Сүрьеэ нь халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт ордог

Сүрьеэ нь халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт ордог

 

Сүрьеэ нь нас баралт өндөртэй халдварт өвчин ба дэлхий дахинаа жил бүр 10 сая хүн халдвар авч, 1.3 сая хүн сүрьеэгийн улмаас нас барж байна. Сүрьеэ өвчин нь хүн төрөлхтөн үүсэж хөгжсөн цагаас эхлэлтэй гэж үздэг ба ДЭМБ-аас 2021 онд Монголыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны жагсаалтад оруулжээ.

Монголд сүрьеэгийн тархалт нийт хүн амын дунд өндөр, Ази Номхон далайн баруун бүсийн 37 орноос халдварын тархалт өвчлөлөөрөө дөрөвдүгээрт орж байна.

Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэж 200 хүн сүрьеэ өвчнөөр нас бардаг. Сүрьеэ нь манай орны хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаант нас баралтаар тэргүүлдэг.

Сүрьеэ нь урьдчилан сэргийлэх боломжтой ихэвчлэн эдгэрдэг өвчин юм. Уушгины сүрьеэг эрт илрүүлснээр халдварын эх уурхайг тогтоож тархалтыг хязгаарлах улмаар эдгэрэлтэд эерэг нөлөө үзүүлнэ. Гэвч сүрьеэтэй тохиолдлын ихэнх хувь нь өвчний шинж тэмдэг бүдэг, биеийн зовуур бага байх магадлалтай.

Ялгаварлан гадуурхалт нь өвчтөнүүдэд нийтлэг тохиолддог бөгөөд энэ нь эрүүл мэндийн үйлчилгээ авахад ихээхэн нөлөөлж, тэдний олонх нь шүүмжлүүлэхээс айж оношоо илчлэхээс татгалздаг байна. Ялгаварлан гадуурхал, сүрьеэгийн талаарх ойлголт, мэдлэг дутагдалтай байх, санхүүгийн саад бэрхшээлүүд эдгээр хүмүүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өвчилсөн тохиолдолд эмчилгээг мөрдөхөд ихээхэн саад учруулдаг.

Нийгмийн ялгаварлан гадуурхлыг бууруулах арга хэмжээ

  • Өвчтөнтэй биш өвчинтэй тэмцэх
  • Нийгэмд зөв ойлголт бий болгох арга хэмжээ авах
  • Нийгмийн гадуурхлын бай болж байгаа хүнийг дэмжих
  • Хууль, эрхзүйн орчин бүрдүүлэх

Өвчтөнд өгөх зөвлөгөө

  • Эмчилгээгээ эхлэх
  • Айж, ичих нь тус болохгүй
  • Өөрийгөө бүү тусгаарла
  • Дэмжлэгт бүлэгд нэгд
  • Өөрийгөө дэмж, сэтгэлзүйн тусламж ав
  • Нийгмийн гадуурхлын эсрэг үгээ хэл

Монгол Улс сүрьеэтэй тэмцэх ажлын хүрээнд

  • 2001-2008 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эмчилгээний хяналтыг сайжруулсан.
  • 2009-2016 онд Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги хэрэгжүүлэн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн менежментийг бэхжүүлсэн.
  • 2017-2024 онд Сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамж зааврыг хэрэгжүүлэн сүрьеэгийн эмчилгээнд ДЭМБ-ын зөвлөмж болгосон шинэ богино горимуудыг нэвтрүүлжээ.

Манай улс 2008 оноос эхлэн цахим бүртгэл мэдээллийн системийг боловсруулж, 2023 оноос сүрьеэгийн цахим бүртгэлийн систем TUBIS-ийг ашиглаж эхлээд байна. Энэхүү цахим системийг сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 34 сүрьеэгийн диспансерууд сүрьеэгийн оношилгоо, тохиолдлын бүртгэл, эмчилгээ, хяналт, сүрьеэтэй өвчтөний хавьтал, сүрьеэгийн эм, урьдчилан сэргийлэх эмчилгээ, эмч нарын зөвлөгөөний шийдвэр зэргийг бүртгэн мэдээлж, өмнө нь ашиглаж байсан цахим баазыг нэгтгэж, мэдээ мэдээллийн томоохон бааз үүсгэжээ.

Мөн лавлагаа шатлалын эмнэлгүүд оношилгоог өдөр тутамд бүртгэж хариу авах, сорьцыг шүүх, сүрьеэтэй өвчтөний хавьтлын үзлэг шинжилгээг бүртгэх зэргээр нэмж, томоохон улсын эмнэлгүүд болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаандаа өргөн ашиглаж байна. Түүнчлэн анхан шатны эмнэлгүүдэд ашиглах боломжтой ТУБ-Мобайл аппликейшныг шинээр хөгжүүлэлт хийж, практикт хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.

СҮРЬЕЭТЭЙ ХОЛБООТОЙ ТОО БАРИМТУУДААС:

  • Монгол улсын хэмжээнд 2023 оны нийт халдварт өвчний 39.1 хувийг амьсгалын замын халдварт өвчин, үүний 14.7 нь сүрьеэ байна. Сүрьеэгийн 59.8 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол, ялангуяа PM2.5 тоосонцорын агууламж болон сүрьеэгийн өвчлөл хоорондоо хамааралтай байна. PM2.5 тоосонцорын дундаж агууламж 2023 онд ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 9 дахин их байна.
  • Монгол Улсын хэмжээнд 2017-2023 онуудад 7 удаагийн сүрьеэгийн дэгдэлт бүртгэгдэж олон тооны хүн халдвар авч сүрьеэгээр өвчилжээ. Хүн ам бөөгнөрсөн, агааржилт муу орчин дэгдэлт гарахад нөлөөлж байна.
  • Манай улс 2003 оноос эхлэн эмэнд тэсвэртэй сүрьеэг оношилж эхэлсэн бөгөөд эмчилгээг 2006 оноос эхэлжээ.
  • 2013 онд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар сүрьеэгээр өвдөх эрсдэл жирэмсэн үед нийт хүн амтай харьцуулахад 1.3 дахин өндөр байна. Монгол улсад сүүлийн 20 жилийн байдлаар /2000-2020/ нийт эхийн эндэгдлийн 3,9 хувь, шууд бус шалтгаант эхийн эндэгдлийн 13.4 хувь нь сүрьеэгийн шалтгаантай байна.
  • Чихрийн шижинтэй үед сүрьеэгээр өвчлөх эрсдэл 2-3 дахин өндөр байдаг ба дэлхий дахинд сүрьеэгийн нийт өвчлөлийн 15 хувь нь чихрийн шижинтэй.
  • Монгол Улсын хэмжээнд 23 хорих ангид хоригдож байгаа хоригдлуудын дунд сүрьеэ өвчин халдварт бус өвчинтэй хавсарсан тохиолдол жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Мөн хавсарсан өвчний тохиолдол насны хувьд залуужиж өвчний хүндрэл үүсч улмаар нас барах эрсдэлтэй байна.
  • Монгол улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба 2024 оны эхний хагас жилийн байдлаар нийт 382 тохиолдол бүртгэгдсэн байна. ХДХВ-ийн халдвартай хүмүүс харьцангуй цөөн боловч тэд сүрьеэгийн хавсарсан халдвараар өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг.
  • Монгол Улсад жил бүр нурууны сүрьеэгийн 140-160 тохиолдол бүртгэгдэж байна.
  • Сүрьеэгийн молекулын оношилгоог улсын хэмжээнд нийт 42 эмнэлэг дээр 44 Женеэксперт төхөөрөмж ашиглан хийж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан