Эмчийн зөвлөгөө булангийн зочноор “SM” эмнэлгийн Гоо сайхны мэс заслын эмч Э.Нацагдоржтой ярилцлаа.
-Таньд өдрийн мэнл хүргэе. Өнөөдөр пластик мэс засал болон хөлний судасны өргөсөл өвчний тухай ярилцхаар бэлдсэн байна. Биеийн пластик мэс заслын тухайд хамгийн их хийгдэж байгаа нь хөхний мэс засал гэж харж байна
-Ерөнхийдөө тийм. Биеийн мэс засал дээр бол хамгийн их хийгдэж байгаа хагалгааны тухайд гэвэл одоогоор өөх соруулах, өөх шилжүүлэн суулгах мэс засал орж байна. Үүний дараагаар хөхний мэс засал орно.
-Хөхний мэс засалд хэлбэр засах, томруулах зэрэг мэс заслууд байна. Эдгээрт ашиглагдах хэдэн төрлийн имплант байна вэ?
-Хөхний имплант нь дотроо хоёр төрлөөр хийгдэж байна. Нэг нь бөөрөнхий буюу дугуй хэлбэртэй бол нөгөөх нь дусал хэлбэртэй байдаг. Мөн гелен бүтэцтэй силиконон материалтай байдаг.
-Имплант хийлгэснээр хүний биед гарч болох сөрөг нөлөө байдаг уу? Мөн хийлгэснээс хойш байлгах ёстой хугацаа гэж бий юу?
-Ер нь бол үйлдвэрээсээ гарч байгаа хугацааны тухайд 10 щ жил болоод солих зөвлөгөө өгдөг. Ямар нэгэн байдлаар сөрөх нөлөө бол байхгүй.
-Эсвэл тухайн хүнд харшлах тохиолдол байдаг уу?
-Имплантан материалаас харшилдаг хүн байж болно. Үнэхээр имплантан хөх хийлгэсний дараа харшил өгч байгаа бол имплантыг авахаас өөр аргагүй.
-Хөхний имплантыг хийлгэсний дараа биш хийлгэхээс өмнө харшил өгөх боломжтой юу зэргийг мэдэх арга байдаг уу? Жишээлбэл харшлын сорил тавих гэдэг ч юм уу?
-Үүнийг суулгаж байж л мэдэх боломжтой. Суулгаагүй тохиолдолд буюу хүний биед харилцан үйлчлэл өгөхгүй учраас мэдэх боломж ер нь байхгүй.
-Харшилж байгаа үгүйг нь ямар шинж тэмдгээр мэдэх вэ?
-Мэс заслын дараа халуу дүүгэх, үрэвсэл өгөх, шингэн гарах зэргээр мэдэж болдог.
-Энэхүү хагалгааны мэс заслын ажилбар нь хэрхэн хийгддэг вэ?
-Мэс засал нь дотроо хүрз гэж ярьдаг. Хөний доогуур зүсэлттэйгээр буюу хөхний нугалаасаар зүсэж имплантаа хийж болдог. Зарим тохиолдолд хөх сойх мэс засал хийгдэх үед байдаг. Энэ үед хөхний толгойгоор зүсэлт хийж хийх ба давхар зүсэлт хийсэн хэсгээрээ имплантаа хийж болдог.
-Зүсэлтийн тухайд хэр урттай зүсдэг вэ? Дараа нь эдгэрэлт хэр хугацаанд бүрэн гүйцэд эдгэрч, соривждог вэ?
-3-5 см-ийн зүсэл хийгдэнэ. Ямар хэмжээтэй имплант суулгахаас шалтгаалж том, жижиг зүсэлт хийгдэнэ. Жижиг зүсчихээд том имплант хийх гээд байж болохгүй. Ийм учраас сонгож байгаа имплантаасаа шалтгаалаад зүсэлтийн хэмжээ гарна гэсэн үг. Шархны тухайд аль болох сорив багатай үлдээхийн тулд косметик оёдол тавина. Хөхний мэс засал хийгдсэн гэх хэмжээний сорив үлдээхгүй тулд маш нямбай хийнэ. Эдгэрэлтийн хувьд 7-10 хоногт оёдолоо авхуулж болдог. Үүнийхээ дараа эдгэрэлтээ түргэсгэхийн тулд шарлаг зэрэг шаардлагатай зүйлүүддээ хангалттай явж байж үр дүн гарна. Тэгэхээр багадаа 1 сарын дараачаар бүрэн гүйцэд эдгэрнэ.
-Хөхний хагалгаа хийлгэсний дараах гам барилтын тухайд?
-Энэ нь мэдээж зүсэлттэй хийсэн учраас өвдөнө. Тэгэхээр хүнд юм өргөж болохгүй. Лаазалсан болон гаазтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн дотуур хувцас буюу хөхний даруулгыг нэг сарын турш хийлгэсэн имплантаа суулгахын тулд тасралтгүй зүүх хэрэгтэй. Эсвэл хөхний даруулганы оронд уян бинтээр ороож болно.
