Улаанбаатар хотын 50-69 насны эрчүүд зүрх судасны өвчний улмаас нас барах эрсдэл өндөр байгааг анхааруулав


“Монгол Улсад 2015-2022 онд бүртгэгдсэн эмчлэх боломжтой нас баралтыг судлах нь” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээс тоймлон хүргэж байна. 
Энэхүү судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээлэл технологийн албаны мэргэжилтэн, Талбарын тархвар судлалын 14 дүгээр кохортын суралцагч Г.Ган-Эрдэнэ танилцуулсан юм.
Улаанбаатар хотод амьдарч буй иргэд зүрх судасны өвчний улмаас эндэх эрсдэл өндөр байгаа бол хөдөөгийн хүн ам халдварт өвчний улмаас амиа алдах эрсдэлтэйг анхааруулж байлаа. 
Түүнчлэн эмчлэх боломжтой нас баралт монгол эрчүүдийн дунд илүү өндөр хувьтай байгааг дурдсан юм. 
Монголын хүн амын нас баралтын талаарх түүний танилцуулсан илтгэлийг товчлон хүргэе. 


"Монгол эрчүүд илүү эрт нас барж байна"

Сэргийлж болох нас баралт гэдэг нь 75 нас хүрэхээс өмнө тодорхой шалтгааны улмаас эндсэн тохиолдлыг хэлдэг.
Монгол Улсад жилд дунджаар 17,000 гаруй нас баралт бүртгэгддэг. Үүнээс гурван нас баралт тутмын нэг нь сэргийлж болох нас баралт байдаг.
2022 онд Монгол Улсын хүн амын дундаж наслалт 71.3 байсан. Энэ нь 1992 оноос 8.5 жилээр нэмэгдсэн боловч эрэгтэй, эмэгтэй хүйсийн ялгаа 9.4 жилийн зөрүүтэй. 
Монгол эрчүүд илүү эрт нас барж байна. 
Монгол Улсад сэргийлж болох нас баралтын түвшнийг нас, хүйс, нутаг дэвсгэр, өвчний ангиллаар харьцуулан судлахад судалгааны ажлын гол зорилго оршино.
Мэдээлэл цуглуулалтыг нас баралтын мэдээллийн сангаас иргэний мэдээллийг тодорхойлох боломжгүй болон оршин суух хаяг, нас, хүйс, нас барсан хэлбэр, нас барсан газар, өвчний онош зэргээр цуглуулсан.  
Сэргийлж болох байсан нас баралтын тухай тодорхойлолт:
Өвчний олон улсын аравдугаар ангиллаар Монгол Улсад 2015-2022 оны хооронд бүртгэгдсэн 75-аас доош настай хүмүүсийн нас баралтыг хамруулсан.
Энэхүү судалгаанд 75-аас дээш насныхан болон бусад өвчний оноштой нас баралтыг хасаж тооцсон.
Судалгааны ажлын онцлох үр дүн:
2015-2022 онд нийт 136,718 нас баралт бүртгэгджээ. Үүнээс 40,426 нь сэргийлэх боломжтой нас баралт байв. Энэ нь нийт нас баралтын 29.6 хувийг эзэлж байна.
  • Хамгийн өндөр хувь 2015 онд 100,000 хүн амд 175 тохиолдол
  • Хамгийн бага буюу 2020 онд 100,000 хүн амд 137.6 тохиолдол бүртгэгдсэн.
Сэргийлж болох нас баралтын тухайд улсын дундаж нь 100,000 хүн амд 127.3 байдаг. 
  • Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай, Баян-Өлгий, Булган зэрэг аймгийн хүн амын сэргийлж болох нас баралт улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. 
 
