Таргалалт нь зөвхөн гоо сайхан, харагдах байдлын асуудал биш чихрийн шижин, цусны даралт ихсэлт, судасны хатуурал зэрэг бодисын солилцооны өвчин болон үе мөчний үрэвсэл, судас бүдүүрэл зэрэг маш олон өвчний суурь өвчин болдог. Солонгост ямар нэгэн дэглэмээр турж чадахгүй байгаа хүмүүс эмчийн заавраар эм ууж турах боломжтой байдаг байна. 3-6 сарын турш хоолны дэглэм барьж дасгал хийгээд үр дүнгүй байгаа бол эмчийн зааврын дагуу өөртөө зохих эмээ авч ууж болдог ажээ.
Солонгос эмнэлгүүд нь 4 төрлийн тураах зориулалттай эм хэрэглэдэг.
Үүнд: Хоолны дуршил бууруулах, цадах мэдрэмж төрүүлэх, өөх тосны шингэлтийг хязгаарлах, GLP-1 аналог зэрэг эмүүд ордог байна. Үүнээс гадна ходоод гэдэсний эм, өтгөн хаталтын эм зэргийг ашигладаг аж.
Хоолны дуршил бууруулах эм нь өлссөн мэдрэмжийг бууруулж хоол хүнсний хэрэглээг багасгах үйлчилгээтэй. Мэдрэлд нөлөөлдөг учир жолоо барих зэрэг үйлдэл хийж болохгүй бөгөөд эм уух хугацаа, тунг заавал эмчийн зааврын дагуу хэрэглэдэг.
Цадах мэдрэмж төрүүлэх эм нь ходоод их хэмжээний ус шингээж томорсноор хурдан цадах мэдрэмж төрүүлж мөн өтгөн хаталтаас сэргийлдэг.
Өөх тосны шингэлтийг хязгаарлах эм нь өөх тос ихтэй, шарж хуурсан хоол иддэг хүнд хэрэглэдэг бөгөөд өөх тосыг шингээхгүй шууд өтгөнөөр гаргах үйлчилгээтэй. Хэтрүүлж хэрэглэснээр бөөлжих, унгах, өтгөн алдах зэрэг нөлөөтэй аж. Xenical, Oilet зэрэг эмүүд байдаг.
GLP-1 аналогийг анх сахарыг эмчлэх зорилготой байсан ч тураах үйлчилгээтэй нь батлагдан тураах зорилгоор хэрэглэж эхэлсэн. Энэ нь хүний хоолны дуршлыг бууруулдаг даавар болох GLP-1-ын аналог(ижилхэн) бодис юм.
Саксэнда тариагаар гарсан бөгөөд тураах үйлчилгээнээс гадна даралт, сахар, холестерины хэмжээг хэвийн байлгахад тусална. Тус эмчилгээг биеийн жингийн индекс(BMI) 30-аас дээш гарсан хүмүүст хэрэглэх бөгөөд биеийн жингийн индекс 27-оос дээш, таргалалтын улмаас чихрийн шижин, даралт ихсэлт зэрэг өвчин үүссэн бол мөн адил эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Гэвч 75-аас дээш насныхан, бөөр, элэг, бамбай булчирхайн өвчинтэй бол хэрэглэж болохгүй. Үүнээс гадна эмчтэйгээ зөвлөлдөж өөр хэрэгтэй нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг байна. Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах эм, өтгөн хаталтын эм, ашигт бактери, нэмэлт витамин зэргийг эмчийн заавраар хамт хэрэглэнэ.