-Имплантаа 10 жилийн дараа авхуулахаар боллоо гэхэд дахин хийлгэх шаардлагатай байдаг уу, эсвэл хийлгэхгүй байсан ч болох уу?
-Ер нь тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь мэдлийн хэрэг. Шууд тэр дор нь имплантаа аваад солиод өгчихөж болно. Харин имплантаа аваад хийхгүй гэсэн тохиолдолд хөх унжих байдал бий болно. Энэ нь мэдээж 10 жил том имплант хийчихсэн байсан учраас тэр.
-10 жилийн дотор хэлбэрийг нь өөрчлүүлэх эсвэл томруулах жижигрүүлэх боломжтой юу?
-Хэлбэрийг нь өөрчлөх бараг л боломжгүй. Харин томруулах боломжтой. Энэ өөр имплантаар солих боломжтой гэсэн үг. Энэ нь дахиад шинээр хагалгаанд орохтой адилхан. Харин өмнө нь хийсэн имплантан дээрээ нэмж хийх эсвэл өөх нэмж хийх гэдэг ч юмуу. Тийм боломжгүй. Хэрэв тэгэж хийх юм бол өмнө нь хийсэн байсан имплантаа гэмтээх эрсдэлтэй.
-Хөхөнд өөх шилжүүлэн хийх, силикон хийхийн ялгаа юу байна вэ?
-Өөх шилжүүлж хийх их хэмжээгээр хийх боломжгүй байдаг. Учир нь өөх маань өөрөө цусан хангамж аван амьдрах ёстой. Их хэмжээний өөх хийчихсэн үед гадуурх нь цусан хангамжаараа амьдрарч байхад доторх хэсэг нь үлдчих бол дотроосоо үхжих цаашилбал үрэвсэж эхэлнэ. Тэгэхээр эрсдэл ихтэй. Хэрэв үрэвсчих юм бол дахин нээж үрэвсэлийг авах хэрэгтэй болно. Ингэхээр дахин нээхийн тулд том хэмжээний сорив үүснэ. Өөх нь өөрөө хүний биенээс авч байгаа зүйл учраас хүний биед шилжүүлэн суулгасан ч шимэгдэнэ. Шилжүүлсэн өөхний 80 хувь нь шимэгдээд 20 хувь нь үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр анх хийсэн шигээ том байхгүй шимэгдээд багасна гэсэн үг шүү. Имплант бол нэг хийсэн том тэр чигтээ том хэвээрээ байна.
Тухайн хүн хэр том хөхтэй болмоор байгаа гээд өөрийнх нь санаа бодол мөн биеийнх нь хэмжээг харна. Жижиг биетэй, жижигхэн цээжтэй хүнд том диаметртэй имплант хийж болохгүй. Эсвэл том цээжтэй хүн жижиг хөх хийж болохгүй. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр хөхний имплант хийлгэх гэж ирж буй үйлчлүүлэгчийн биеийн жин, өндөр, цээжний тойрог зэргийг харж байж мөн өөрийнх нь санаа бодлыг сонсож байж хагалгаа хийгдэнэ.
Антом хэлбэртэй хөхийг туранхай, нарийн цээжтэй загвар өмсөгч хүнд хийх нь илүү тохиромжтой байдаг.
-Хөхний имплантын тухайд хамгийн их болон хамгийн бага хэмжээтэй имплант гэхээр хэдий хэр хэмжээг хэлдэг юм болоо?
-Манай эмнэлгийн хувьд 310сс хэмжээ буюу 500 гр жинтэй имплант нь хамгийн ихдээ хийгдэж байна. Харин бага хэмжээтэй гэвэл 200-250сс хэмжээтэй орно.
-Төрөхийн том хөхтэй хүн өөрийн биеийн хэмжээндээ тааруулж багасгуулая гэвэл багасгах мэс ажилбар хийгддэг үү?
-Боломжтой. Өөрөө том хөхтэй учир гаднаас юм хийхгүй. Гэхдээ өөрийн эдээс нь авч байгаа учраас том сорив үлдчихгээд байдаг. Түүнээс биш багасгах боломжтой.
-Имплант хийлгэхийн эрсдэлтэй зүйл нь юу байдаг вэ? Жишээлбэл, судас дарснаас болох эрсдэл гэдэг ч юмуу.
