Б.Мөнгөнчөдөр: Хүүхэд жилд 6-8 удаа ханиад хүрэх нь дархлаа хэвийн байна гэсэн үг

Б.Мөнгөнчөдөр: Хүүхэд жилд 6-8 удаа ханиад хүрэх нь дархлаа хэвийн байна гэсэн үг

 

Намар болж цаг агаар хүйтэрч, хүүхдүүд ханиад, томуугаар өвчилөх нь ихсээд байгаа. Хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан ханиад, томууны дэгдэлт нэмэгдээд байна. Улирлын томуугаас ялгаатай нь эдгэх хугацаа удаан бөгөөд зовуурь ихтэй байгаа аж. Нөхцөл байдлын талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Энхжин болон “Бүжинмэд” хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Мөнгөнчөдөрөөс тодрууллаа.
“Бүжинмэд” хүүхдийн эмнэлгийн их эмч Б.Мөнгөнчөдөр: Улирал солигдоход цаг агаар тогтворгүй байдаг учир хүүхдүүд ханиад томуугаар өвчлөх нь түгээмэл байдаг. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүд ихэвчлэн цэцэрлэгийн насныхан байна. Халуурах, хоолой өвдөх, нүдний угаар өвдөх, хамар нь битүүрэх гэх мэт шинж тэмдгүүд давамгайлж байна. Хүмүүсийн нийтлэг ойлголт нь хүүхдийн дархлаа унаснаас болоод ханиад хүрээд байна гэж боддог. Ханиад томуу нь орчны өөрчлөлтөөс болоод халдвар авах тохиолдол цөөнгүй байдаг. Учир нь зуны улиралд цонхоо нээж байнга агаар сэлгэж байдаг. Гэвч хүйтрэхээр тэр болгон цонхоо нээгээд байдаггүй. Иймд нэг ангид олон хүүхэд байгаа тохиолдолд агаар сэлгэлт хийгдэхгүй маш их нян вирус тарахдаг. Халдварын тоо нэмэгдэх шалтгаан нь энэ. Одоо Адино вирус дэлгэрээд байгаа. Бага насны хүүхдэд нүд нуухтах, хамраас ногоон нус ихээр гарах, хоолой сөөх, ихэвчлэн нүд, хамар, хоолой зэрэг эрхтнүүдэд нөлөөлдөг. Үргэлжлүүлэн Рино вирус дэгдэж эхэлсэн байна. Бас ганц нэг Корона вирусийн халдвар ч байна. Эцэг эхчүүд аль болох гэртээ агаар сэлгэлт сайн хийж, халдваргүйжүүлж байх хэрэгтэй. Цэцэрлэгт явж байгаа тохиолдолд эрт унтуулж байх хэрэгтэй, шөлтэй хоол сайн өгөх, чихэрлэг зүйлсийг нь хасах, чихэр идсэнээр нян вирусийн тоо улам бүр ихэсдэг.
Маш сайн шингэн зүйл уулгах, ингэснээр таны хүүхдийн дархлаа илүү сайн дэмжигдэнэ. Нэгэнт халдвар аваад шинж тэмдэг эхэлсэн хүүхдүүдийн ханиадыг хатгаа болгохгүйгээр эрт эмчлэх ёстой. Ханиадны эхний шинж тэмдэг илрэхэд эмчид хандаж, шаардлагатай эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. Хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Дур мэдэн антиботик хэрэглүүлэхгүй байх, антиботик хэрэглэхгүйгээр ханиадыг эдгээвэл дархлаа маш сайн тогтож дараа дараагийн вируст тэсвэртэй болно. Одоо хүйтний улирал эхэлж байна. Энэ вирус нь арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сард эрчээ авдаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ урьдчилан сэргийлэх вакциныг  хийлгэх нь зөв. Энэ нь вирусийн эсрэг дархлаа маш сайн тогтож халдвараас 98 хувь сэргийлнэ. Ханиад, томууг хүмүүс ялгахгүй байх талтай байдаг. Энэ хоёр нь  өөр төрлийн вирус юм. Томуу нь  хүний биеийг хүчтэй гэмтээж, өндөр халуурах, хордлогын шинж тэмдэг ихсэж, амархан хатгаа болгодог. Томуугаар өвчилсөн хүүхдэд  зовуурь ихтэй байдаг. Хүндэрснээс болж нас барсан тохиолдол ч цөөнгүй. Ханиадны хувьд харьцангуй хөнгөн шинж тэмдэг илэрч 5-10 хоногтоо бүрэн эдгэрэх боломжтой байдаг. Дэлхий нийтээр дархлааг хэмждэг хэмжүүр гэж байдаггүй. Дархлаа буураад ихсээд байх боломжгүй. Хүүхэд жилдээ 6-8 удаа ханиад хүрэх нь энгийн буюу дархлаа хэвийн байна гэж үздэг. Хүүхэд тань ханиад хүрээд эдгэрсэн тохиолдолд дахин яг энэ вирусээр өвдөхгүй байж болно. Бага насны хүүхэд аливаа вирусэд амархан өртдөг. Долоо, найман нас хүрэхээр халдвар авах нь багасаад эхэлдэг үүнийг дархлаа унах, ихсэх гэж ойлгоод байдаг. Хүний биеийн дархлаа хэлбэлзээд байдаг зүйл биш учраас энгийн аргаар дархлааг хэвийн нооромд нь байлгах хэрэгтэй. Хүүхдийг эрт унтуулах, шингэн зүйл сайн уулгах, витамин д таслахгүй өгөх, ханиад хүрсэн тохиолдолд хүндрүүлэхгүйгээр эмчлэх энэ тохиолдолд хүүхэд томрох тусам ханиад хүрэх нь цөөн байдаг.
quote photo
Энэ жилийн хувьд ХӨСҮТ-ийн мэдээлснээр Адина болон Рино гэсэн хоёр төрлийн вирусийн дэгдэлт их байна. Энэ вирус томуугийн вирус дотор 30-50 хувийг эзэлж байна.

 

Г.ЭнхжинАдина болон Рино гэсэн хоёр төрлийн вирусийн дэгдэлт их байна
ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Г.Энхжин: Ханиад, томуу бол амьсгалын замаар дамжин халдварладаг өвчин. Хичээл сургууль эхэлж өвчтэй болон эрүүл хүүхдүүд нэг танхимд хичээллэж байгаа нь эрсдэл дагуулаад байгаа юм. Наймдугаар сарын сүүлээр манай эмнэлэгт үйлчлүүлж байгаа хүүхдүүд халуурах, хэвлийгээр өвдөх, бөөлжих гэсэн зовуурьтай ирж байсан. Харин есдүгээр сараас халуурах, ханиалгах, шингэн баах, бөөлжих зовууриуд нэмэгдсэн. Амьсгалын замын халдвар нь агаар дуслын замаар дамжин халдварладаг. Эхэндээ хоолой өвдөх, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрдэг. Үүний дараагаар ямар шинж тэмдэг нь давамгайлж байна.  Ямар төрлийн вирус вэ гэдэг нь 2-5 хоног дотор зовууриуд нь нэмэгдэж илэрдэг. Энэ жилийн хувьд ХӨСҮТ-ийн мэдээлснээр Адина болон Рино гэсэн хоёр төрлийн вирусийн дэгдэлт их байна. Энэ вирус томуугийн вирус дотор 30-50 хувийг эзэлж байна. Хамрын салст бүрхэвч рүү нэвтрэн ороод, амьсгалын дээд замд үржиж, хамрын салстын үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл үүсгэдэг вирус. Риновирус нь маш олон типтэй. Нэг төрлийн типээр нь өвчлөөд эдгэрч дархлаа тогтсон байхад дараа нь өөр төрлийн типээр өвчлөх, энэ төрлийн вирусээр дахин, дахин ханиад хүрэх магадлалтай.
Риновирусийн үед арай бага халуурч, халдвар хордлогын шинж тэмдэг арай бага илэрнэ. Толгой өвдөж, хямрах нь бага. Хамрын салст хөөж хавагнах, нус гоожих, хамар битүүрч, шархирах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Удаан үргэлжилнэ. Томчуудад хөнгөн хэлбэрээр тусдаг бол хүүхдэд хүндээр өвчлүүлэх магадлалтай. Хоногт 200-450 хүүхэд манай эмнэлгээр үйлчлүүлж байна. Үүний 50 хувь нь амьсгалын замаар дамжин халдварласан байна. Наймдугаар сарын сүүл үед энэ тоо харьцангуй бага байсан есдүгээр сараас эрс нэмэгдэж байна. Энэ байдлаар халдварын дэгдэлт түргэсэж, өвчлөл ихсэх магадлалтай юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ халдвар хамгааллын дэглэм сайтар сахиулж, халдвар авсан тохиолдолд гэрт нь тусгаарлах хэрэгтэй. Хүүхдийг аль болох эрт унтуулах, дэлгэцээс хол байлгах, нэг удаад 2-3 цагаас илүү хугацаагаар дэлгэц ширтүүлэхгүй байх, шим тэжээлтэй хоол, унд өгөх  зэргээр дархлааг нь унагахгүй байх хэрэгтэй. Халуун шингэн зүйл, тэр дундаа витамин С агуулсан зүйлүүд сайн уулга. Витамин C нь хүний биеийн интерфероныг идэвхжүүлдэг, үрэвсэл, халдвар, хордлогын эсрэг үйлчилгээтэй гэж үздэг. Гэрийн нөхцөлд  аньс, чацаргана зэрэг жимсийг буцалгаж уувал витамин С-ийн агууламж өндөр байдаг.
Бэлтгэсэн Б.Намуунаа
https://itoim.mn/a/2024/09/13/health/uqa?645cd1d4acfb9f974740a5bf3d5454fc
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан