Хөндөх сэдэв: Монгол хүн 28 шүдтэй болов

Хөндөх сэдэв: Монгол хүн 28 шүдтэй болов

 

Монгол Улсын 5-6 насны хүүхдийн 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Барагцаалбал, нэг ангийн 10 сурагч тутмын 8-9 сурагчийн шүд нь цоорсон гэх судалгаа бий. Монгол таван настай хүүхдийн шүд цоорлын өвчин дэлхийн дунджаас хоёр дахин их байна гэдгийг албаныхан онцлов. Сүүн шүд цоорох өвчний тархалт таван настайдаа дээд цэгтээ хүрч, байнгын шүдэнд 20-24 насандаа хамгийн их байна. Хүнд хэлбэрийн өвчний тархалт 60-64 насанд дээд цэгтээ хүрч, шүдгүйдэл 85-89 нас хүртэл нэмэгдэж, дараа нь буурч байгааг мэргэжилтнүүд мэдээллээ.

Орон нутгаар нь авч үзвэл, 0-5 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймаг Архангай 47 хувь, хамгийн бага нь Баян-Өлгий аймаг 21 хувьтай байгаа бол 6-17 насны хүүхдийн шүдний өвчлөл хамгийн өндөр аймгаар Завхан 74 хувь, хамгийн бага аймгаар Төв аймаг 40 хувьтай байна.

"Ер нь бид 32 цагаан шүд гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үеийн залуус 28 шүдтэй буюу дөрвөн агт араа шүдний үүсгэвэргүй болсон. Шүдний цоорлоо огт эмчлүүлэхгүй удаан явснаар эрүүний ясаа хусч, тайруулахад хүрдэг болжээ.

Асран хамгаалагч хүүхдийнхээ эрүүл мэндийг үл хайхарснаас болж шүд нь өвдөж, буглаж байхад нь эм уулгаж, ахуйн нөхцөлд аргалахыг оролддог.

Үүний улмаас шүдний өвчнийг даамжруулж, буйл, ясны хальс үрэвсдэг. Энэ өвчлөл огт зогсоогүй, ийм хүнд тохиолдлууд гарч байгаа нь харамсалтай. Эрүүл мэнддээ анхаарч, амны хөндий ариун цэвэртээ анхаарч чадвал өтөл насандаа ч ам дүүрэн цагаан шүдтэй байх бүрэн боломжтой" гэдгийг Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийн танхимийн эрхлэгч Э.Билгүүн хэлсэн юм.

ОРОН НУТГААС 27 ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ ХОТОД ШИЛЖИЖ ИРСЭН

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:

-Монгол Улсын Засгийн газраас эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны дүн дээр суурилж, 2023 онд нүүр, ам судлалын мэргэжилтнүүдтэй уулзсан. Энэ үеэр тодорхой хөтөлбөрийг дэвшүүлж, 2024 оноос "Эрүүл шүд" хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр 2023 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар  "Эрүүл шүд" арга хэмжээг танилцуулж, хөтөлбөрийг боловсруулах үүрэг даалгаврыг авсан. Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хамтарсан тушаалаар 2024-2027 оны "Эрүүл шүд" хөтөлбөрийн төлөвлөгөөг баталж, энэ оны эхний сараас үе шаттай хэрэгжиж байна гэв.

Төрийн өмчийн шүдний кабинет Улаанбаатарт 16, хувийн хэвшлийн 371 ажиллаж байгаа бол орон нутагт төрийн өмчийн 37, хувийн эмнэлэг 110 ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн.

Нэг тоо онцлоход, 2022-2023 онд орон нутгаас 27 шүдний эмнэлэг хотод шилжиж ирсэн байна. Эрүүл мэндийн даатгалаар нэг шүдийг 48 мянган төгрөгөөр эмчилдэг байсныг хотод 60 мянга, орон нутагт 90 мянган төгрөг болгон нэмжээ.

Ялангуя өсвөр насны хүүхдүүд амны хөндийн бактерийг бие биендээ халдаах магадлал өндөр байдаг. Амны хөндийд байгаа нян бактерууд цусаар дамжин, бусад дотор эрхтэн рүү тархах магадлал маш өндөр байдаг. Улмаар хүүхдийн амархан хоолой өвддөг болох, ханиад нь эдгэхгүй хатгаа болдог бол том хүмүүст архаг хууч өвчнийг сэдрээж, бөөр, зүрхний өвчний суурь болдог аж. Тиймээс амны хөндийн ариун цэврийг сайтар сахих нь  эрүүл явахын гол үндэс аж.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ БИЕИЙН ТАМИР, БИОЛОГИ, ФИЗИКИЙН БАГШ ЗААДАГ

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа:

-Ерөнхий боловсролын сургуульд 2018 оноос эхлэн эрүүл мэндийн хичээлийг бие даан оруулж эхэлсэн. Энэ хичээлийг 4-12 дугаар ангийн сурагчдад зургаан сэдвийн хүрээнд ордог. Тэр дунд хувийн эрүүл ахуй гэдэг агуулгын хүрээнд шүдээ хэрхэн зөв угаах вэ, шүдний гажгаас яаж сэргийлэх вэ гэдгийг заадаг. Харамсалтай нь энэ хичээлийг заах багш нарын асуудал тулгамдаад байна. Мэргэжлийн эрүүл мэндийн хичээл заадаг багш хангалтгүй байгаагаас биеийн тамир, физик, биологийн багш нар эрүүл мэндийн хичээл зааж байна.

Монгол Улсын багшийн их сургуульд эрүүл мэндийн хичээл заагч багш нар бэлддэг факультетийн хувьд 2015 он хүртэл дөрвөн жил тасарч, энэ хичээл заах багш нарыг бэлдээгүй.

Үүнийг Боловсрол шинжлэх ухааны яам хүлээсэн хэдий ч 2018 оноос хойш таван жилийн хугацаанд хяналт үнэлгээ хийх цаг  нь болсон. Эрүүл мэндийн хичээлийн багш нарын чанар, хүртээмжтэй байдал хангалтгүй байна. Мөн дөрөвдүгээр анги хүртэл эрүүл мэндийн хичээл орохгүй байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бага ангид хүн, байгаль орчин хичээлээр эрүүл мэндийн хичээлийг нөхөж ордог гэдэг тайлбарыг өгдөг. Бид энийг шинэчлэх шаардлагатай байгаа хэдий ч хичээл заах багш нь байхгүй байна.

 

https://news.mn/r/2709371/

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан