Манай улс сүрьеэгийн тохиолдлын түвшнээр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 37 орноос эхний дөрөвт орж, 2017 оны байдлаар улсын хэмжээнд сүрьеэ өвчний 3,779 шинэ тохиолдол бүртгэгдсэн.
Гэвч уг тоо 4,000 болж нэмэгдсэн нь саяхных биш бөгөөд нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм.
Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дунд уг өвчлөлийн хүнд хэлбэр болон олон эмд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа нь холбогдох мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны давхар судлаач Д.Наранзулаас зарим зүйлийг тодрууллаа.
-Жилд дунджаар 4,000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна гэдэг гуравхан сая хүн амтай манай улсын хувьд өндөр тоо. Сүүлийн хоёр жилд энэ тоо тогтвортой байсаар байна. Ер нь сүрьеэгийн өвчлөл буурах хандлага байна уу?
-Сүрьеэгийн тархалтын судалгаагаар улсын хэмжээнд жилд дунджаар сүрьеэ өвчний 10-12 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдэх ёстой гэсэн тооцоо гарсан.
Шинэ тохиолдлын тоо их байна гэдэг сүрьеэ өвчин газар авсан гэсэн үг биш. Халдварт өвчин нэг өдөр эсхүл нэг жилийн дотор бий болдоггүй.
Ялангуяа, архаг халдварт өвчин урт хугацаанд бий болж, илэрдэг. Тиймээс сүрьеэ өвчин манай улсад ямар хэмжээнд хүрсэн болохыг шууд хэлэхэд хэцүү.
Ийм өвчтэй нэг хүний ард халдвар авах магадлалтай олон хүн бий. Тиймээс халдвар тарааж байгаа хүнийг хэдий чинээ их илрүүлнэ, төдий чинээгээр өвчлөлийн тархалтыг бууруулж байна гэсэн үг.
Сүүлийн жилүүдийн байдлаас харахад манай улсын хувьд сүрьеэгийн өвчлөл аажмаар буурах хандлагатай байгаа.
-Сүүлийн үед уг өвчний хүнд хэлбэр болон олон эмд тэсвэртэй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа гэх боллоо.
-Сүүлийн 11 жилийн байдлаар манай улсын хэмжээнд эмд тэсвэртэй сүрьеэгийн 1.726 тохиолдол оношлогдож, 345 хүн нас барсан гэх үзүүлэлт бий.
Хамгийн анхны сүрьеэгийн эсрэг эм гарч ирснээс хойш энэ өвчин эмд тэсвэртэй болж эхэлсэн.
Сүүлийн жилүүдэд энэ талаар их ярих болсон нь эмд тэсвэртэй сүрьеэгийн мутацийг илрүүлдэг тоног төхөөрөмжийн дэвшил, оношилгооны арга нарийссантай холбоотой.
Өөрөөр хэлбэл, оношилгоо болон илрүүлэг сайжирч байна гэсэн үг.
Нөгөөтээгүүр, сүрьеэ өвчтэй иргэд эмчилгээнд хамрагдсан боловч, эмчилгээний явцад таслах, хүнд хэлбэрт шилжтэлээ оношилгоо хийлгэхгүй явах зэрэг иргэдийн хариуцлагагүй байдалтай холбоотой.
-ХӨСҮТ-д энэ өвчний эрт илрүүлэг болон оношилгоог хэрхэн хийж байгаа вэ?
-PCR аппарат ашиглан сүрьеэ өвчний халдвар авсан эсэх, авсан бол хэдэн эмд тэсвэртэй болохыг хоёр хоногийн дотор, урьдчилсан байдлаар хоёр цагийн дотор тогтоож байгаа.
Эмчилгээ хийлгэж байгаа иргэд архи, тамхи хэрэглэхийн зэрэгцээ эмчилгээгээ тасалдаг. Энэ бол хамгийн бэрхшээлтэй асуудал. Ийм байдлаар эмчилгээ хийлгэвэл эдгэрэх нь удааширч, бүрэн гүйцэт эдгэх магадлал буурна.
Харин халдвар аваагүй иргэд 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгавал оношилгоо хийлгэх шаардлагатай.
ХӨСҮТ-д оношилгоо болон сүрьеэгийн эсрэг эм, бэлдмэл үнэгүй олгож байгаа. Тиймээс халдвар авсан иргэдийн хувь дэмээ цаг тухайд нь ууж, эмчилгээгээ таслахгүй байх нь тэдний үүрэг юм.
-Нийгмийн аль бүлгийн хүмүүс ихэвчлэн сүрьеэгээр өвчилж байна вэ?
-Жил бүр шинээр бүртгэгдэж буй 4,000 тохиолдлын 70 хувь нь амьжиргааны түвшин доогуур, тодорхой эрхэлсэн ажилгүй мөн тэтгэврийн насны болон группт хамрагддаг иргэд байна.
Харин үлдсэн 30 хувийг олон нийттэй ажилладаг, хүнд хөдөлмөр эрхэлдэг иргэд эзэлж байгаа.
Ерөнхийд нь хэлбэл, сүрьеэ өвчнөөр ихэнхдээ нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс өвчилж байна
-Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг 2016 оноос эхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг (МСТН)-тэй хамтран “Сүрьеэгийн эсрэг Монгол-Солонгосын хамтын ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхлүүлсэн. Уг төслийн хэрэгжих хугацаа дуусаж үр дүн, болон цаашдын төлөвлөгөөг өнөөдөр (өчигдөр) танилцууллаа. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн уг төслийн үр дүнгийн талаар яривал?
-Төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 49 мянган иргэн, их дээд сургуулийн 6,205 оюутан залуусыг сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулсан.
Эдгээр иргэдээс сүрьеэ өвчтэй 309, эмд тэсвэртэй сүрьеэгийн 53 тохиолдол илрүүлж, эмчилгээнд хамруулсан.
Одоогоор эмчилгээний үр дүн буюу эдгэрэлт 98 хувьтай байна.
Цаашид энэ төслийг өргөжүүлэх, үргэлжлүүлэх саналыг БНСУ-ын санхүүжүүлэгч байгууллагад хүргүүлсэн. Хэрхэх нь одоохондоо шийдэгдээгүй.
-Уг төслийг өргөжүүлнэ гэлээ. Энэ хүрээнд цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх гурван жилийн хугацаанд дөрвөн чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байна.
Тодруулбал, сүрьеэтэй өвчтөний хавьтал, нийслэл дэх орон гэргүй иргэд, бичил уурхайчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэсэн бүлэг рүү чиглэсэн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний ажил хийхээр төлөвлөж байна.
Цаашид энэ ажлыг тасралтгүй хийнэ.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин