаг.
Эмчилгээг хожуу эхлэх хийгээд нүүрний булчингийн хоёрдогч саажилтын үед сэргэлт удаан, мэдрэлийн ширхгүүдийн нөхөн төлжилт буруу явагдсанаас нүүрний мурийлт, эмгэг хөдөлгөөн, булчингийн татвалзал, хоол идэхэд нулимс гоожих, доод зовхи унжиж эргэх зэрэг урхаг үлдэх хандлагатай.
Урьдчилан сэргийлэлт
Вирусийн халдвар авах, даарч хөрөхөөс сэргийлэх
Нүүрний саа үүсэх хоёрдогч шалтгаан болох (чихрийн шижин, даралт ихсэлт, чихний архаг өвчин, таргалалт) зэрэг эмгэгийг эмчлэх шаардлагатай.
Зөвлөгөөг бичсэн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Р.Баасанцэрэн