-Мэдрэлийн эс дарагдах эрсдэл бол байхгүй. Имплантыг хөхний булчирхайны булчингын доогуур хийдэг. Тэгэхээр хагалгаа хийхээс өмнө хаагуур яаж хийхээ сайтар ярилцана. Мэдээ алдуулалтыг ерөнхий буюу бүтэн унтуулгатай хийлгэнэ. Тухайн үед бага зэргийн зовиуртай болно. Түүний дараачаас гайгүй байдаг. Хагалгаа хийгдсэний дараа 1-2 хоногт эмнэлэгт заавал хэвтэх шаардлагатай байдаг. Учир нь бүтэн унтуулагатай орчихсон гэдэг утгаараа заавал хэвтэх хэрэгтэй. Мөн хөхний мэс засал учраас давхраа хийлгэж байгаатай адилхан хийлгээд л гарчихна гэсэн үг биш.
-Хөх хийлгэсний дараа жирэмслээд хүүхэд хөхүүлэхэд хүүхдэд ямар нэгэн эрсдэл байдаг уу?
-Сүүний булчирхайг гэмтээхгүйгээр ард нь эсвэл булчингын урд хийчихдэг учраас ямар нэгэн эрсдэл байхгүй. Мөн булчирхайг гэмтээхгүй. Тэрэн дээр санаа зоволтгүй.
-Ээжүүдэд тохиолддог нэг асуудал нь олон нийтийн хэлдгээр горьдох гэдэг. Энэ нь даамжраад хавдах ч юмуу хүндрэлтэй байдаг шүү дээ. Үүнд имплант нөлөөлж болох уу?
-Үүнд бол имплант ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Нөлөөлөх ямар ч шалтгаан байхгүй. Мөн ээжийн хөх горьдсоноос үүдэх хөхний хэмжээ алдагдахад имплант дагаад өөрчлөгдөх гэсэн зүйл байхгүй. Яагаад гэхээр имплант нь өөрөө силиконон уян халимхай чанартай зүйл учраас.
- Насны тухайл имплантыг хийхэд тохиромжтой нас гэж бий юу?
-Яг насны тухайд тэдээс тэд гэсэн зүйл байхгүй. Мэдээж насанд хүрсэн байх шаардлгатай. Ихэвчлэн 21-ээс дээш насныхан ихэнхи нь хийлгэж байна. Мөн нас ахимаг болчихсон хийлгэхээс өөр аргагүйд хүрсэн буюу нэг хөхөө авхуулчихсан гэдэг ч юмуу тийм шаардлагатай үед ахимаг насныхан ч хийлгэхийг үгүйсгэхгүй.
-Хориглох заалт гэж бий юу?
-Энэ нь тухайн хүний хагалгаанд орох боломжгүй гэсэн үеүүдэд л хийхгүй. Үүнд жирэмсэн байх хугацаа, хөхний монограф буюу хорт хавдар гэх зүйл тодорхойлогдсон үе зэрэг иймэрхүү асуудлууд байх юм бол энэ хагалгаанд орохгүй. Мөн ямар нэгэн эрхтэний дутагдалтай үед энэ хагалгааг зөвлөхгүй. Учир нь хагалгааны үйл явцыг дийлэхгүй байх эрсдэлтэй.
-Хийлгэсний дараагаас харахад болон барихад шууд мэдэгддэг үү?
- Харахад бага зэргийн мэдэгдэнэ. Харин 2-3 сарын дараачаас харахад ч барихад ч мэдэгдэхгүй болно.
-Тэгвэл эрчүүд хөхний имплантыг булчиндаа хийлгэх боломжтой байдаг уу?
-Боломжтой. Хийлгэж байсан тохиолдол ч бас бий.
-Мөн таньтай ярилцсанынх хөлийн судасны өргөсөл өвчний тухай ярихгүй өнгөрч болохгүй байх. Энэ нь ямар шалтгаанаар үүсдэг өвчин юм бэ?
-Хөлийн судасны өргөсөл буюу бүдүүрэл нь ихэвчлэн эмэгтэй хүмүүст түлхүү тохиолдож байгаа эмгэг юм. Үүгээрээ дан ганц эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин гэж хэлэхгүй, эрчүүдийнх ч мөн адил өвчилж болно. Гэхдээ дийлэнх тохиолдолд нь эмэгтэйчүүд өвчилж байгаа учраас тэр юм. Нийт хүн амийн 20 хувьд энэ өвчлөл үүсэж байгаагаас харахад эмэгтэйчүүд жирэмслэсний дараагаас энэ өвчлөлөөр өвдөг байна. Мөн удамшлаас үүдэлтэй байж болно.
Венийн судас нь дотроо хавхлагуудын бүтэцтэй. Энэ хавхлагууд нь цусыг нэгэн чигт шахаад хаагдах зарчмаар явагддаг. Харин энэ хавхлаг нь ажиллахаа больчих үед дээш шахаж байгаа цус нь хангалттай хэмжээгээр дээшилж чадахгүй болсон тохиолдолд венийн судас нь өргөсөж улам тараад явахыг хэлээд байгаа юм.
- Шинж тэмдэг нь ямар байх билээ?
- Шууд харахад бүдүүрчихсэн байдаг. Үүнийгээ хүмүүс өвдөхгүй л байвал асуудалгүй гээд тоохгүй явдаг. Мөн харагдахгүй байдлаар бүдүүрч болдог. Энэ үед эхогоор харахад хавхлаг нь ажиллахаа больчихсон байдаг ч юм уу. Бас харагдах байдлаар мэдэгдэхгүй ч шууд өвчин орох байдлаар илэрч болно. Хөлөөр чинэрч өвдөх, оршиж өвдөх, халуу дүүгэх, удаан явж чадахгүй чилж өвдөг зэргээр илэрч болно.
Эмчилгээний тухайд эхний удаадаа судасны оймс гэдэг зүйлийг өмсөх хэрэгтэй. Тухайн оймс нь дотроо урьдчилан сэргийлэх, 1 болон 2-р зэргийнх гээд ангилалтай байдаг. Ангилалаа тодорхойлхын хувьд эмчид хандах хэрэгтэй.
Өвдөөгүй ч гэсэн урьдчилан сэргийлэх замаар босоо ажил хийдэг хүмүүс өмсөж болно. Тэгэхээр энэ өвчин үүсгэгдэхгүй гэсэн үг юм. Нэгэнт үүсчихсэн үед оймсоо өмсөнө. Дараа нь эм ууна. Тухайн эм нь хавхлагуудын дэмжиж, нөхөхгүй. Өргөссөн судасыг суллаж нарийсгаж өгнө. Мөн эмчид үзүүлж шаардлагатай бол мэс засал ч хийлгэх боломжтой. Зарим тохиолдолд харахдах байдал нь өргөсчихсөн гэхдээ хүнд шатандаа ороогүй байвал хатаах тариа хийлгээд зүгээр болох боломжтой.
-Тэгэхээр судас нь өргөсчихсөн нь эмчилгээ хийлгээд өмнөх шигээ хэвийн шигээ харагдаж болно гэсэн үг үү?
- Тийм. Энэ төрлийн өвчлөлд хийх 4 төрлийн мэс засал хийгддэг. Нээлттэй мэс засал өргөссөн судасыг дээр нь болон доор нь боож тухайн судасыг устгаж байгаа гэсэн үг юм. Тэгэхгүй бол цусны урсгал эхлэх үед дахиад л өргөсөх гээд байдаг. Өндөр долгионоор түлэх мэс засал нь харьцангуй зовиур багатай. Жижиг зүсэлт хийж судсан дотор хийгддэг мэс засал юм. Лазер нь ч мөн адил цусан дотор түлнэ. Цавуу эмчилгээ нь наалдан пад шиг судасыг дотроос нь цавуудаад наана гэсэн үг юм.
Тэгэхээр аль хагалгааг хийлгэх боломжтой байна гэдгийг үйлчлүүлэгч өөрөө сонгоно. Мөн эмчтэйгээ хоорондоо зөвлөлдөнө. Дээрх 4 хагалгааг хийлгэхэд тохиромтой судас гэж бас бий. Хатаах тариаг хагалгааны дараа хийвэл зүгээр байдаг. Зайлшгүй тохиолдолд буюу салаа судас өргөсөөд байвал хийж болно. Түүнээс бол өнгөж бүдүүрэл дээр шууд хийгээд ор мөргүй алга болно гэж байхгүй.
-Хагалгаа хийлгэсний дараа дахин судас өргөсөх явдал байдаг уу?
- Дахин өргөсөх боломжтой. Тухайн хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөөгүй бол дахих магадлалтай. Тийм тохиолдолд хатаах тариаг хийх боломжтой байвал хийж болдог. Үнэхээр боломжгүй бол хийх шаардлагагүй. Тэгэхээр дахин өргөсүүлэхгүйн тулд урьдчилан сэргийлэх оймсыг өмсөөд явах нь зүгээр.
-Энэ өвчлөл нь зөвхөн хөлөнд биш биеийн бусад хэсгүүдээр өргөсөж болдог уу?
-Болно. Гэхдээ судасны өргөсөл өвчлөлийн 80 гаруй хувь нь зөвхөн хөлөнд үүсэж байдаг учраас хөл гээд байгаа байх л даа.
-Түрүүн таны хэлсэнчлэн харагдах байдлаар ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд яаж мэдэх вэ?
-Эход харуулах хэрэгтэй. Тэгэж байж ямар шатандаа ямар эмчилгээ хийлгэх үү. цаашилбал ямар хагалгаа хийлгэх үү зэргийг тодорхойлно. Ер нь ямарваа нэгэн өвчнийг бага дээр нь оношлуулаад эмчлүүлчихвэл тухайн хүнд л амар байдагтай адил судас өргөсөх өвчлөл ч мөн адил.