Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих Тэмбүүгийн халдвар их байна гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Ялангуяа ид залуу насныхан буюу бэлгийн амьдрал нь идэвхтэй залуус тэмбүүгийн халдвар авч, тээгч болж байна, халдвараа бүрэн эмчлүүлээгүйгээс болж хүндрүүлж байгаа тохиолдол их гэнэ.
Тэгвэл сүүлийн үед Тэмбүүгийн халдвар их байгаа тул улсын хэмжээнд уг халдвартай тэмцэхийн тулд "Улаан тариа 2" аяныг орон даяар эхлүүлэхээр болжээ гэсэн мэдээллийг цахим орчинд тараасан билээ. Харин энэ мэдээллийг учир мэдэх хүмүүс зарим эмч нар ковидоор мөнгө хийж бизнэс болгосон шиг одоо тэмбүүгээр мөнгө хийх гэсэн башир арга заль байна хэмээн шүүмжилсэн юм.
Яагаад гэвэл тэмбүүгийн халдвар их байна гэж яриад байгаа болохоос яг нарийвчилсан сүүлийн гурван жилийн халдварын судалгаа байгаа эсэх нь бас эргэлзээтэй гэсэн юм.
Тэгвэл улс даяар улаан тариаг эхлүүлэх болсон нь үнэн юмуу гэдгийг Эрүүл мэндийн яамнаас тодруулахад "Энэ бол худлаа мэдээлэл. Одоо улаан тариа ч гэж байхгүй юм шүү" гэсэн юм.
Өнгөрсөн онд 31 хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн. Түүнээс тав нь нас барж, 11 нь амьгүй төрсөн бол үлдснийг эмчилж чадсан гэдгийг ХӨСҮТ-ээс хэлж байна.
Тэмбүүгийн халдвар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 266 тохиолдлоор өссөн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 40.6 хувийг тэмбүү, 35.4 хувийг заг хүйтэн, 23.8 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ эзэлж байна. Түүнчлэн 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Архангайд 21.6, Баянхонгорт 13.1, Дорнодод 11.7, Говьсүмбэрт 11.7, Өвөрхангайд 10.4 хувийг эзэлж байна. Улаанбаатарт 13.2 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс 0.2-11.4 өндөр байна.