 
Сэргийлж болох нас баралтыг бүс нутгаар нь харвал:
Хангайн бүсэд улсын дунджаас өндөр байсан. Үүний хамаарлыг нь үзэхэд 9.1 буюу Хангайн бүсийнхэнд илүү их нас баралт бүртгэгдсэн. 
Насны ангилал болон хүйсээр нь харьцуулж үзэхэд
  • 0-9 настай хүүхдүүдэд 16.9 хувийн эндэгдэл бүртгэгдэв. Энэ нь ихэвчлэн төрөлтийн эндэгдэл буюу (prenatal disease) байна. 
  • 50-69 насныхны дунд тархины судас болон зүрхний өвчлөлийн шалтгаант нас баралт өндөр хувийг эзэлжээ. 
Нийгмийн байдал, хүйсээр харьцуулж үзвэл:
  • Хүүхдүүдэд 17.5 хувь
  • Ажилгүй иргэд 14.4 хувь (ажилгүй эрэгтэй хүмүүс илүү нас барсан).
  • Мөн тэтгэврийн насны эрчүүдийн нас баралтын хувь өндөр байна.
Нас баралтын тэргүүлэх таван шалтгаан:
  • Тархины судасны өвчин
  • Зүрхний өвчин (Ichemic heart disease)
  • Төрөлтийн эндэгдэл (prenatal disease)
  • Уушгины хатгаа болон уушгины дээд, доод замын өвчлөл
  • Сүрьеэ өвчин багтаж байна.
Хамгийн онцлох өвчлөл гэвэл сүрьеэгийн нас баралт 40-49 настай хүмүүст хамгийн их тохиолдсон байгаа юм.

"Улаанбаатар хотод зүрх судас болон тархины шалтгаант өвчлөл өндөр"

Хот болон хөдөөгийн харьцуулалт:
Улаанбаатар хотод ихэвчлэн зүрх судас болон тархины шалтгаант өвчлөл өндөр. Харин хөдөө орон нутагт халдварт өвчний шалтгаант нас баралт хамгийн их бүртгэгдсэн.
Нас баралт бүртгэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудыг авч үзье.
  • Анхан шат буюу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд нас баралтын 42 хувь
  • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт 33 хувь
  • Төрөлжсөн эмнэлгүүдэд 17 хувь
  • Амаржих газар ЭХЭМҮТ зэрэг эмнэлэгт долоон хувь
  • Хувийн хэвшлийн байгууллагад нэг хувь бүртгэгдсэн байна.
Нас баралтыг эмнэлэгт хэвтсэн хугацаагаар нь харьцуулбал: 
Халдварт өвчин тэр дундаа сүрьеэгийн улмаас эмнэлэгт хэвтэх үзүүлэлт өндөр байдаг. Харин зүрх, судасны өвчний шалтгаант нас баралт болон хоног болоогүй буюу гэртээ нас барах үзэгдэл өндөр хувийг эзэлж байна.
Үүнээс дүгнэж үзэхэд Монгол Улсад бүртгэгдсэн сэргийлж болох нас баралтын гурван хүн тутмын хоёр нь эрэгтэйчүүд байна. Тэр дундаа 35-64 насны эрэгтэйчүүдийн нас баралт 1.8-2.1 хувиар эмэгтэйчүүдээс өндөр гарчээ. 
Насны ангиллаар 50-69 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаа юм.

"Сэргийлж болох нас баралтын таван хүн тутмын гурав нь Улаанбаатар хотынх"

Бүс нутгаар авч үзвэл:
Хангайн бүс буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Баян-Өлгий, Булган аймагт тархины судасны эмгэг, зүрхний өвчлөлийн нас баралт өндөр хувийг эзэлж байна.
Сэргийлж болох нас баралтын таван хүн тутмын гурав нь Улаанбаатар хотод нас барсан байна.
Сэргийлж болох нас баралтын 94.4 хувь нь халдварт бус өвчний шалтгаант нас баралт эзэлж байгаа юм.

Зөвлөмж:

Эмчлэх боломжтой нас баралтыг бууруулахын тулд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас 30-60 насны эрэгтэйчүүдийн эрт илрүүлгийн хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай. 
Монгол Улсын эрт илрүүлгийн хувьд 30-60 насны хамрагдвал зохих эрчүүдийн ердөө 29 хувь л оролцсон.  
Харин 18-30 настай иргэдийн 25 хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж байна. Тиймээс эрүүл мэндийн эрт илрүүлэг, хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Улаанбаатар хотод зүрх судас, төрөлтийн эндэгдэл хөдөө орон нутгаас харьцангуй өндөр байгаа. 
Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал.
Мөн өвчний хяналтад илүүтэй анхаарч, бодлогын баримт бичигт илүү тусгах шаардлагатай.
Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрүүл мэндийн дадал хэвшлийг бий болгох үүднээс олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааг эрчимжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн нийт нас баралтын 94.4 хувь нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй байгааг Талбарын тархвар судлаач Г.Ган-Эрдэнэ зөвлөлөө. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан